Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төв талбайд өнгөрсөн долоо хоногт “Сүхбаатар хөгжил-2011” үзэсгэлэн худалдаа боллоо. Тус аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийн газар, “Мерси Кор” төслийн газар, Худалдаа үйлдвэрийн танхимын аймгийн салбар хамтран экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх, өөрийн аймгийн брэнд бүтээгдэхүүн бий болгох, сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийг олон нийтэд таниулан сурталчлах, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг болон худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийг хооронд нь танилцуулж, бизнесийн холбоо хэлхээг нь өргөтгөх, бэхжүүлэх зорилгоор зах зээлийн өдөрлөг, үзэсгэлэн худалдааг тав дахь жилдээ ийнхүү зохион байгууллаа.
Бизнес эрхлэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах, худалдаж борлуулах, үйл ажиллагаагаа өргөтгөх өргөн боломжийг нээсэн энэхүү өдөрлөгт тус аймгийн 13 сумын 123 үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч оролцож, өөрсдийн бүтээгдэхүүнээ сурталчилсны зэрэгцээ Баруун-Урт сумын иргэдэд худалдаа арилжаа хийсэн байна. Энэ үеэр Сүхбаатар аймгийн брэнд бүтээгдэхүүнээр Халзан сумын иргэн С.Батжаргалын хийсэн таанын сорс, Түвшинширээ сумын малчин Х.Асралтын хазаар ногт, чөдрийг тус тус шалгаруулсан байна.
Өрөм ааруул, ээзгий, нэрмэл архи, тараг, баялаг, талх, нарийн боовноос эхлээд өөрийн гараар тарьж ургуулсан төмс хүнсний ногоо, хөмүүл мангирын дарш, таанын сорс, гэрийн эсгий туурга, дээвэр, өрх, тоосго, хүрмэн блок, өнгөт хавтан, уран зураг сийлбэр, оёдол нэхмэл хатгамал, мод төмөр, шүрэн эдлэл, мал аж ахуйн тоног хэрэгсэл зэрэг нийтдээ 14 нэрийн 500 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг иргэдэд худалдаалж дөч гаруй сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Малчдын хийсэн цагаан эсгийн туурга, дээвэр, өрх, хялгасан бүслүүр хошлон, хазаар ногт,чөдөр, Баруун-Урт сумын “Дарцагт овоо” хоршооны хүрмэн блок, өнгөт хавтан, мөн сумын “Алтан цацал” хоршоо, “Уртын гол” нөхөрлөлийн төмс хүнсний ногоо, Халзан сумын таанан сорс хүмүүсийн хараа, сонирхлыг ихэд татаж борлуулалт сайтай байлаа. Сумдыг зах зээлийн өдөрлөгт оролцсон байдлаар нь дүгнэхэд Онгон сум тэргүүлэн шилжин явах цомыг гардан авч, Баруун-Урт, Мөнххаан сум удааллаа. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээ, өнгө үзэмж, сав баглаа боодол, үйлчилгээний соёл зэргийг харгалзан цагаан идээ, хүнсний ногоо, талх, нарийн боов, зоогийн газар, дархан мужаан, гар урлал, барилгын материал, мал аж ахуйн тоног хэрэгсэл зэрэг 11 номинациар шилдэг бүтээгдэхүүн шалгаруулж цом гардуулсан юм.