Клиникийн нэгдсэн II эмнэлэгийн эмч нар суулт зарлалаа
–
Эрүүл мэндийн салбарын “Эрүүл мэндийн тухай” хуулийг эмч, эмнэлгийн ажилтнуудын “Ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө ажиллах нөхцлийг боомилсон, дарангуйллын хууль” боллоо гэж эсэргүүцэн хуулинд хориг тавих хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүргүүлээд байгаа хэдий ч тэрээр ОХУ-д ажлаар явж байгаа учир тодорхой хариу ирүүлээгүй байна.
“Эрүүл мэндийн тухай” шинэ хууль нь эрүүл мэндийн салбарт шинэчлэл өөрчлөлт авчрахгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сайжрахгүй “түүхий хууль” болсон гэж тэд үзэн өргөн барьж батлуулсан хуулиа эргэн харж, засаж залруулах боломж байгаа гэдэгт найдаж, мэргэжил нэгт нөхдөө хохироохгүй гэдэгт итгэн НББСШУ-ны байнгын хорооны дарга, УИХ-ын Эмч гишүүн, эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Д.Очирбат-д МЭДЭГДЭЛ хүргүүлж, энэ сарын 2-ны дотор хариу ирүүлээгүй тохиолдолд үргэлжлүүлэн тэмцэхээ мэдэгдсэн билээ.
Эрүүл мэндийн байгуулагын ажилчдын мэдээлж буйгаар “Бидний мэдэгдлийг сайд, дарга нар үл тоож, хариу өгч, хэлэлцээрт орохоос зайлсхйиж, айсандаа контортоо сууж, түүхий хуулиа болсон хууль болсон гэж телевизийн захиалгат ярилцлагад орж, түүнийг давтан цацуулж, мөнгөтэй гэдгээ харуулж, эмч нарынхаа эсрэг хариуцлагыг чангатгах нь зөв гэж ярин сүүлдээ нэг ч эмнэлгээр явж хэлэлцүүлээгүй, эмч ажилчидтайгаа уулздаггүй эрүүл мэндийн яамныхан ажил нь багадаад эмнэлгүүдэд байгаа ҮЭ-ийн гишүүдийн тооллого хийж, хууль эсэргүүцэж байгаа хэдхэн хүн байна гэхчлэн эмнэлгийн дарга, эмч, ажилчдыг дарамталж эхэллээ. ҮЭ-ийн цөөхөн хүн дэмжиж байгаа болгон харагдуулахын тулд хийж байгаа башир арга нь хүлээцтэй байсан эмч, эмнэлгийн ажилтнуудын уур бухимдлыг улам бадраалаа.
Суулт хийхэд бэлэн гэдгээ нэлээд хэдэн эмнэлгүүд ирүүлээд байгаа ч Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-аас ирэхийг хүлээх бодлого барьж, суултыг 1 өдрөөр хойшлуулж, хуулийн ХУУДУУТАЙ заалтыг залруулж, шинэ хуулийн “Эрүүл мэндийн салбарыг шинэчлэх чадвартай хууль” болгон сайжруулах мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсгийг өчигдөр байгуулжээ. Энэхүү ажлын хэсэг нь хуулийн зөрчилдөөд байгаа заалтуудыг хэрхэн засаж сайжруулах, залруулах талаар саналын томъёолол боловсруулж, улс даяар эмч эмнэлгийн ажилтнуудаар хэлэлцүүлэн өргөн барих юм” гэлээ.
Мөн өнөөдөр Орхон, Ховд, Баян-Өлгий, Дорнод, Баян-Өлгий, Өвөрхангай аймгуудын Бүсийн оношлогоо эмчилгээний төв, нэгдсэн эмнэлэг, сумдын эмнэлгийн эмч, ажилтнууд хэвлэлийн бага хурал хийж, хамтын тэмцэлд нэгдсэнээ илэрхийлж байгаа ажээ.
Хамгийн анхны суултыг сайд дарга нар болон тэдний ар гэрийнхэнд цаг наргүй үйлчилж байдаг сайд нарын эмнэлэг буюу Клиникийн нэгдсэн 2-р эмнэлгийн эмч, ажилчдын 30 минут хийсэн суултанд эв санааны нэгдлээ илэрхийлэн Баянзүрх эрүүл мэндийн нэгдэл, Цэргийн төв эмнэлэг, Улсын клиникийн төв эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Хавдар судлалын үндэсний төвийн болон Дорноговь, Дундговь аймгуудын эмч, ажилчдын төлөөлөл оролцлоо. Эдгээр эмнэлгүүд ч суулт хийхэд бэлэн байгаа ажээ. Энэхүү суултыг эмнэлгийн ажилчид эмнэлгийн тусламж үйлчилгээгээ тасалдуулахгүйгээр, урьд шөнө хонож ажилласан болон орой ээлжинд гарах хүмүүсээ хамруулж, ажлаа хийж байгаа эмч нар ажлын байран дээрээ суултыг дэмжин оролцон, эмнэлгийн тусламж үйлчилгээг хэвийн явуулах бодлогыг барьж, МУ-ын Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүдэд өөрдсдийн дуу хоолойгоо хүргэхийг зорьжээ.
Иймд нэгэнт түүхий хууль гэдгийг салбарын ажилтнууд хэлж эсэргүүцээд байхад НББСШУ-ны байнгын хорооны дарга, УИХ-ын Эмч гишүүн, эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Д.Очирбат, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар нар эмч, эмнэлгийн ажилтнуудаар хэлэлцүүлээгүй нууцаар өргөн барьсан хуулиа засаж сайжруулахын тулд ҮЭ-ийн байгууллагатай хэлэлцээрт орж, харилцан ойлголцох тийм хэцүү байгаа юм байх даа.
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг гаргаж, хуулиа засаж сайжруулахын төлөө, хэлэлцээрт ороход бэлэн байгаагаа илэрхийллээ. Харин энэ байдлаараа мугуйдлаж, эрүүл мэндийн салбарын ажилтнуудтай уулзаж, саналыг сонсохгүй, хэлэлцээрт орохоос зайлсхийсэн зурагт телевизээр өөрсдийгөө зөвтгөсөн төлбөртэй нэвтрүүлгүүд цацсаар байсан тохиолдолд хамтын маргаан үүсгэж, хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу жагсаал цуглаан, суулт, сануулах ажил хаялт зэрэг тэмцлийн хэлбэрийг шат дараалан авахаар болжээ. Дараагийн эмнэлгүүд ирэх долоо хоногт үргэлжлүүлэн суулт хийхээр мэдэгдээд байгаа юм байна.
Клиникийн нэгдсэн II эмнэлэгийн эмч нар 12:00 – 13:00 цагийн хооронд сул зогсолт хийж эсэргүүцэл илэрхийлэв. Салбарын шинэ хуулийн чухам ямар заалтуудыг эсэргүүцэж байгаа талаар тус эмнэлэгийн Үйлдвэрчний хорооны дарга, нөхөн сэргээх эмч Б.Энхсайханаас тодруулахад “Эрүүл мэндийн тухай хуулийг батлахад мэргэжлийн байгууллагуудад огт хэлэлцүүлээгүй. Тиймээс энэ хуулийг мэргэжлийн бус хүмүүс хийсэн болохоор учир дутагдалтай зүйл олон байна.
Тухайлбал, 44.1.1 –ээс 44.1.4 –р заалтуудад “Эмнэлэгийн стандартыг дагаж мөрдөөгүй бол торгууль ногдуулна” гэсэн байсан. Тэгхээр эмч, ажилтнуудын хувьд зөвхөн л эмнэлэгийн стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулах шаардлагатай болж байгаа юм. Өөрөөр хэлбэл эмч тухайн өвчтөний биеийг сайжруулахын тулд өөрөө санаачлагаараа шинэ эмчилгээ хийх ямар ч боломжгүй болж байгаа юм. Тэгээд өвчтөний биеийг нь сайжруулсан ч өөрөө торгууль хүлээхээр болж байгаа хэрэг. Эмнэлэг тус бүр өөрийн стандартыг гаргадаг. Гэтэл олон жил өөрийн стандартыг солиогүй эмнэлэг бол шинээр гарч байгаа эмчилгээ зэргийг огт хэрэглэх боломжгүй болж байна гэсэн үг. Энэ мэт мэргэжлийн хүмүүст халтай заалтууд маш их байна” гэж ярьж байлаа.
Ч.Болортуяа