Сүхбаатар аймгийн Статистикийн хэлтсээс аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн оны эхний гурван улирлын дүн мэдээг 15 бүлэг, 47 хүснэгт, диаграмм бүхий 42 нүүрээр товхимол болгон бэлтгэж 50 хувь олшруулан захиалгын дагуу хэрэглэгчиддээ хүргэсэн байна. Сүхбаатар аймгийн хөгжлийг статистикаас сонирхуулахад, аймгийн төсвийн орлогод 5,8 тэрбум төгрөг орж төлөвлөгөө 11,2 хувиар давж биелэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2,7 тэрбум төгрөгөөр дээгүүр гүйцэтгэлтэй байна. Харин сумдын төсвийн орлогын төлөвлөгөө 5,0 хувиар тасарсаны дотор Баруун-Урт, Дарьганга, Мөнххаан сум орлогоо биелүүлсэнгүй.
Мөн ХААН , Хадгаламж, Хас банкнаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 17,6 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны жилийн эцсээс 4,6 тэрбум төгрөгөөр өссөн байна. Банкуудад хадгалуулсан иргэдийн хадгаламжийн хэмжээ 10,4 тэрбум төгрөг болж, мөн үеийнхээс 3,0 тэрбумаар өссөний дотор бүх сумдад энэ үзүүлэлт нэмэгджээ.
2010-2011 оны хичээлийн жилд нийт ерөнхий боловсролын 15 сургуульд 519 үндсэн багш ажиллаж, 367 бүлэгт 10.4 мянган хүүхэд суралцаж байгаагаас нэгдүгээр ангид нэг мянга, арваннэгдүгээр ангид таван зуун хүүхэд байна. Аймгийн хэмжээнд нэг багшид дундажаар 20 хүүхэд ноогдож, 1.2 мянган хүүхэд дотуур байранд сууж байна.
Оны эхний гурван улиралд аймгийн хэмжээгээр 855 эх амаржиж, найман ихэр хүүхэд төржээ. Нэг хүртэлх насандаа 20 хүүхэд эндсэн нь урьд оны мөн үеэс есөөр олон байна. Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо урьд оны мөн үеэс буурчээ.
Аймгийн Цагдаагийн хэлтэст 120 гэмт хэрэг бүртгэгдсэн нь урьд оны мөн үеэс буурч, гэмт хэргийн улмаас 29 хүн нас барж, 24 хүн гэмтэж, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд 98,2 сая төгрөгийн хохирол учирсны ерээд хувийг нөхөн төлүүлсэн байна. Сүхбаатарынхан энэ намар 400 орчим тонн төмс, хүнсний ногоо, 10 гаруй тонн тэжээлийн ургамал хурааж авсан нь өнгөрсөн оныхоос доогуур үзүүлэлттэй байна. Арван мянга орчим тонн хадлан, 500 тонн гар тэжээл бэлтгэжээ.
Д.Улаанаа