Төрсөн нутаг усаа хамгаалахад гэсэн бидэндээ туслаач…
\Захидал\
Сайн байна уу? Эрхэм хүндэт Бор эгчээ таны ажилд амжилт хүсье.
Хязгаар нутагт амьдардаг бид бүхэн төрсөн нутаг усаа хамгаалах гэж өөрийн чадах чинээгээрээ тэмцэж байна.
Гэвч харийн мөнгөтэй хүчтэй хүний дэргэд, бэл бэнчингүй ч эх нутгаа гэсэн чин халуун сэтгэлээр бид санаа зовон сарвалзсаар байна.
Эрх мэдэлтэй албан тушаалтнууд аархан харийн хүмүүст долдогнон зусардаж, төрийн хуулийг гууль болгон хуйвалдан завшиж, буруу сэтгэлтнүүдтэй нийлж бусармаг явдал үйлдсээр байна. Үүний нэг нь манай сумын засаг дарга Ө.Батсайхан юм.
Хүчтэний өмнө хүчгүй нь буурай гэгчээр яалтай ч билээ.
Хамгийн сүүлийн үед болж буй үйл явдлаас хоёр зүйлийн мэдээг танд дуулгая.
“Нүхт” гэдэг газарт молибдин ашиглаглаж байгаа “Баян-Эрч” гэгч компани маш олон зөрчилтэй,зөвхөн гадаадын ажиллах хүчний квот хэтрүүлж 63 хятад иргэн ажиллуулсны торгуулийн 4 сарын 300 сая төгрөгөө захирал Ганбат нь төлөлгүй замхруулж байгаа нь шат шатны дарга нарын хуйвалдаан юм.
Аймаг, сумын төсөвт орж,боловсрол эрүүл мэндэд зарцуулах хуультай энэ 300 сая төгрөгийг Гадаадын иргэн харьяатын албаны барилгад 12 сая төгрөг хандивласан,Бичигтын боомтын МХА-ны конторын барилгад 300 000 төг өгсөн гэх мэтээр тайлан гаргаж цайруулсан нь авилгал хээл хахуулын торны сүлжээ хэрхэн гүнзгийрснийг харуулж байна. Шударга иргэд бидний илрүүлсэн,нутгийн иргэдэд очих ёстой мөнгө ийнхүү авилгалд идэгдсээр сум орон нутаг хөгжихгүй, иргэд улам ядуурч байгаль орчин сүйрсээр байна.
Бас нэг баримт : Коолфронтьерс ХХК нь 2008.11 сард Тимаяа ХХК- с Х13451 –ыг худалдан авчээ. Гэтэл эдгээр компаниуд нь хайгуулын ажлаа огт хийгээгүй атлаа лицензээ АМХЭГ-р сунгуулчихсан байх юм. Мөн ХХК-ын компани гэрчилгээний хугацаа дууссан нэрээ солиулаагүй ,лиценз авахдаа сумын ИТХ-р огт ороогүй зэрэг зөрчилтэй байсан ч лицензээ сунгуулжээ. Энэ компанид монгол геологич байхгүй, хятад ажилчид дотор нь доктор цолтой 5 геологич байна.
Хятадууд хэлэхдээ лицензийг өндөр үнээр худалдаж авсан танай сумаас 20 хүн ажиллуулж байна. Алтыг удахгүй ашиглаад ирэхээр 200 хүн ажиллуулна болоо юм биш үү? Бидэнд мөнгө байна,танай удирдлага дээд дарга нар чинь зөвшөөрсөн байхад та нар мэт нь элдвийн зөрчил энэ тэр яриад хэрэг байна уу гэж доог дохуу хийж доромжлон инээлддэг.
Харийн хүмүүст төрсөн нутагтаа дээрэлхүүлж доромжлуулж байна. Монгол улсын хуулийг уландаа гишгэж байгааг хянадаг шалгадаг үнэн мөнийг тогтоодог газар байна уу?
Монгол ахан дүүсээ бид яах ёстой бэ? Хаана хэнд хандах бэ? Баримт материал бидэнд байна. Бидэндээ туслаач дээ? Яах ёстой талаар яаралттай зөвлөлгөө өгнө үү?
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын –Эрдэнэцагаан хөдөлгөөний
Д. Эрдэнэтуяа бичив. 2009.08.12