Сүхбаатар аймгийн Наран сумын нутагт төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбарын дурсгалд зориулсан цогцолбор баригдах тухай найрагчийн төрсөн дүү, Наран сумын Засаг дарга О.Балжиннямтай ярилцлаа.
-Төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбарын дурсгалд зориулсан цогцолбор түүний төрсөн нутаг Наран суманд босно гэсэн. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-Ирэх сарын 7-ны өдөр Төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбарын дурсгалд зориулж түүний төрсөн нутаг болох Сүхбаатар аймгийн Наран суманд босгох гэж байгаа. “Дашбалбар судлал төв” гээд төрийн бус байгууллага бий. Би өөрөө тэргүүн нь юм л даа. Тэгээд л ахынхаа дурсгалыг төрсөн нутагт нь байгуулъя гэж бодсон юм.
-Анх яруу найрагчийн дурсгалд зориулсан цогцолбор барих санааг хэн гаргасан бэ?
-Үүнийг би санаачилсан. Учир нь гадаад дотоодоос, мөн өөр аймаг сумаас ирсэн хүмүүс найрагчийн төрсөн нутаг гээд зориод ирдэг. Тэгэхээр нэг дурсгалын баганаас өөр зүйл байдаггүй болохоор ирсэн хүмүүс сэтгэл дундуур явдаг байсан. Тэр хүн зүгээр нэг найрагч байгаагүй, соён гэгээрүүлэгч, Монголын цуутай хүмүүсийн нэг байсан учраас дээр хэлсэн “Дашбалбар судлал төв” ТББ-ынхаа хүрээнд ахынхаа цогцолбор дурсгалыг төрсөн нутагт нь босгох хэрэгтэй юм байна гэж бодсон. Тэгээд Наран сумынхаа иргэдтэй уулзаж халуун дотно яриа өрнүүлж нутгийн яруу найрагчийн цогцолбор барих гэж байгааг хэлэхэд тэд маш сайхнаар хүлээн авсан. Тэгээд нутгийн ард иргэд боломж бололцоогоороо малаа хүртэл хөтлөөд бидний хийж байгаа үйлсэд хандивлахаар ирсэн дээ.
-Та төрсөн дүү нь гэсэн. Энэ арга хэмжээнд найрагчийн хүүхдүүд оролцож байгаа юу?
-Мэдээж хэрэг хүүхдүүд нь оролцолгүй яахав. Бид ах дүүсээрээ нийлээд энэ үйл ажиллагаанд хамтдаа зүтгэж байгаа даа.
-Цогцолборт төрийн соёрхолт найрагчийн юуг илүү тусгаж харуулсан бэ?
-Ер нь манай ахын “Амьддаа бие биеэ хайрла хүмүүс ээ”, “Үр хүүхэддээ хэлэх шүлэг” гэсэн хоёр шүлэг бол тэр хүний амьдралдаа баримталдаг зарчим байсан. Ах маань эх орон ард түмнээ бүхэлд нь хайрладаг хайраар бялхаж цалгисан ийм хүн байсан! Энэ нь “Амьддаа бие биеэ хайрла” шүлгээр нь илэрхийлэгдсэн. Хүмүүс “Тэнгэр шиг бай” гэдэг шүлгийг нь их ярьдаг л даа. Тэр шүлгийн хувьд хүмүүс чамд муу зүйл хийсэн ч чи хариуд нь үргэлж сайхныг бүтээ гэсэн утгатай. Энэ нь тэр хүний болоод манай гэр бүлийн баримталдаг зарчим. Үүнийг нийтэд түгээж дэлгэрүүлэх, хүн болгон мөрдөж байх цаг үе нь ирсэн учраас илүү тусгаж харуулсан. Ийм учраас “Амьддаа бие биеэ хайрла”, “Үр хүүхдэдээ хэлэх шүлэг” зэрэг бүтээлүүдийг нь чулуун дээр сийлж мөн чонын хөшөө босгох гэж байгаа. Түүнчлэн Наранбулаг бол өөрийнх нь төрсөн нутаг. Ах минь Наранбулагийн усаар угаалгаж өссөн, тийм болохоор “Наранбулаг” шүлгийг нь төрсөн нутагт нь үлдээхээр сийлүүлж байгаа.
-Цогцолборт чонын дүрс бүхий хөшөө бий гэсэн. Ямар учиртай юм бэ?
-Уг нь би ахынхаа дүртэй хөшөө босгоё гэж бодсон юм. Нэг шөнө ах зүүдэнд орж ирээд “Миний дүртэй хөшөө босгоод хэрэггүй. Хэрвээ хөшөө босгомоор байвал сайхан чонын хөшөө хий” гэж хэлсэн. Тэгээд ахынхаа “Би талын хөх чоно” гэдэг шүлгэнд нь зориулж чонын хөшөө босгох гэж байгаа.
-Энэ цогцолборт өөр юу юу багтсан байгаа вэ?
-Хоёр жилийн өмнөөс цогцолбор барих цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж эхэлсэн. Тэр маань ч сайхан ургасан байна лээ. Мөн наймдугаар сарын 7-ны өдөр болох нээлтийн үер бэсрэг наадам хийнэ.
-Зохиолчийн өв соёлыг хэрхэн хамгаалдаг вэ?
-2007 онд Сүхбаатар аймгийн төвд гэр музейг нь гэр бүл, үр хүүхдүүд нь байгуулсан. Энд ахтай холбоотой эдэлж хэрэглэж байсан хувцас, ном зохиолынх нь гар бичмэл зэрэг зүйлс нь тавигдсан байгаа.