Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутагт тэмээн хөсөгтэй нүүдэлчидтэй таарлаа. Тус сумын 2 дугаар багийн малчин Г.Жавхлангийнх Түмэнцогт сумын Талбулагаас өглөөн нарнаар хөдөлж Гэнэн худаг, Дэлгэр дамжуулан тавь гаруй км зам туулан Мөнххааны Бага шавартад буухаар нүүж явлаа.

Арван тэмээн тэргээр хонь, үхэр, адуугаа дагуулан нүүж яваа малчин Г.Жавхлантай уулзахад:
-Манайх дан ердийн хөсгөөр нүүдлээ хийдэг юм. Бензин тос гээд нэмэлт зардал шаардахгүй амар байдаг. Байнгын арав орчим тэмээ, тэрэгтэй. Одоо отрын нутаг руугаа нүүж явна. Манайх Гэнэн худаг, Дэлгэр, Их, Бага шаварт, хойшоогоо Чандмань, Талбулагаар нутагладаг айл. Хужир мараа, цайдам, задгай устай соргог бэлчээрт гарч малдаа дээд зэргийн тарга хүч авахуулна. Арваннэгдүгээр сар гаргаад отроос бууж өвөлжөөлнө дөө. Тарга хүч сайтай мал өвөлд нэмэлт тэжээл шаардахгүйгээр онд тарган тавлаг ордог гэж ярьж байлаа.
Г.Жавхлан хурдан морь уяж сойно. Ембүү хүрэн даага нь энэ зун аймгийн баяр наадамд айргийн тавд давхисан байна. Тэрбээр “Ирэх жил аймгийн далан жилийн ойн баяр наадамд миний морьд хурдлана даа. Малчин бид ч энэ хэдэн малынхаа хишиг бучнаар л амьдрал ахуйгаа авч явна. Манайх дөрвөн оюутантай. Тэднийхээ сургалтын төлбөрийг хурдан удмын адуу зарж байж л олж байна” .гэж байв.
Мэдээг бэлтгэсэн: Г.Сүхээ