Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хориглох тухай зарлиг гаргахыг шаардаж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ТАНАА СОНОРДУУЛАХ НЬ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ,
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
НАР ТАНАА ШААРДАХ НЬ:
2018 оны 04 сарын 19
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хориглох тухай зарлиг гаргахыг шаардаж байна.
Монгол Улсын эдийн засгийг өсгөх, өргөтгөх, гадны хөрөнгө оруулалт татах гол боломж нь эрдэс баялгийн салбар гэж үзэж сүүлийн 20 гаруй жил эрх зүй, татварын нэн тааламжтай орчин бүрдүүлж олон мянган хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож ирсэн боловч ажилгүйдэл, ядуурлыг бууруулан сайхан амьдрах их хүлээлт биелсэнгүй. Харин ч байгаль орчин доройтож, газрын доорхи нийтийн баялгийг өндөр албан тушаалтан эрх мэдэлтэй хэдхэн гэр бүл эзэмшиж, баян ядуугийн хэт ялгаа гаарч нийгмийн шударга ёс алдрагдаж ихээхэн хор уршиг тарилаа.
2018 оны 03 сарын байдлаар Ашигт малтмалын 3326 тусгай зөвшөөрлийг 1985 компани эзэмшиж байгаа бөгөөд үүний 1630 орчим нь ашиглалтын зөвшөөрөл байна.[1]2011-2015 онд уул уурхайн салбараас жил бүр нэг орчим их наяд төгрөгийн татвар, хураамжийн орлого төвлөрүүлж байсан нь улсын төсвийн 20 орчим хувийг л бүрдүүлж байжээ.[2]
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын 2016 оны тайланд, уурхайн компаниудаас улсын төсөвт оруулсан татвар, хураамж нэг их наяд гаруй төгрөг[3] бөгөөд үүнийг 20 хүрэхгүй тооны уурхайн компаниас бүрдүүлж бусад 1630 компаниас татвар төлбөрөө хангалттай авч чадахгүй байна.
Гэтэл ашигт малтмалын хайгуул, олборлолтын үйл ажиллагаанаас үүдэлтэй эвдэрсэн газар, ширгэсэн ус, талхлагдсан малын бэлчээр, дайжиж цөөрсөн ан амьтан, ургамлын гарз хохирлыг энэ үедээ нөхөн сэргээж барахгүй тул үр хүүхэддээ өвлүүлэн үлдээх хүнд ачаа болсон байна. 2012 онд улсын хэмжээнд хийсэн уурхайн үйл ажиллагаагаар эвдэрсэн газрын тооллогоор нийт 42,556 га талбайг 19 аймгийн 699 газарт нөхөн сэргээлгүй орхисон байгааг тогтоосон. Нэг га газрыг нөхөн сэргээхэд дунджаар 25 сая төгрөг зарцуулдаг бол нийт 42556 га газрыг нөхөн сэргээхэд нэг их наяд, 63,9 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарч байгаа нь жил бүр улсын төсвөөс 100 гаруй тэрбум төгрөгийг 10 жил зарцуулж байж дээрх газрыг нөхөн сэргээхээр байна.
Орхон Сэлэнгийн сав газар, Хэрлэн, Онон, Туул, Онги голууд алтны олборлолтоос мөнгөн ус,цианит натри, хүнцэлээр бохирлогдож, усны сан бүхий газарт нйт 214.25 га хохиролд өртсөнөөс гадаргын болон гүний усны бохирдол 26.55% буюу 56.88 га, ашигт малтмалын олборлолтоос хохиролд өртсөн эрэг хавийн газар 18,89% буюу 40,47 га, үйлдвэрийн хордолт бохирдолд өртсөн эрэг хавийн газрын 11,67% буюу 25 га газар байна[4].
Монголын нийт нутгийн 80% цөлжсөн, хурдан цөлжиж буй 11 орны нэг, усны хомсдолтой 20 орны нэг болоод байна. Агаарын дундаж температур 2.2 хэмээр өссөн, хэт халалт,ган зудын давтагдалт ихссэж, 2017 оны усны тооллогоор 1060 гол горхи ширгэжээ.Гадаргын усны 95% гадагшаа урсаж байгаа нөхцөлд бид үлдсэн 5%-р нь л бүх хэрэгцээгээ хангаж байна.\www.eic.mn\. Ийм учраас олон мянган уурхайг даах усны нөөц, байгаль цаг уурын боломжгүй юм.
Манай улсын ашигт малтмалын салбарын үйл ажиллагаанд Монгол орныхоо экологийн туйлын эмзэг байдлыг харгалзах, нийт ард түмний болоод орон нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалахад НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Ээлжит түгээмэл хэлэлцүүлэг, НҮБ-ын Бизнес ба хүний эрхийн Ажлын хэсгийн төлөөлөгчид, НҮБ-ын Байгаль орчин, хүний эрхийн Тусгай Илтгэгч нараас удаа дараалан гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй байгааг онцлон тэмдэглэж харамсаж байгаагаа илэрхийлж байна.
Иймд дараах шаардлагыг хүргүүлж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа зөрчигдөж, холбогдох хууль тогтоомж биелэгдэхгүйгээр үндэсний язгуур ашиг сонирхол, нийгмийн шударга ёс алдрагдаж байгааг ойшоон анхаарч уул уурхайн салбарын татвар, хураамжийг улс, ард түмэнд ашигтайгаар шударга тооцон тогтоох, гүйцэд татан төвлөрүүлж авах, байгаль орчны сөрөг үр дагаврыг арилгах, хүний эрхийн ноцтой зөрчилд хяналт тавих, уг зөрчлүүдийг шийдвэрлэх, хариуцлага тооцох шаардлагатай бүхий л арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлтэл, төр хяналт тавих чадавхигүй, нийгмийн шударга ёс алдрагдаж байгаа зэргийг харгалзан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгохгүй байх тухай зарлиг санаачлан гаргахыг шаардаж байна.
Хүний Эрхийн Төрийн Бус Байгууллагуудын Форумын -16 гишүүн ТББ
[1]Ашигт малтмал газрын тосны газрын цахим хуудас, 2018.01.31
[2]Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн төсөлд хийсэн тойм дүгнэлт. ННФ
[3]ОҮИТБС-ын 2016 оны тайлан
[4]- Монгол орны байгаль орчны төлөв байдлын 2015-2016 оны тайлан. 70-р тал.