Улаанбадрах суманд ураны хайгуулын хаягдал шаварт цацрагийн хэмжээ олон улсын тогтоосон нормоос 8 дахин их байсан, малын дотор эрхтэнд хүнд металлын хордлого илэрсэн нь үнэн.
Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лабораторийн дэд захирал,Ерөнхий эмч МЭУхааны доктор С.Цэрэнчимэд
Өнгөрсөн онд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд малчин Норсүрэнгийн 20 тугал бяруу үхсэн дуулиант хэрэг гарч Засгийн Газар 100 эрдэмтэн судлаач шинжээч оролцуулсан том баг томилж ажиллуулсан. Эхний дүгнэлтээр малд хийсэн шинжилгээ судалгаагаар цацраг болон хүнд металлын ужиг хордлого илэрсэн гэсэн мэдээлэл гарсан. Гэтэл сүүлдээ зэс селений нөлөөлөл байна. Энэ нь байгаль дээр угаасаа байдаг л элемент гээд л цацрагийн хордлого нөлөөлөл байхгүй болоод замхарсан. Та яг энэ бүрэлдэхүүнд орж ажилласан эрдэмтэн хүний хувьд юу байсан талаар бодит мэдээлэл өгнө үү?
Улаанбадрахын асуудлыг ярих юм бол маш их урт түүх ярих болно.Гэвч би аль болох олон нийтэд ойлгомжтой товч хариулт өгөхийг бодъёо. Бид Кожеговь компани үйл ажиллагаа явуулж буй,мал хордсон голомтын бүсийн хэд хэдэн газруудаас агаар,хөрс ,ус, ургамалын дээж авч шинжилсэн. Мөн орон нутгийн мэргэжилтэн, малчдыг оролцуулан малд үзлэг хийсэн, малын эмгэг анотомын задлан хийж дотор эрхтэний эд эс ийлдсийн шинжилгээ,цусны биохимийн,ясны шинжилгээ авч Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори,Геолигийн төв лаборатори, Биологийн төв лабораториудад авсан дээжүүдээ чиглэл чиглэлээр нь шинжилж судалсан. Шинжилгээний дүнгээр Ураны уурхайн нөлөөлөл байгааг илэрүүлсэн, хаягдлын цэгүүдэд байх ёстой хэмжээнээс хүнд металлын хордлого болон цацрагийн хэмжээ өндөр гарсан нь малын үхэлд нөлөөлсөн нь илэрсэн.Селений илүүдэл хордлого байгаа нь илэрсэн. Монголын малд селений илүүдэл хордлого гэж урьд өмнө нь хэзээ ч гарч байгаагүй. Харин селений дутагдал булчин цагаарах гэж өвчин байдаг. Ураны уурхайн хаягдалын цэгүүд,хайгуулын талбай,ашигласан ус нь ямарч хашаа хамгаалалт байхгүй учраас бэлчээрийн мал тэнд очиж л таарна. Манай улсын эдгээр лабораториуд нь сүүлийн үеийн багаж тоног төхөөрөмжтэй олон улсын баталгаа авсан сайн лабораториуд юм. Гэвч бид дээжээ Солонгос улс явуулж олон улсын лабораториор энэ шинжилгээний дүнгээ баталгаажуулсан.
Цацрагийн хувьд манайд Олон Улсын Цөмийн Энергийн Агентлагаас өгсөн баталгаатай зөөврийн багажаар хэмжилт хийхэд голомтын бүсийн хаягдалын зарим цэгүүдэд цацрагийн хэмжээ(1мЗв\жил) нормоосоо(8мЗв\жил) буюу 8 дахин их гарсан. Үүнийг Цэрэнчимэд гэдэг хүн ямар нэг зорилгоор худал тоо нэмж тавиагүй, баталгаатай багажаар хэмжилт хийхэд ийм л байсан. Энэ багаж нь альфа, ветта цацрагийг ялгаж хэмждэггүй, гамма цацраг л хэмждэг юм билээ. Би цөмийн мэргэжлийн хүн биш ч байнгын хэмжилт судалгаа хийж альфа, ветта цацрагийг ялгаж хэмжиж нарийн тогтоох хэрэгтэй гэж л бодсон. Тэгээд үнэн зөв мэдээлэл ард иргэддээ өгч аюул эрсдэлээс хүн мал,байгалиа хамгаалж ажиллах нь компани ч төрийн байгууллагын ч үүрэг юм.
Бид Засгийн газраас өгсөн чиглэл дагуу голомтын бүс, ойр орчмын бүс, голомтоос гадуурах гэсэн 3 бүсийн бэлчээр,ус хөрс ургамалд шинжилгээ судалгааны 2-3 жил хийдэг төслийн ажлыг 2 сарын дотор маш их ачаалалтай шахуу хийж гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл ус,хөрс,малд хангалттай судалгаа шинжилгээ хийж малын эмгэг өвчлөл үхэлд ураны уурхайн нөлөөлөл байгааг тогтоосон.
Мөн голомтын бүсээс 90-100 кмд салхины дээд талд байгаа малчины малын дотор эрхтэний,биохими,ясны шинжилгээг ч хийсэн. Эндээс хөрс, ус,ургамалын дээжийн шинжилгээ авч хийсэн нь голомтын бүсэд хийсэн шинжилгээнээс эрс өөр эрүүл хэвийн байсан сонирхолтой дүгнэлтүүд ч гарсан.
Селений хордлого өндөр гарсан нь урантай ямар холбоотой бэ?
Холбоотой байлгүй яахав, ураны гол дагалдах эмемент селен нь 7 валенттай, маш дэгдмэтгий хувирамтгай агаарт байж амьсгалын замаар хүн малын уушгийг өвчлүүлнэ. Борооны усаар дамжин хөрс ус ургамалд шингэж бохирдуулдаг. Ийм өвс ургамал усыг хэрэглэсэн малын дотор эд эрхтэнийг хүчтэй хордуулдаг нь Хойд Америкийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар баталгаажсан байдаг. Бид гаргасан дүгнэлтээ Ерөнхий сайд Н.Алтанхуягт танилцуулахад мэргэжлийн хүмүүсийн гаргасан дүгнэлтээр ураны уурхайн нөлөөлөл байгааг ойлгож, арга хэмжээ авах хэрэгтэй юм гэж байсан.
Гэтэл та бүхний гаргасан дүгнэлтийг няцаагаад л гэнэт зэс селен зэрэг химийн бодис илэрсэн нь урантай холбоогүй, Норсүрэн малаа таргалуулах гэж хятад тариа хийснээс боллоо гэсэн мэдээлэл гарсан нь ямар учиртай бэ?
Бид дүгнэлтээ Ерөнхий сайд Н.Алтанхуягт танилцуулаад 3 хонож байтал гэнэт дахиж комисс томилж судалгаа хийлгээд селений илүүдэл байна. Урантай холбоогүй гэсэн мэдээлэл гарч байсан л даа. Миний бодлоор малчид нь мал нь хордож байна гээд байхад төр нь хор нөлөө гараагүй гээд гадаадын нэг компани эрх ашгийг хамгаалаад ч байгаа ч юм шиг ийм байж таарахгүй үүнийг улам баталгаажуулж судлаад нэг тийш болгох хэрэгтэй.
Эрдэмтэн судлаачдын баг та бүхний гаргасан дүгнэлтээр Улаанбадрах суманд хүнд металлын хордлого болон цацрагийн нөлөөлөл байгааг илрүүлжээ. Тэгэхээр энд байгаа малчдыг нүүлгэн шилжүүлэх, ураны уурхайн голомтын ойр орчимд хамгаалалтын бүс тогтоож хоргүйжүүлэх саармагжуулах,малчдын хохирлыг тогтоож нөхөн төлбөр гаргуулах шаардлага байгаа гэж ойлгож болох уу? Энэ талаар төр засагт санал тавьсан уу?
Ер нь бол ураны уурхай байтугай, ямарч уул уурхайтай бэлчээрийн мал аж ахуй нэг дороо байж таарахгүй маш их сөрөг нөлөөлөл эрсдэлд ордог. Би энэ асуудлыг олон удаа тавьж байсан. Наад зах нь уурхайн цооногт хүн, мал, амьтан унаж үхдэг.Уурхайн дэлбэрэлт,зам тээврийн тоос шорооноос эрүүл мэндийн хувьд маш их хохирол учирч байна.Зэрлэг ан амьтан нүүж дайжиж үхэж үрэгдэж байгаагаас гадна олон төрлийн мөлхөгч амьтан,ургамал сүйдэж устаж байна. Уурхай ашиглахаас өмнө энэ бүхнийг цогцоор нь шинжлэх ухааны үндэслэлтэй нарийн судалгаанд тулгуурласан байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийсэн байх ёстой.Гэтэл байгаль орчны үнэлгээ хийдэг маш олон компаниуд байдаг ч ийм шаардлага хангасан нөлөөллийн үнэлгээ хийж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй юм.
Харин фермийн мал аж ахуй бол хашаа байшинд хориотой байдаг.Бэлчээрийн мал шиг хаа хамаагүй яваад байх биш уурхайтай нэг дороо байж болох юм. Ер нь эрүүл мэндийн гол индикатор нь мал байгаа юмаа.
Манай төр засгийн эрх мэдэлтнүүд зарим мэргэжилтэн, Улаанбадрахад ураны болон хүнд металлын хордлого байгаа бол хүн яагаад үхэхгүй байгаа юм бэ? гээд Хүн үхэхээр л үнэмших юм яриад байдаг ш дээ?
Эрүүл мэндийн яам нөлөөллийн бүсийн иргэдээ эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулж ,өөрчлөлт гарч байгаа эсэхэд тогтмол судалгаа хийж байх шаардлагатай. Тэр тоосжилт, цацраг,хүнд металлын хордлогод өртлөө гэхэд үр дагавар нь тэр дороо мэдэгдэх ч бий,голдуу 10-15 жилийн дараа л өвчин нь хүндэрч гарч ирнэ л дээ.
Та бол уул уурхай,бэлчээрийн сонгодог мал аж ахуйтай зэрэгцэн орших боломжгүй гэж үздэг юм байна. Энэ ч үнэхээр Монголын одоогийн амьдрал дээр нотлогдож байна л даа. Малчид хаа сайгүй л олон үеээрээ амьдарч аж төрсөөр ирсэн нутаг усандаа эзэн байхаа эрхээ алдаж,уух ус нутаг бэлчээрээ булаалгаж амьдралын эх үүсвэр малаа алдан нинжа болох,хот суурин бараадах, хог дээр гарах,архинд орох зэрэг нийгэмд маш том сөрөг үзэгдэл газар авсаар байна.Үүнийг яаж зохицуулж явуулах гарц бодол танд байна бэ?
Монголын нүүдлийн сонгомол мал аж бол олон зуу мянган жил байгалийн шалгарлыг даван туулсан шавхагдашгүй их нөөц баялаг,дэлхийд байхгүй хосгүй жинхэнэ экологийн цэвэр аж ахуй юм. Нүүдлийн мал аж ахуй бол монголын геолигийн тогтоцтойгоо салшгүй холбоотой говь цөл,хангай,тал хээрийн,өндөр уулын бүсийн өвс ургамал ч өөр үүнийгээ дагаад малын мах сүүний амт чанар нь ч өөр байдаг. Монгол мал бол биологийн маш их дотоод чадавхитай.Дулааны богинохон улиралд авсан нөөцөөрөө өвөл хаврын хахир урт хугацааг нэмэгдэл тэжээлгүй ч давж чаддаг. Манайх хангайн сарлаг дээр судалгаа хийж өдөрт ганцхан литер ус,ганцхан кг өвс өгөөд байхад л өвлийн 6 сарыг дажгүй даваад гарч байгаа тийм л биологийн маш их дотоод чадавхтай мал юм даа.Гадаадын эрдэмтэд ч монгол мал гайхамшигтай гентэй гэж судалсан. Монголчууд дээр үеээсээ л ийм гайхамшигтай цэвэр хоол хүнс мах сүүгээ улиралдаа тохируулан хэрэглэсээр ирсэн монгол хүний тэсвэр хатуужил гентэй салшгүй холбоотой юм.Нүүдлийн мал аж ахуй онгон дагшин байгальдаа мал сүрэг дураараа нүүдлэн бэлчээрлэж байх, нүүдлийн мал аж ахуйн бүс нутгийг уул уурхайгаас тусгаарлан дархлан хамгаалах бодлого зохицуулалт хэрэгтэй.
Уул уурхай тодорхой хэмжээгээр байх хэрэгтэй.Гэхдээ л өнөөдрийнх шиг бодлогогүй хариуцлагагүй хэзээ ч нөхөн төлжихгүй хамаг баялагаа гадагшаа зөөгөөд л байдаг, зөөгөөд л байдаг ч улс нь өрөнд ороод л байдаг, иргэдэд ч наалдсан юмгүй,хойд үедээ хордсон ангал нүх үлдээгээд, хэдэн давхар шавар байшинтай үлдэх нь хөгжил дэвшил бишээ.
Мал сүрэг төрийн хамгаалалтанд гэж үндсэн хуулинд заасан ч хэрэгжихгүй байна. Гэтэл мал сүрэг гэдэг энэ шавхагдашгүй нөөцөө сайжруулах, хамгаалах судалгаа шинжилгээний ажилд төр мөнгөө хангалттай зарцуулдаггүй. Зөвхөн байгаль цаг уурын нөлөөлөл халдварт бус өвчин малын хорогдолын 80% байдаг. Монголчуудыг маань одоог хүртэл тэжээж авч явж буй буянт малаа хамгаалах талаар мал эмнэлгийн шинжлэх ухааныг дорвитой хөгжүүлэх хөрөнгө хаях хэрэгтэй байна.
Тэгэхээр Улаанбадрахад гажигтай төл гараад байгаа,үхэр бяруу олноороо үхсэн нь Ураны уурхайн нөлөөлөл байжээ гэдгийг та бүхний гаргасан шинжилгээ нотолжээ гэж ойлгож болох уу?
Тиймээ үүнийг худал үнэн гэж нуугаад хаагаад байх шаардлагагүй.Шинжлэх ухааны байгууллагын судалгааны арга нь олон улсад зөвшөөрөгдсөн, олон улсын мэргэжлийн байгууллагаар баталгаажсан тийм л багажаар хийддэг.Түүнээс бус Цэрэнчимэд гэдэг хувь хүний амаар ярьж буй баталгаа нотолгоогүй баримт бишээ. Улаанбадрах суманд хүнд металлын хордлого цацрагийн хэмжээ өндөр байгаа нь илэрсэн. Харин энэ судалгаа шинжилгээний үр дүнг улам баталгаажуулан цааш нь үргэлжлүүлэн тогтмол хянаж судалж байх нь Кожеговь компани экологийн аюулгүй байдлыг хангаж ажиллах ёстой, энэ нь төрийн ажилд,малчид ч хэрэгтэй. Улаанбадрах суманд сүүлийн 45 жил тэмээчин байсан хүн манайх буураа солихгүй 25 жил болоход ийм гажигтай согогтой төл гарч байгаагүй гэж ярьж байсан. Тэгэхээр ураны уурхайн салхин доор байгаа, ураны уурхайн орчимд байгаа малчдын төл мал гажигтай согогтой гараад байгаа нь тэнд нөлөөлөл байна л гэдгийг харуулж байна. Малын дотор эрхтэний задлангаар энгийн нүдээр харахад ч дотор өвчний эмгэг ийм байгааг та хардаа гээд олон зураг үзүүлэв. \Зарим зургийг оруулав\ Шинжилгээний дүнгийн хүснэгтээс харахад ураны хайгуулын хаягдал цэгээс авсан цацрагийн хэмжээ олон улсын нормтой харьцуулахад калий 350-650 bq\kg байхаас 767-834 bq\kg хоёр дахин их, Уран 238 олон улсын норм 19-37 bk\kg байхаас 2391bk\kg байгаа нь 60-70 дахин их онц аюултай хэмжээнд байна.\ Хүснэгтийг хавсаргав\.Энэ нь судалгааг жилээр,улирлаар,сараар гүнзгийрүүлэн тогтмол судлах шаардлагатайг харуулж байгаа юм. Бидэнд мөнгөнөөс илүү эрүүл аюулгүй орчинд амьдрах нь хамгийн чухал зүйл юм.
Гэтэл Улаанбадрах сумынхан малынхаа мах сүүг зарж борлуулаад л байгаа,Норсүрэн мах сүүгээ Кожеговь компанид нийлүүлж байгаа сураг дуулдсан.Ийм мах сүүг хэрэглэх нь хүний эрүүл мэндэд муу нөлөө үзүүлэх үү?
Бидний хийсэн бэлчээрийн ургамал,малын дотор эрхтэний задлан шинжилгээгээр зэс,селен, хүнцэл,хар тугалга, стронци зэрэг хүнд элементүүд өндөр агуулгатай гарч байсан. Тэгэхээр ийм малын мах сүүг хүнсний зориулалтаар ашиглавал хүний эрүүл мэндэд эрсдэл учруулах магадлалтай гэж үзэж байна. Норсүрэн гуайн мал цацрагийн нөлөөгөөр мутацын өөрчлөлтөнд орсон бол ийм мах сүүг хэрэглэх нь хүний эрүүл мэндэд муу нөлөөтэй байлгүй яахав.
Сүхбаатар аймгийн Түвшинширээ,Уулбаян,Онгон сумдад Гурвансайхан,Кожеговь компаниуд ураны хайгуул хийж гүний усыг задгайлж хаяад түүнээс нь мал уугаад байна.Худаг гаргаж өрөмдөх, ураны хайгуул хийж өрөмдөх хоёр ялгаатай биздээ.Ямар сөрөг нөлөө байх бэ?
Усны асуудал дэлхий дахинд маш чухлаар тавигдах болсон. Гадаргын ус 2-3 метр орчимд байдаг хөрсний элдэв төрлийн нян бактериар бохирдлогдсон байх магадлалтай. Харин уул уурхайн зориулалтаар гаргаж буй хэдэн зуу метрийн гүний ус бол олон зуу мянган жилийн геологийн тогтоцын үр дүн юм.Тэгэхээр газрын гүний усанд олон сая жил хадаглагдаж байсан нян бактер, элдэв төрлийн химийн хорт бодис сэргэхийг үгүйсгэхгүй. Африкын зарим орнуудад ч ийм байдал гарсан мэдээлэл байдаг.Тэгэхээр уурхайн зориулалтаар гаргаж буй гүний усыг ахуйн хэрэглээнд шууд шинжилгээгүй хэрэглэх нь эрсдэлтэй. Мэдээж худаг гаргахаар өрөмдөх, ураны хайгуул хийж өрөмдөх хоёр ялгаатай байлгүй яахав дээ. Би энэ чиглэлийн мэргэжилтэн биш учраас чухам ямар химийн бодис хэрэглэдэг эсэхийг мэдэхгүй. Малчид ярьж байсан “хэдэн жилийн өмнө худгийн ус шүд хага ташим хүйтэн байдаг байсан гэтэл одоо бүлээн давслаг амттай байна болжээ” гэж байгаа нь усны бүтэц найрлаганд нь өөрчлөлт орсныг харуулж байна.Үүн дээр л бид судалгаа явуулах ёстой байхгүй юу? Сүхбаатараас усны дээж ирж байсан санагдаж байна.Гэхдээ тэр дээжийг юу хийж байсан саванд хийсэн бэ? хэдий хугацаанд хадгалж яаж ирсэн гэх зэргээсээ бохирдож усны найрлага бүтэц өөрчлөгдөх учраас шинжилгээний дүн зөв гарч чадахгүй л дээ.Сүхбаатараас малын дотор эрхтэний дээж ирсэнийг шинжилж үзэхэд зүрхний булчингийн эд эрхтэний үхжирэлт байсан. Манай өвөг дээдэс маань ус чандмань эрдэнэ гэдэг байсан нь зүгээрч нэг үг биш юм.
Иргэд, иргэний нийгмийхэн бид эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ хамгаалахын тулд Төрөөс хараат бус судалгаа шинжилгээ хийдэг лабораторид хандах хэрэгтэй байна. Тэгэхээр танайд итгэж хандаж болох уу?
Наадах чинь сайхан асуулт байна. Манайх төрөөс санхүүждэг улсын байгууллага.Төр иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үүрэг хүлээдэг учир эрдэмтэн судлаачид бид ч энэ ёс зүй дээр үндэслэн шинжлэх ухааны батлагдсан арга зүй дээр тулгуурласан шинжилгээ судалгаа хийж үнэн бодит дүгнэлт гаргах үүрэгтэй. Хэдэн жилийн өмнө Үйлдвэр худалдааны яамны шийдвэрээр Манайд Уул уурхайн Байгаль орчны нөлөөллийг судалдаг шинэ тасаг байгуулагдаж малын идэж буй ус ургамалын дотор байдаг 70 хүртэл элемент, болон органик бодисыг илрүүлж чаддаг лаборатори ажиллаж байна. Иргэд малчид ганц нэгээрээ баталгаагүй саванд хийсэн ус ургамал барьж ирээд шинжлүүлнэ гэвэл зөв дүгнэлт гаргах нь эргэлзээтэй гэж би түрүү хэлсэн. Тэгэхээр зохих ёсоор санал хүсэлтээ ирүүлбэл, бид суурин болон явуулын судалгаа шинжилгээг цогцосоор нь хийх өөрөөр хэлбэл нэг суманд хордлого гарлаа гэхэд түүнийг бүх талаар нь судалж үнэн зөв дүгнэлт гаргана л даа. Үүнд их цаг хүч хөрөнгө,боловсон хүчний нөөц шаардагдана л даа.
Төр засаг иргэддээ хандаж үг хэлэх үү?
Манай төрөөс сайн хууль дүрэм гарч байна. Даанч энэ хууль дүрмээ аль ч шатандаа хэрэгжүүлэхгүй нь харамсалтай байна. Гаргасан хууль дүрмээ хэрэгжүүлж ажиллаа чээ?Хэрэв төрийн хүч хүрэхгүй бол иргэд, иргэний нийгмийхэн гэж том хүч байнаа, тэднийгээ мэдлэг чадваргүй шантаажчин шахаачин энэ тэр гэж нэр хоч өгөлгүй хамтарч ажиллаачээ. Өөрийнхөө эрдэмтдийн мэдлэг чадварыг үнэлж ашиглаж, нүүдлийн сонгомол мал аж ахуйгаа аварч хамгаалахын тулд энэ салбарынхаа шинжилгээ судалгаанд хөрөнгө мөнгөө хаяж өгөө чээ?
Ухаалаг төр засаг минь ээ!Өөрийнхөө ард иргэдийнхээ үгийг сайн сонсоорой! Хариуцлагагүй уул уурхайгаа одоохон цэгцэлж авахгүй бол харамсаад ч барахгүй,гай гамшиг, байгалийг хойд үедээ үлдээхнээ!
Ухаалаг ард түмэн минь ээ! Бидэнд мөнгөнөөс илүү эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл хоол хүнс хэрэглэх, эрүүл хүнтэй,эрүүл малтай,эрүүл хөрс устай байх нь үнэ зүйл шүү? Үүнийхээ төлөө тууштай байгаарай гэж Монголын байгаль орчны төрийн бус байгуллагын Улсын 4-р зөвлөлгөөнд оролцож буй төлөөлөгчид бүхэндээ хандаж хэлэх байна даа.
Бодит мэдээлэл өгсөн танд Баярлалаа. 2014.11.13 УМЭАЦТЛаборатори