Манайд ер нь гэрэл гэгээтэй сайхан мэдээ дуулдана гэдэг бараг үгүй болжээ.
Телевиз ,сонин хэвлэлүүд ийм тийм хулгай худал дээрэм,газрын төлөөх будлиан тэмцэл гээд хар мэдээ хөвөрч гарна.Байгаа юмыг байгаа чигээр нь харуулахаас өөр яах ч билээ.Сүүлийн үед энэ байдал бүр гаарчээ.
Төрийн нэр барьсан бүлэг том дээрэмчид гадныханд газар нутаг баялагаа зарж хагартлаа баяжих нь бас гаарчээ.
Иргэд хэмээх нутгийн индианууд хэлээд тэмцээд ч ямарч нэмэр алгаа.
Одоогийн нэг ийм жишээг дурьдвал:
Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт сум бас хот хэмээх хоёр статустай,газар нутаг нь ердөө л 5430 –хан га талбайтай. Хэдэн жилийн өмнөөс Сүхбаатар сумын нутгаас газар нутаг шилжүүлж авах тухай яригдаж байсан ч тийм ч амархан бүтэх асуудал биш учраас ямарч шийдэлд хүрээгүй.
Уг нь аймгийн төв Баруун-Урт хотод 15000 хүн оршин суудаг бол,сумын төвд ердөө л 2500 хүн амтайг бодоход төрийн зүгээс шийдээд өгөхөд болмоор л юм.
Ийм байтлаа уул уурхайн лицензээр Хятадуудад Сүхбаатар сумын нутгийн 30% орчмыг өгчихсөн байх юм. Зөвхөн энэ сумын нутагт 74 лиценз олгогдож нутгийн 40%-50% хамрагджээ.
Хамгийн хачирхалтай нь бараг газар нутаггүй Баруун-Урт суманд “Дорнын чулуулаг”ХХК гэх компанд 2010 оны 02.12 ны өдөр 5 лицензээр 34192 га нутагт хайгуулын лиценз олгожээ.
Сонин байгаа биздээ 5430 га нутагтай суманд 34192 га газрыг хаанаас хулгайлж өгсөн байж таарах бэ? Баруун-Урт сум,хот нь Сүхбаатар сумын нутагт оршдог учраас энэ сумын нутгаас л хулгайлсан байж таарна.
Гэтэл Сүхбаатар сумын засаг захиргаа, ИТХ огт мэдээгүй гэж байх юм.
Гэхээр Ашигт малтмалын газар гэдэг Монголын газар нутгийг зардаг “Сүлжээ дэлгүүрийн” заль мэх байж таарна. Орон нутгаас болсон болоогүй ямар нэг шийдвэр шиг юм авах тухай хуульд заасан байдаг. Ийм цаас аваагүй бол лицензыг хууль бус гэж үзэх үндэслэлтэй
Бас нэг хачирхалтай зүйл нь Баруун-Урт сум бичиг баримт бүрдүүлж өгсөн бол, бусдын газар нутгийг дур мэдэн шийдвэр гаргаж буй нь маш ноцтой гэмт хэрэг биздээ. Үүнийг мэдээгүй Аймгийн засаг захиргаа,ИТХ-гэж баймааргүй л юм….хачин юмаа хачин юм.
Координатын хулгайгаар алддагдсан
ТАХИЛГА ШҮТЭЭН УУЛ ОВООД минь хөөрхий
Сүхбаатар аймгийн нутаг бол,эртний сөнөсөн галт уулс,хүн чулууны домог түүхээрээ алдартай. Дорнод монголын үзэсгэлэнт хээр тал, зээрийн сүрэг намрын тарианы түрүү мэт үеэлзэн байдаг Дарьганга нутгийн түүхт уул ус Алтан-Овоо шилийн Богд Ганга нуур гээд л монголчууд бүгд мэднэ. Гэтэл сүүлийн жилүүдэд өнөөх уул уурхайн лиценз хэмээх “мангас”ын шүлтэгнэн шунах дайралтанд өртөж зуу зуугаар нь лиценз олгодог болжээ.
Сүхбаатар аймаг 82.9 мян.хавт.дөр.км нутагтай үүний 40% орчимд уул уурхайн лиценз олгогдоод байна.Ер нь бол сонгон шалгаруулалтын талбай гэдгээр нутгийн 80%-90% хамрагджээ.
2010.02.25 ны байдлаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нийт 266 байгаагаас 237 нь хайгуулынх 29 нь ашиглалтын лиценз байгаа юм.
Нутгийн иргэдийн олон үеээрээ тахиж шүтэж ирсэн 50 гаруй уул овоод байдаг. Монгол хүн тахилгат шүтээн уул овоогоо хөндөх нь бүү хэл,дэргэдүүр нь өнгөрөхдөө нэрийг нь хэлэхээс цээрлэн” Хайрхан” гэж шивнэж залбирч байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалж ирсэн нандин сайхан уламжлалтай ард түмэн. Гэтэл сүүлийн жилүүдэд тахилат уул овоодыг маань уул уурхайн лицензээр гадаадын хүмүүст өгчихсөн байдаг боллоо.
Үүнийг нь нутгийн ард түмэн байтугай,орон нутгийн засаг захиргаа ч мэдээгүй байх юм. Тухайлбал Зотол уул,Шарга уул,Мөнххаан уул,Халзан уул, Уулбаяны Алтан-Овоо, Эрдэнэжавхлант,Эрдэнэмандал,Баяр-Ихт…гэх мэтээр.Эдгээр алдартай тахилгат шүтээний судар ном, хөрөг дүр нь төв номын сан,Занабазарын музейн сан хөмрөгт хадаглагдаж байдаг.
Лицензыг олгохдоо, газрын зурагт тэмдэглэгдсэн батлагдсан нэр томьёогоор Шарга уул,Зотол уул гэж авдаггүй ,Асгатын талбай-2, Хайрхан гэх мэт зохиомол нэрээр бултуулдаг. Ердөө л уртраг,өргөрөгийн хэдэн цэг л тавьсан байдаг. Үүнийг ард түмэн “координатын хулгай” гэж нэрлэдэг.
Гадаадын хүмүүс тахилга шүтээнтэй эсэхийг юу мэдэх билээ.
Орон нутгийн засаг захиргаанд лиценз өгөх эрх байх биш. Мэдээллийн хомсдол,ядуурлын туйлд орсон ард түмэнд ямарч хамаагүй.
Ингэхлээр Монголын үнэт зүйлсийг хэн устгаж байгааг таахад төвөггүй биздээ.
Сүхбаатар аймагт 29 уурхай ажиллаж байна.Энэ нь аймгийн 2000 хүний дунд нэг уурхай оногдож байгаа ч уурхайн ашиг ард түмэнд хүртээлгүй байгаль орчин л сүйтгэж байна.
Лицензээс жилд 1.3 орчим тэрбум төгрөг улс нь хураадаг ч, аймаг,сумдад25% нь очдоггүй, уурхай ямар ашиг орлоготой ажилладаг мэдээлэл байхгүй, аймгийн 52 мянган иргэдийн ихэнх нь ажиллагүй ядуу байна.
Олон уурхайтай болсноор бэлчээр нутаг ус ан амьтан,жигүүртэн шувууд, түүх дурсгал,тахилга шүтээн оюун санааны үнэт зүйлс үгүй болж, баялагийн эзэн нутгийн иргэд хятадын уурхайд маш бага хөлс авч боолчлогдож байна.
2010.05.01 Л.БОР