Хүслийг биелүүлэх хувилгаан чадалтай Шаргын уулын их тахилгыг тохиолдуулан шүтэн бишрэгч та бүхэндээ мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх урт удаан наслаж, юу санасан ёсөн хүсэл бүхэн тань биелэхийн ерөөл дэвшүүлье!
Баяншарга санТББ
Тахилга зохион байгуулагчид
Уул усны тахилга гэдэг нь:
Улс орны түүх,үндэсний тусгаар тогтнол,байгаль болон соёлын өвөө хадаглан үлдэхийн билэг тэмдэг,үндэсний оюун санааны үнэт зүйл юм.
1.Сэтгэлийн гүнээс гэгэлзэн гарах нэгэн сайхан аялгуу нь
Шаргын шаргал уулс минь билээ.
Нүүдэлчин ард түмэн бид байгаль дэлхийн эрхшээл дор амьдарч түүнийгээ дээдлэн шүтэж,хайрлан хамгаалж аргадан эелдэг зөөлнөөр харьцаж үржил шим өгөөж буянаар мал сүргээ адгуулан амьдарсаар ирсэн уламжлалтай билээ.
Тийм ч учраас байгальтайгаа амин холбоотой явсаар ирсэн нь одоо ч үргэлжилсээр байдгийн илэрхийлэл нь аав ээж, дөрвөн улирал, нутаг ус,гол мөрөн уул овоодын тухай сэтгэлийн гүнээс гарсан дуу хуур, шүлэг найраг юм.
Ийм л сэтгэлийн гүнээс гэгэлзэн гарах нэгэн сайхан аялгуу нь Шаргын шаргал уулс минь.
Сүхбаатар аймгаас төрсөн билэг танхай олон авьяастнууд Шарга ууландаа шүлгэн цацлаа өргөсөн байдаг.
Тухайлбал О.Дашбалбарын идэр залуу насны зурвасхан үе энд өнгөрч эчмэд бүсгүйд хөл алдаж явахдаа
… Шаргын шаргал уулс минь сэтгэл дотор сүүмэлзэнэ…
Шаавай төрсөн Оюунаа бүдэг бадагхан санагдана…гэсэн бол
Г.Мэнд-Ооёо …Мөнх бусын хорвоод мөр минь энд үлдвэл
Мөрөөдлийн Шарга ууландаа гарсны хэрэг бүтлээ…гэх
Д.Нямсүрэн …Уудмын барааны Шарга-уул
Усан цэнхэр индарниал униартай…гэж шүлэглэсэн байдаг..
Мөн Н.Лутбаяр,М.Цэнд-Арслан,Д.Шагдарсүрэн,И.Батсүх нарын олон уран бүтээлчдийн Шарга ууланд зориулсан бүхнийг энэхэн хуудсанд багтаах аргагүй…
Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ ч “Шаргын цуурай” нэртэй гурвал дуучны хамтлаг байгуулж их урлагт хөл тавьж алдарших замаа эхэлсэн нь Шарга уулын нэрийг авсантай холбоотой гэж бэлэгшээн ярьдаг юм..
Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хотоос өмнө 30 км орчимд цэнхэртэн дүнхийж харагдах энэ уулын намтар түүхээс товчхон сөхвөөс..
МЭӨ IV-VI зууны оршиж байсан Нирун Дужан улсын хатиган овгийхон,бүр сүүлд Богд хаант төрийн хатиган гурван хошууныхан /Хурц ван,Ёст бэйс,Үйзэн ван /тахиж шүтэж байсан түүхтэй ажээ.
Дээр үеээс Шарга уулыг бараадан газар газраас нүүж ирж нөмөр нөөлөгт нь амьдарсаар ирсэн малчдын мал сүрэг нь өсөж амьдрал ахуй нь сайжирдаг байснаас хишиг буянаа өгч баяжуулдаг хэмээн “Баяншарга” нэртэй болжээ.
Шарга ууланд ган зуд болдоггүй,ар өвөртөө жалга судаг ихтэй, хайлаасан төгөл ургадаг олон төрлийн ургамал,амьтантай тал хээрийн тансаг сайхан үзэсгэлэнт байгальтай хаа холын газраас шаргалтан харагддаг тул Шарга уул ч гэсэн бололтой.
Сүхбаатар аймгийг анх 1942 онд байгуулахдаа Жавхлант-Шарга аймаг гэж энэ уулын нэрээр нэрлэж байсан түүхтэй.
Их эзэн чингэс хаан аян дайнаар явж байхдаа нэгэн шаргал мориныхоо толгойг энэ ууланд залсан тухай домог бий.Тэгээд ч морины тэнгэртэй уул гэдэг,уулын эзэн шаргал морь хөлөглөсөн баатар эр байдагийг “Далх” тэнгэр гэдгээ.
Ийнхүү бэлэгшээж хүмүүс шаргал зүсмийн морио сэтэрлэж байдаг.
Шарга уулын магтаал сангийн судрууд, нутгийн гавьж лам асан Сандагийн Шаравын зурсан хөрөг дүр нь одоо ч Занабазарын мүзүйн сан хөмрөгт олон үеийн буурал түүх нь хадаглагдсаар байна.
Сүхбаатар аймгийн түүх ч Шарга уулын түүхтэй салшгүй холбоотой явсаар ирсэн.
Одоо ч гэсэн Баруун-Урт хотод энэ уулын нэрээр нэрлэдэг олон газрууд бий.
Тухайлбал:Шарга зочид буудал, Шарга компани, Шарга худалдааны төв,
Жавхлант –Шарга компани,Шарга хөгжимт жүжгийн театер,Цаг уурын алсын барааны тэмдэгт Шарга уул,Шаргын шанд,Шаргын өвөлжээ,Шаргын говь …..гээд л.
Байна уу?байна уу? “Шаргаа”, “Шаргаа” гэх онгоцны холбоо,цэрэг дайны нууц нэрээр “Шарга” уулын нэр түгэн түгсээр л байдгаа.
Ийнхүү Шарга уултай холбоотой бүхэн дээшлэн дэвжиж байдаг нь үнэн.
Сүсэглэж чадвал хүслийг биелүүлэх хувилгаан чадалтай уул гэсэн дээдсийн захиастай билээ.
О.Дашбалбар агсаны “Наранбулаг миний бага эх орон” гэсэн нь гайхамшигтай үнэн.Хүний төрж өссөн нутаг бол яах аргагүй бага эх орон юм.Бага эх орон болсон уул овоодоо өвөг дээдэс минь эртнээс тахиж тайж аргадсаар ирсэн.Тахиж шүтэж ирсэн энэ уул овоог эртний газар шинжигч,нутагчин хүмүүс,зурхайч шинжиж зурж үзээд “Арван буяны бэлгэ төгс газар” хэмээн тогтоож тахидаг байжээ.
Шарга уулын их тахилгыг гурван жил болоод хийж ,эрийн гурван наадам зохиодог,түрүүлсэн бөхөд “Шаргын хүчтэн”цол олгодог байжээ. 1936 онд хамгийн сүүлчийн тахилга хийсэн гэж Б.Товуу гуай дурсаж байсан. 1990 оноос нутгийн эрдэмтэн доктор Д.Батжаргал,”Анжаа”С.Чоймбол,Б.Товуу,С.Шарав,Б.Чойнжуур,Г.Дамбаренчин,
Ж.Дашжунай,А.Цэнд,Чойн Мажиг асан нарын нутгийн ахмадуудын сэргээж хойч үедээ өвлүүлж өгснийг Б.Сүхбаатар ах тэргүүнтэй бидний хэдэн хүмүүс чин зүтгэл гарган тахилга тайлгын уламжлалыг үргэлжлүүлсээр ирлээ.Тахилга жилээс жилд улам өргөжсөөр байна.
2.Шаргын уулын гунигт түүхийн эхлэл
Шарга уул нь далайн түвшнээс дээш 1223.9 метр өндөрт,46,23,30” -өргөрөг, 113,21,10”-уртрагт Асгат,Халзан сумын нутгийг дамнан оршдог юм.
Энэ цэгээс хааш хаашаа 30 км хүртэл алслалт харагдана.
Шаргын ууланд анх уул уурхайн тусгай зөвшөөрлийг 2003 оноос эхлэн өгчээ.
Анхны зөвшөөрлийг Т.Дашсүрэнг аймгийн засаг дарга байхад авсныг, тэр өдийг хүртэл бидэнд хэлээгүй нууцалж байгаа юмдаа.
Одоо Шаргын ууланд хүчин төгөлдөр байгаа лицензүүд:
- Халзан сумын нутагт: 7349 тоот хайгуулын лицензээр 2019 га талбайг, уулын оройгоос баруун зүгт ердөө 1.7 кмд /Кю Жи Экс ХХК –ын Б.Ганбат/.
- Халзан-Асгат дамнасан нутагт: 12912 тоот хайгуулын лицензээр 36158 га талбайг,хойд талд нь солбицлоос 2.5кмд / Гови- экслорэйшн ХХК-ын Б.Гандөш/
- Асгат сумын нутагт: 13912 тоот хайгуулын лицензээр 918.3 га талбайг /Смарткапитал ХХК-д /саяхан шинээр олгосон байна.
- Асгатын нутгаас: 12931 тоот хайгуулын лицензээр 82230 га талбайг, зүүн талд нь солбицлоос ердөө 760 метрт /Гови- экслорэйшн ХХК-ын Б.Гандөш/ тус тус авчээ.
Уулын маань хамгийн өндөрлөг цэг буюу бидний тахидаг ганжираас ердөө л 760метрээс 1кмт эдгээр зөвшөөрлүүд байна гэж ойлгоорой? Тэгэхээр бидэнд ердөөл 1кмт дотор л Шаргын уулаа тахих эрх байна. Бусад нь хэзээ ч ухаж дэлбэлэх эрхтэй уул уурхайн эздийнх гэж бодоход эмэгнэлтэй санагдаж байгаа биздээ???
3. Шаргын шаргал уулсаа өмгөөлөн тэмцэхийн учир..
Манай сумын Н.Мөнхбаатар гэгч залуу 2007 оны 12 сарын .. нэг өдөр дайралдаад би удирдлагын Академд курс суралцаж байна. Эгчээ Шаргын уулыг чинь уул уурхайд өгөөд дуусаж байгаа шүү гэв. Би ихэд гайхаж үнэмшиж чадалгүй худал байлгүй дээ. Бид нар УИХ гишүүд, аймаг,сумын удирдлагатайгаа жил бүр тахиж шүтээд л байдаг биздээ.. Тэд юу ч л яриагүй мэдээгүй юмуу гэв. Үнэн шүү эгчээ гэж инээгээд нутаг орны ойр зуурын зүйл ярилцаад өнгөрлөө. Эцэг дээдсийн үеээс тахиж шүтэж ирсэн “Бага эх орон Шарга уул”-ыг минь ухаж сэглээд хаяж байна гэхээр дотор хачин болж нэг л эвлэрч өгсөнгүй. Ухаж дэлбэлж тэслэх нь битгий хэл мод бут,чулуу шороог ч хөдөлгөж хөндөж болохгүй гэж дээдлэн шүтсээр ирсэн юмсан. Одоо юу болох нь энэ бэ? Хэн хэдийд ийм зүйл хийж зүрхлэнэ бэ? гэх мэтээр шөнөжин бодож хөрвөөсөөр нойр ч хүрсэнгүй.
Миний бие 1992 оноос хойших ихэнх тахилгыг идэвхтэй зохион байгуулагч гол хүмүүсийн нэг нь арав гаруй жил болсон юмаа. Энэ хугацаанд бид нутгийн эрдэмтдийн тусламжтайгаар Шарга уулын сангийн судрыг төвд хэлнээс хөрвүүлэн, залуу үе болон иргэдэд хүргэх, уулаа магтан дуулсан дуу шүлгийн уралдаан зохиох, ном ,сонин гаргах, эрийн гурван наадам хийх, Ганжир хийж залах, суварга босгох, түүгээр ч зогсохгүй орон нутгийн хамгаалалтанд авах тогтоол шийдвэр хүртэл гаргуулсан гээд л… жил болгон байгаль дэлхийгээ хамгаалж ирсэн эцэг өвгөдийн эртний уламжлалаа сэргээж танин мэдүүлэх талаас нь нилээд ажлыг одоог хүртэл чадахын хирээр зохион байгуулж ирлээ.
Гэтэл бидний тахилга шүтээнийг сүйтгэх зүрхтэй хэн ингэж доромжилж дээрэлхэж байна бэ? гэж бодохоос гомдол бухамдал төрж байж суухын аргагүй болов..
Хэн гэдэг хүн, хэзээ хаанаас лиценз авсан талаарх мэдээлэл олох,интернэтийн ямар хаягаар үзэж болох /энэ үед би уул уурхай гэж юу болох талаар ямарч мэдлэгггүй байсан,одоо бол бараг мэрэгжээд байна/ зэргийг судалж,сураглаж сар шахам явсаар үнэхээр Шаргын ууланд уул уурхайн 6 хайгуулын зөвшөөрөл байхыг мэдлээ.
Одоо яах бэ? гэдэг асуудал тулгарлаа.Гэтэл өнөөх зөвшөөрлийн халуун мөрөөр ороод яваад байтал,ганцхан Шарга уул ч биш нутгийн иргэдийн тахиж шүтдэг олон уул овоод уул уурхаййн лицензд орчихсон байлаа.
Гэтэл манай нутгийхан бүр уулаа тахиж шүтдэг хүмүүс маань хүртэл өөрт нь огт хамаагүй юм шиг хэнэггүй байгаа нь даанч харамсалтай. Мэдээллээс хол “харанхуй” оюун санааны хувьд ч,эдийн засгийн хувьд ч ядууралд орсных бизээ.
Африкт хүмүүс яг л ийм байдгаас маш их баялагтай ч гадныханд цөлмүүлээд, удирдагдах хүмүүс нь хагартлаа баяжаад,үгээгүй ядуу байдаг.
Бид ямар Африк юмуу гэсэн уур омог хөдлөөд, үүнийг мэдээлэх хэрэгтэй гэсэн ер бусын нэг хүч намайг түлхэж, өөрт байсан хэдэн төгрөгөө шавхан байж “Баяншарга” сонингоо хэдэн зууг хэвлүүлж аваад, дулаан хувцасаа өмсөн өвлийн нэг хүйтэн шуургатай өдөр автобусанд суугаад нутгаа зоривоо. Ирээд хурал цуглаан хийх гэсэн боловч олигтой хүн ч цугларсангүй.
Аймгийн удирдах хүмүүстэй уулзаж танилцуулж, “Флашаар”-р авч очсон чухал мэдээллээ энэ ажлыг хариуцаж буй мэргэжилтнүүдэд өгөв.
Аймгийн байгаль орчин хариуцсан дарга З.Боргил “JPS”-гэдэг багаж авч явж Шарга уул руу машинаар давхиж очоод Л.Бор худал хэлжээ. Энэ яриад байгаа газар нь Уулбаянд солбицол нь гарч байна гэж дарга нартаа танилцуулж байлаа.
Ямар хөөрхийлөлттэй хүмүүс энэ чухал албыг төрийг төлөөлж хашина бэ?гэхээс өөр үг олдсонгүй.
Тэгээд нутгийн дүү лам Н.Цамбанүрдэвтэйгээ хамтарч орон нутгийн ВВС ТҮ-р мэдээлэл цацаж, аймгийн тамгын газарт мэдээлэл хийж,сонингоо бүх сумдад тараалаа. Энэ маань хүмүүст маш сайн хүрч газар нутаг нь ингэж уул уурхайн “лиценз” гэдэгт эзлэгдээд Тахилга шүтээн уул овоод нь орсныг хүмүүс цочирдон хүлээн авсан билээ.
Түүнээс хойших Шарга уулын төлөөх тэмцэл маань, газар нутгаа гэх тэмцэлд намайг татан оруулж, энэ хугацаанд “Баяншарга” сонинг жилд 4 удаа гаргаж бүх сумдад хүргэсэн. “Тахилгат сүмбэр уулсыг минь өршөө” нэвтрүүлэг Н.Цамбанүрдэв,бид үндэсний телевизээр хийлгэв. Мөн ТҮ-9,ТҮ-5,С-1-ээр мэдээлэл,хэвлэлийн бага хурал гээд олон ажил хийлээ. Эдгээр ажлыг маань дэмжиж сэтгэл санаа, хөрөнгө санхүүгийн тусламж үзүүлж байсан Б.Сүхбаатар ах.Борхүүхэн эгч, ЭХҮ-н дарга Д.Гансүх,гэргий Дэлгэр,С-1 телевизийн продюсер Ч.Оюунгэрэл,ТҮ-9 –ын ахлах редактор сэтгүүлч Б.Отгон,найз Г.Жавзмаа, эгч Д.Дэнсмаа болон бусад тусалдаг хүмүүстээ талархал илэрхийлж, та бүхнийг бурхан тэнгэр ивээх болтугай. Аймгийн засаг захиргаа ч зарим талаар дэмжиж Шарга уулын хэсэг талбайг хамгаалалтанд авсан. Зотол уулын зарим талбайг лицензээс чөлөөлүүлж,бусад уул уурхайд хяналт шалгалт хийж л байна. Түрүүчийн засаг даргын үе шиг 100 зуугаар олгож байсан “лиценз”хязгаарлагдаж л байна. Гэвч үр дүнд хүрэх болоогүй.
Сүхбаатар аймгийн уул уурхайн талаарх мэдээллийг,нутгийн иргэд та бүхэнд үхэн хатан зүтгэж хүргэж байгаагийн учир нь амьдарч аж төрсөөр байгаа аймаг, сум, багийнхаа нутгийн эзэн гэдэгтээ итгэлтэй байж түүнийгээ өөрсдөө хамгаалах үүрэгтэй гэдгийг “хатуу ухамсарлуулах” гэсэн юм. Танай нутгийг өөр газрын хүн хамгаалахгүй нь мэдээж. Амьдарч байгаа газар нутгаас чинь хэн нэгэн “атга шороо” авсан ч үнэ төлбөр нэхэх эрхтэй. Үүнчлэн мал бэлчээрлэх нутаг усгүй болгоод байгаа атлаа та бүхний амьдралд огт нөлөөгүй “уурхайн зөвшөөрөл” хэмээх цааснуудыг хүчингүй болгож цөөхөн тооны чанартай өгөөжтэй уурхай шиг уурхайтай байхыг шаардах эрх та нарт байна. Энэ эрхээ эдэлж хүчээ нэгтгэн дуугарахгүй цаг алдсаар “лиценз”гэдэг цаасаар газар нутаг, хамаг үнэт баялагаа гадныханд алдаж, эрх мэдэл бүхий цөөхөн хүн баяжсан Африк боллоо шүү дээ.
Энэ бүх үнэнийг шат шатны эрх мэдэлтнүүд, сайд дарга нар УИХ гишүүд хэлэхгүй. Харин ч ийм үг хэлсэн хүмүүсийг хялайн харцгааж “гэлэн гэх нь байтугай гөлөг гэх” хүн ч олдохгүй гэгчээр дорд үзэж байгаагтай л өдөр бүр таарч байна.
Нутаг ус,байгаль дэлхий сүйрч,малчид газар нутгаасаа салж,үндэсний аюулгүй байдалд аюул занал учирч, ард түмэн үгээгүй ядуурч байгаа нь бодит үнэн.
Хэрэв намайг худлаа ярьж байна гэж бодож байгаа бол,бурханаас монголчуудад заяасан энэ их баялагтай газар нутагтаа эзэн хүн шиг баян цатгалан биш юмаа гэхэд,мөр бүтэн гэдэс цатгалан сэтгэл амар амьдарч чадаж байгаа эсэхээ өөрөөсөө асуугаад үзээрэй?
Уул уурхайн “лиценз”-д орсон Шаргын шаргал уулсаа аврахын төлөө та бүхэн сүсэглэн залбирч мөргөөрэй!
Сайн үйлс бүхэн дэлгэрч, санасан бүхэн тань сэтгэгчлэн бүтэх болтугай. /Л.БОР/