ЦӨМИЙН АСУУДЛААР “ХАРАНХУЙ” ГЭЖ ХЭЛЖ БОЛОХООР МОНГОЛД АМЕРИК,ЯПОН ЦӨМИЙН ХАЯГДЛЫН ЭЦСИЙН УСТГАЛ ХИЙХ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЖ БАРИХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙДАГ.\ 2011 он\
Айкава Харүюүки\ Японы сэтгүүлч, цөмийн асуудал АЦСын талаар дагнаж бичдэг
Айкава Харүюүки- Японы сэтгүүлч, цөмийн асуудал АЦСын талаар дагнаж бичдэг энэ хүнийг монголчууд мартаагүй байх аа. Мартаж болохгүй нэр. Энэ хүн монголын тухай тэр дундаа ашигласан цөмийн түлшийг буурай оронд, засаглал нь хямарч алдаажсан энэ улсад байршуулж санаагаа амрах гэсэн үндэстэн дамнасан гэмт үйлдлийн талаар анхлан зоригтой дуугарсан хүн. Өөрөөр хэлбэл мэргэжлийн сэтгүүлч хүнийхээ үүргийг гүйцэтгэсэн хүн. Асуудал босгоод давж гарсан сэтгүүлч. Харин Японы засгийн газар тэр дундаа Япон улсын Гадаад хэргийн яам энэ асуудалд маш буурьтай хандсаныг тэмдэглэх хэрэгтэй.
Миний бие Бохан Үэдагийн 2011 оны шагналыг Айкавад гардуулах үеэр болсон түүний бичсэн энэ өгүүллийг орчуулж хэвлэлд нийтлүүлж байсан юм. Үүнийгээ дахин нийтэлье.
Япон хэлнээс орчуулагч О.Жаргалсайхан
Олон улсын хэвлэл мэдээллийн салбарт онцгой амжилт гаргасан сэтгүүлчид олгодог “ Бохан, Үэдагийн нэрэмжит олон улсын сэтгүүл зүйн шагнал”-ын 2011 оны эзнээр “Майничи” сонины Лондон дахь тусгай сурвалжлагч Айкава Харүюүки сонгогджээ. Өнгөрсөн оны 3-р сарын 11-ний “Токио электрик” компаны Фүкүшима-1 АЦС-ын цөмийн ослын дараа дэлхий даяар АЦС-ын талаар шуугих болсны дотор Япон-АНУ цөмийн хог хаягдлыг булшлах олон улсын байгууламжийг Монголд байгуулахаар төлөвлөж гэрээ хэлэлцээр хийхээр нууцаар ажиллаж байсныг мэдээлсэн юм. Цөмийн эрчим хүч, АЦС-ыг дагалдсан “шүдний өвчин” болох цөмийн хог хаягдлын асуудлыг хөндсөөр ирсэн Айкавагийн өгүүллийг бүрэн эхээр нь япон хэлнээс орчуулж Та бүхэнд хүргэж байна. АЦС Монголд хэрэгтэй юү, хэрэгтэй бол ашигласан цөмийн түлшнийхээ аюулгүйн менежментийг зуун мянга гаруй жил бид өндөр төвшинд хийж чадах уу, цөмийн өндөр технологи байхгүй биднээс технологио нийлүүлсэн их гүрнүүд юу шаардах вэ, АЦС-тай болох гэсэн манай жижигхэн хүсэл дэлхийд хуримтлагдаад хаана хийхээ мэдэхээ байсан чөтгөрийн галыг өөр дээрээ овоолох шалтаг болвол яах вэ, хэлэх хийх хоёр нь тэс өөр өнөөгийн улс төрчдөд бид итгэж болох уу, ард түмэн хожих уу, авилгач улс төрчид хожих уу гэх мэт олон асуултад хариулах гээд оролдоорой.
Айкава Харүюүки\ Японы сэтгүүлч, цөмийн асуудал АЦСын талаар дагнаж бичдэг\
Гамшигт нэрвэгдсэн нутгаа санахын сацуу мэдээлэл
олохоор сэтгэл шулуудав.
“Юу ч мэдэхгүй яваа монголчуудад та туслаач. Монгол япончуудтай ойр байдаг тул танай хэвлэл мэдээллийн хэрэгслийн нөлөө байх л ёстой доо”
Америкийн цөмийн мэргэжилтний хэлсэн үг
Япон- Америкийн оролцоотойгоор Монголд ашигласан цөмийн түлшний агуулах, эцэслэн устгах байгууламж барих төлөвлөгөө 2010 оны намраас Японы ЭЗАҮЯ, АНУ-ын ЭХЯ зэрэг байгууллагууд нууцаар гэрээ хэлэлцээр хийж ирсэнийг өнгөрсөн оны буюу 2011 оны 4-р сарын 9-ний өдөр америкийн мэргэжилтнүүдтэй утсаар холбогдож ярилцлага авч байхдаа анх мэдсэн билээ.
Үүнээс 1 сарын өмнөхөн зүүн Японыг хамарсан их газар хөдлөлт болж чухам л байж суухын аргагүй өдрүүд үргэлжилсээр байсан юм. Миний бие 1987 онд Иватэ мужийн салбарт ажлынхаа анхны гарааг эхэлж байсан билээ. Гамшигт өртсөн зүүн хойт нутгийн талаар бодох тусам би ямар тус нэмэр болж чадах вэ гэж өөрөө өөрөөсөө асууж алс холын Лондонд суугаа ч сэтгэл минь тэр зүг байсан билээ.
Яг тийм үед гамшигт нэрвэгдсэн хүмүүст туслах ажил өрнүүлж байсан ахлах сургуулийн найз маань надад “ дархан хүн урландаа” гэж үг байдаг даа гэж зөвлөсөн юм. Санаа сэтгэл маань шулуудлаа. Ахлах сургуульд байхаасаа сонирхож миний хамгийн сайн бичдэг салбар, сэдэв яах аргагүй цөмийн асуудал, тиймээс ул суурьтай бичихээс өөр аргагүй. Цөмийн эрчим хүч үйлдвэрлэгчид, ОУЦЭХА зэрэг олон жилийн турш хамтран ажилласан байгууллага, хувь хүмүүс рүүгээ улайстал утас цохиж ярилцлаа. Түүний нэг нь дээрх санааг хэлсэн америкийн цөмийн мэргэжилтэн юм.
Амандаа орсон “ шар тос”-ыг хэлээр түлхэхгүй нь бололтой.
4-р сарын 22-ны өдөр, Монголын нийслэл Улаанбаатарт буулаа. Нэгэн кафегийн тусгай өрөөнд уулзсан хүн бол Монголын ГХЯ-ны тусгай үүрэгт элчин сайд асан А.Ундраа байлаа.
Ярилцлага маань гүнзгийрээд ирэхийн алдад тохиролцсон ёсоор монгол орчуулагчийг өрөөнөөс гарахыг хүссэн юм. Би ч дуу хураагуураа унтраав. Англи хэлээр ярилцаж эхлэнгүүт А. Ундраа ч биеэ барилгүй, байдал янз нь өөрчлөгдөөд эхэллээ. Хэлэлцээний үүх түүх, зорилго, цөмийн хог хаягдлыг устгах байгууламжийг барихаар төлөвлөж буй газрыг хүртэл хэлж яриа өрнөлөө. 2 цаг гаруй ярилцсан ярианы төгсгөлд тэрээр “ Австралид ч ийм төлөвлөгөө хийх гэж байгаа гэж сонссон, ямарч мэдээлэл байж болно, та дуулсан сонссоноо надад хэлж байгаарай” гэж хүссэн юм. Амандаа орсон “шар тосыг” хэлээрээ түлхэхгүй гэсэн Монголын Засгийн газрын хүсэл байгаа нь илт мэдрэгдэж байлаа.
Ярилцлага авсныхаа дараа Монголын Засгийн газраас уг байгууламжийг барихаар төлөвлөж буй 3 газрыг газар дээр нь очиж үзэхээр боллоо. Уг олон улсын байгууламжийг барихаар зөвшөөрөх юм бол америк, япон хариуд нь цөмийн эрчим хүчний технологийг монголд нийлүүлэх аж.
GPS ашиглан тал нутгийн замгүй энхэл донхол газар машинаар баахан давхилаа. Улаанбаатар хотоос зүүн өмнө зүг 200 гаруй км давхисны эцэст хуучин цэргийн нисэх хүчний бааз байсан газарт очсон ба ерөөс 3 газар гурвуулаа усгүй хуурай газар байсан билээ. АЦС-ын реакторын хөргүүрийн системд ус зайлшгүй тул усны эх булаг тэр хавийн газар байх янз алга. Газрын зураг дээр тэмдэглээстэй байсан нуур нь аль хэдийн ширгэсэн байв.
Усгүй газар АЦС барих тухай ойлголт байхгүй гэдэг нь мэргэжилтнүүдийн хувьд мэдээжийн асуудал билээ. Хачирхан байж монголын цөмийн эрчим хүчний мэргэжилтнээс хэд дахин асуусан ч “ ОУЦЭХА-ийн шаардлагыг хангасан газар даа” гэхээс өөрийг сонссонгүй. Монголын талаар сайн мэддэг японы ЭЗАҮЯ-ны мэргэжилтэн танил маань “ монголчууд чадварлаг улс, гэхдээ цөмийн эрчим хүчний талаархи мэдлэг жаахан тийм дээ” гэж байсан нь санаанд буулаа.
Цөмийн асуудлаар “ харанхуй” гэж хэлж болохоор монголд америк, япон цөмийн хог хаягдлын эцсийн устгал хийх олон улсын байгууламж барихаар төлөвлөж байдаг.
Наото Каны Засгийн газар “ шинэ хөгжлийн стратеги” төлөвлөгөөндөө АЦС экспортлохыг эн тэргүүнд тавьсан ч дотооддоо ашигласан цөмийн түлшийг авах газар байхгүй. “ АЦС+цөмийн хог хаягдлаа буцааж авах” гэсэн цогц борлуулалтыг Орос, Франц зэрэг улс хэрэгжүүлж байгаатай өрсөлдөх ажээ. Японы талын зуучлагч нэг нөхрийн яриагаар бол энэ төлөвлөгөө “ АЦС импортлоход гарах бэрхшээлийг нөхөх санаатай” гэж тайлбарлаж байлаа.
Америкийн тухайд цөмийн зэвсэгийн түүхий эд болох ашигласан цөмийн түлшийг хадгалах улс орныг олж, цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх бодлогоо барих нь ашигтай. Иймэрхүү янз бүрийн л учир жанцан байгаа, гэхдээ л монгол одоогоор уран олзворлохоор дөнгөж гараа хүргэж эхэлж байгаа, АЦС-ын сөрөг талыг тэр бүр мэдэхгүй, тэр байтугай ард иргэддээ юуг ч тайлбарлалгүйгээр цөмийн хог хаягдлыг бүүр байтугай бусдын аюултай хог хаягдлыг авна гэдэг байж боломгүй зүйл гэж мэдэрч байлаа.
Монголд байхдаа “ Нэг өдрийнхөө цалинг Японд” хэмээн олон хүн цалингаа хандивлаж байгааг сонсож мэдэв. Оюутан байхдаа очиж байсан Мияаги мужийн гамшигт нэрвэгдэгсдийг урихаар зэхэж байгаа сайн санаат хүмүүстэй ч уулзахаар очлоо. Монгол хүний халуун дулаан сэтгэлд талархаж нулимс асгаруулахад орчуулагч маань “ та уйлхай юм аа” гэж хэлж байв. Тэрхүү нууц хэлэлцээг хийхээр хөөцөлдөж буй Япон хэмээх улсын иргэн хүний хувьд надад үнэхээрийн ичгүүртэй санагдаж байсан билээ.
Хойч үеийн өмнө хүлээх хариуцлага хүнд
Фүкүшима-1 АЦС-ын цөмийн ослын дараа АЦС хэрэгтэй юү, үгүй юү гэх яриа ихэд идэвхжсэн билээ. АЦС-ын үйл ажиллагааг зогсоохоос эхлээд японы эрчим хүч, эдийн засаг, аж үйлдвэрлэл, аюулгүйн бодлогын үүднээс эргэцүүлвэл АЦС зайлшгүй байх ёстой гэж үзэгсэд ч цөөнгүй, үзэл бодол олон ургальч байв. Альч сонголтыг хийсэн цөмийн хог хаягдал тойрсон асуудал заавал босч ирнэ.
Эхлээд Финландыг зорилоо. Бүх мэдээллийг нээлттэй болгож, Финланд загвар хэмээх нэрээр алдаршсан хэв шинжийг ашиглаж, дотооддоо ашигласан цөмийн түлшийн эцсийн устгал хийх байгууламжийг байгуулахаар зорьсон улс болохоор тэр юм. “ Ашигласан цөмийн түлшинд багаар бодоход 100 мянган жил гаруй аюулгүйн менежмент хийх хэрэгцээтэй байдаг” гэх мэргэжилтний үг сэтгэлд минь хадаатай үлдсэн юм.
Дэлхийд хамгийн их плутон хуримтлагдсан улс бол Англи улс, үүнийхээ арга чаргыг олох гэж нэлээд зовж буй Мөрөөдлийн эрчим хүчний нэгэн ундарга гэгддэг плутоныг яаж ашиглах арга зам мухардсан. Плутоныг “ хаях” талаар төсөөлж ч байгаагүй, одоогоор зарим хэсгийг булшлах замаар устгах аргын талаар судлаж байгаа улс юм.
Миний бие өөрийн цуглуулсан материалдаа тулгуурлан хойч үедээ хүлээх хариуцлага гэдэг үгийг хүчтэй ухамсарлах болов. 1954 онд дэлхийд анх удаа ЗХУ-д АЦС бригдаж ашиглалтад орсноос хойш бидний үе АЦС-аас эрчим хүчээр хангагдаж элбэг хангалуун амьдралаар амьдарч ирсэн билээ. Цөмийн эрчим хүчний давуу талыг амсаж эдэлж ирсэн бидний үе аюултай цөмийн хог хаягдлаа болохоор хойч үедээ үлдээх нь лав л хойч үедээ хүлээх үүрэг хариуцлага л лав биш байх ёстой.
“ Зөвхөн цөмийн эрчим хүчний асуудлаар хязгаарлагдахгүй юм. Бидний үе хойчийн явдлыг эргэцүүлэхгүйгээр нефть, нүүрс зэрэгээ ч хайр гамгүй эдлээд дуусчихлаа даа” гэх Финландын албаны хүний шүүрс алдан ярьсан яриа сэтгэлд минь тодхон үлджээ.
Майничи сонинд гарсан мэдээллийн дараагаас Монголын дотоодод ашигласан цөмийн түлшний байгууламж байгуулахыг эсэргүүцэх, мэдээллийг нээлттэй ил тод болгох хөдөлгөөн өрнөсөн юм. Үүнээс улбаалж Элбэгдорж ерөнхийлөгч өнгөрсөн оны 9-р сард НҮБ-ын нэгдсэн чуулган дээр “ Устгах байгууламж барихыг зөвшөөрөхгүй” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.
“ Цөмийн манаач” болох ОУЦЭХА-ийн захирал Амано “ өөрийн ашиглаад гаргасан хог хаягдлыг өөрөө л хариуцах нь зүйд нийцнэ, энэ бол үндсэн зарчим, бусдад тулгах санаа бол байж болшгүй дэндүү зөөлчилсөн яриа” гэж хэлсэн билээ. Гэвч одоогоор цөмийн хог хаягдлын асуудлын шийдлийг хүн төрөлхтөн хараахан олоогүй байна.
Цөмийн түлшний циклд ирээдүй алга байна
Ганцхан грамм нь 1 килолитр нефтийн гаргах эрчим хүчтэй тэнцүү энерги гаргах хүчтэй плутон. Плутон, ураны холимог түлш MOX-ыг өндөр хурдасгуур ашигласан цөмийн тогоонд шатаавал хаягдлын хэмжээнээс илүү плутоныг гаргаж авах юм. Ийм мөрөөдлийн реактор болох өндөр хурдасгуур ашигласан “плутон өсгөвөрийн” реактор бүтээх технологи хэрэгжих шатандаа удааширсаар байна. Үүнээс болж Японд хуримтлагдсан плутоноо хадгалах газар байхгүй, яаж устгахаа мэдэхгүй барьц алдаж онцгой нөхцөл байдалд ороод байна.
Япон улс Фүкүй мужид 1985 онд “Монжюү” хэмээх өндөр хурдасгуурт цөмийн өсгөвөр реактор байгуулж эхэлсэн ба 1995 онд цөмийн эрчим хүчийг гарган авч амжилт олсон.Мөн оны 12-р сард хөргөлтийн материал натри дэвэрсний улмаас осол гарч зогссон ба 2010 онд дахин үйл ажиллагаа явуулсан боловч осол гэмтлээс салахгүй байна.
Японы Засгийн газар энэхүү өндөр хурдасгуурт цөмийн өсгөвөр реактор байгуулахын урьтал болгож ураныг түлш болгон ашигладаг АЦС-ын ашигласан цөмийн түлшнээс плутоныг ялган авч ирлээ. 10 жил хүрэхгүй хугацаанд хуримтлагдсан плутон 45 тонн болжээ.
Ашиглах арга замаа мэдэхгүй байгаа ийм их плутоныг хадгалах нь терроризмын эсрэг тал дээр ч олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх аргагүй зүйл мөн. Нөгөө талаар плутоноос ялгарах цацраг хүний биеийн дотор эрхтэн уушиг, элэг, ясанд нэвчин хуримтлагдвал хорт хавдар үүсгэх хамгийн эрсдэлт хүчин зүйл болох юм. Фүкүшима-1 АЦС-ын цөмийн осолын дараа уг станцын нутаг дэвсгэрээс гадуур ч илэрч байгаа тул аюулгүйн асар сайн менежмент хэрэгтэй болж байна.
1997 онд АЦС-ыг уран, плутоны холимог MOX түлшийг ашиглах “Plutonium thermal төлөвлөгөө” буюу цөмийн түлшийг дахин боловсруулах циклийг ашиглахыг зөвшөөрсөн юм. 2015 он хүртэл 16-18 реакторт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Гэвч орон нутгийн засаг захиргаа иргэдийн зөвшөөрөл авах асуудал ихээхэн бэрхшээлтэй байгаа ба уг төлөвлөгөөг хэрэгжүүлж байгаа нь ердөө 4 реактор юм. Үүний нэг нь хаагдаад байгаа Фүкүшима-1 АЦС-ын 3-р реактор юм. Фүкүшимагийн ослоос үүдэн уг төлөвлөгөө хэрэгжихэд бэрхшээл их байна.
Цаашдаа АЦС-ыг дахин шинээр барихгүйгээр ашиглах хугацаа нь дууссаныг нь бүрмөсөн зогсолт хийх арга замаар АЦС-гүй болох бодлого барьвал плутон боловсруулахгүй, ашигласан цөмийн түлшийг дахин боловсруулахгүйгээр шууд газрын гүнд булах арга хэрэглэхээс өөр замгүй юм. Ашигласан цөмийн түлшнээс гарган авсан MOX түлшийг хямд зардлаар ашигтайгаар устгах арга замыг нээж олоогүй, цөмийн түлшний циклийн ирээдүй бүрхэг байгаа нь бодитой юм.
Америк жолоодлоготой цөмийн стратеги бартаат замд
Б.Обамагийн засаглал “ цөмийн зэвсэггүй дэлхий ертөнц” нэрийн доор АНУ-ын удирдлагаар цөмийн хяналт менежментийг гартаа оруулахаар зорьж буй. Монголд цөмийн хог хаягдлын байгууламж байгуулах төлөвлөгөө ч түүний нэг хэсэг.
АЦС-ын цөмийн түлшийг дахин боловсруулах циклд ашигласан цөмийн түлшээ дахин боловсруулаад гаргаж ялгаж авсан плутоныг түлш болгон дахин ашигладаг. Плутон нь цөмийн зэвсгийн түүхий эд болдог тул Хойт Солонгос яг ийм аргаар цөмийн зэвсэг бүтээсэн. Ойрхи дорнод болон Азид АЦС-ыг нийлүүлэхийг зорих болсон өнөө үед “ Хоёр дахь Умард Солонгос” төрөхийг үгүйсгэх аргагүй.
АЦС-ын бизнес ийнхүү өргөжих хэрээр плутоныг зэвсгийн зориулалтаар ашиглахаас сэргийлэх, үүний тулд ашигласан цөмийн түлшийг АЦС-ыг импортолсон орон нөгөө талтайгаа гэрээ хэлэлцээрээр дахин боловсруулахыг хатуу хориглож байх, АНУ өөрөө авбал зохих ч Япон ч ялгаагүй дотооддоо хадгалах газар байхгүй юм. Нөлөөлж чадах, найрамдалт улс оронд ашигласан цөмийн түлш зэрэг цөмийн хог хаягдлаа түр хугацаанд хадгалуулах, эцсийн устгал хийх байгууламж барих явдал юм. Энэхүү эмгэнэлт жүжиг нь Монгол байлаа.
Олон улсын цөмийн хог хаягдлыг байршуулах байгууламж барих санаа 2002 онд Ираны нууцаар цөмийн зэвсэг хийх судалгаа явагдаж байснаас хойш ОУЦЭХА-т хурцаар тавигдаж байв. Австрали улсад нэг хэсэг судлагдаж байснаас өөрөөр иргэдийнх нь хүчтэй эсэргүүцлийн улмаас цөмийн хог хаягдлыг өөр дээрээ хүлээж авах гэсэн улс орон байхгүй билээ.
Айкава Харүюүки\ Японы сэтгүүлч, цөмийн асуудал АЦСын талаар дагнаж бичдэг\
ОРЧУУЛСАН: ОЧИРХҮҮГИЙН ЖАРГАЛСАЙХАН