СҮХБААТАР АЙMГИЙН ИРГЭДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨӨ! ЖАНЖИНЫ НУТГАА УРАНЫ АЮУЛААС АВАРЦГААЯ !!! 2014.07.25
Сүхбаатар аймаг 82.9 мянган хавтгай дөр.км нутагтай гэтэл үүний 12% нь зөвхөн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул,олборлолтын талбай болоод байна.
Хэдэн зуу мянган жилээр гай гамшиг учруулах, газар нутагаа устгаад зогсохгүй, монгол үндэснээ мөхөөх, цацраг идэвхит ашигт малтмал хайх, олдворлох улмаар Атомын цахилгаан станц барих, уран боловсруулах үйлдвэр барихаар манай төр хууль гаргасан байдаг.
Ийм аюултай төсөл хэрэгжүүлэх гэрээ хэлэлцээр нь олон нийтээс нууц байдаг.
“Цөмийн энергийн тухай” хуулийн 5.1дүгээр зүйлд: газрын хэвлийд байгаа цацраг идэвхт ашигт малтмал “төрийн өмч” гэж үндсэн хуулиа ноцтой зөрчсөн хууль гаргаад эрх мэдэлтнүүд үнэ цэнэтэй газар нутаг,тахилга шүтээн уул усаа харийханд худалдсаар дураараа дургисаар ирсэн.
Сүхбаатар аймагт Цацраг идэвхт ашигт малтмал хайх зөвшөөрлийг Түмэнцогтоос бусад бүх сумдад олгожээ. Үүнд: Аревагийн охин компани Кожиговь ХХК- 16, Гурвансайхан ХХК- 2, Монгол Ураниум Ресурс ХХК- 2 тусгай зөвшөөрөл тус тус эзэмшиж, түрүүчээсээ ТЭЗҮ үндэслэлээ боловсруулж, 2013-2014 онуудад Ураны анхан шатны боловсруулалт “шар нунтаг”гаргахаар гэрээ хэлэлцээр хийгджээ. Эдгээр компануудын талаарх өөрийн цуглуулсан мэдээллийгта бүхэнд танилцуулж байна.
- Аревамонгол ХХК
Сүхбаатар аймгийн нутагт дэвсгэрт Франц Улсын төрийн өмчит Арева группын охин компани болох Монгол улсад бүртгэлтэй “Кожеговь” ХХК цацраг идэвхт ашигт малтмалын 16 зөвшөөрлийг эзэмшиж байна. Сүхбаатар аймагт цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын нийт 20 тусгай зөвшөөрөл эзэмшсэн.
“Кожеговь” ХХК нь хайгуулын ажлаа дуусган туршилтын нэрээр олборлолт хийж эхэлсэн. Энэ хүрээнд олборлосон хүдрийг газар дор шууд хандлан уусгалтын аргаар хагас боловсруулан ураны исэл буюу “шар нунтаг” гаргах туршилтыг хийсэн. Дорноговийн Улаанбадрах суманд “Дулаан уул” төсөл хэрэгжүүлж ингэж “туршилтын олдворлолт”хийсний уршигаар гений өөрчлөлтөнд орсон төл мал олноороо гарч үхсэн дуулиант муу үйл явдал болоод байна.Мөн Дарьгангын талд ураны маш “том орд” илрэц олсон үүнийг ашиглана гэж мэдээлээд байгаа.
Анх Аревамонгол ХХК-ын Эрик Ди Сизи гэгч Сүхбаатар аймгийн 7 сумын нутагт 26 цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 2008 оны 07.09 наадмын өмнөх өдөр 6 лиценз, 2008.07.22 өдөр 8 лиценз, 2008.08.18 ны өдөр 5 лиценз гэх мэтээр ердөө гуравхан хоногт шахуу бөөндөж авсан байдаг. Эдгээр талбай нь 590841 га-г эзэлж байгаа бөгөөд Халзан, Түмэнцогт сумын нутгийг нийлүүлсэнтэй адил том газар нутаг юм. Одоо эдгээр зөвшөөрлүүдийн 2 дахь сунгалт дуусаад,хамгийн сүүлчийн 3 жилийн сунгалтаа хийлгэж гэж байна. Үүнийг зогсоохгүй бол хайгуулын 9 жил нь дуусаж ухах олборлох зөвшөөрөл авах юм.
Аревамонгол ХХК-ын Эрик Ди Сизи гэгч энэ авсан лиценздээ ханасангүй, дахиж 2009.02.09 өдөр 4 лиценз бөөндөж дээрх талбайтай нийт 881373 га талбайг авсан байна. Үүнд нь Эрдэнэцагаан сумын нутагт оршдог эртний тахилгат Хатиган хошууны алдарт “3ОТОЛХААН” уул бүхэлдээ 67341 га талбай оржээ. Хэдэн жилийн өмнө хэл ам хийж байж оройгоос нь 5 км газрыг чөлөөлүүлж байсан юм.
Аймгийн нийт нутгийн 10% тай тэнцэх ийм том газар нутгийг авч буйг, 2009 онд Ерөнхий сайд асан С.Баяр Барууны орнуудаар явахдаа Франц улсын Засгийн газрын Арвеа ХХК-тэй ураны салбарт хамтран ажиллах гэрээ хэлэлцээр хийсэн талаар хэвлэлээс мэдэж авсан. Ер нь С.Баяр Япон, ОХУ зэрэгтэй уран ашиглах гэрээ хэлэлцээрийг ганцаарчилсан тоглолтоор хийсэн байдаг. Тэгээд Цөмийн энергийн хуулийг батлуулчихаад,Оюутолгойн гэрээг зурчихаад маргааш нь ажлаа өгөөд л зугтчихсан хүн.
Франц Улсын төрийн өмчит Арева ХХК-нь Нигер улсын ураныг 40 жил ашиглаад,газар нутаг хүн амыг нь цацрагаар хордуулаад хаячихсан. Өөрийнхөө нутагт25 газар ураны хог шаараа ил задгай хаячихаад тэр нь илэрч дэлхий дахинд шуугиан тарьж байсан. Авилга хээл хахуулаар ажлаа бүтээдэг ад үзэгдсэн цусан мөртэй компани юм. Тухайлбал 2009 онд “Түмний нүд” гэдэг олон улсын байгууллагаас хүн ба байгальд хамгийн харгис үйл ажиллагаа явуулдаг гэсэн номицадд шалгарч байжээ.
Шинэчилсэн Засгийн газар ”Шар нунтаг олборлоно” гээд мөрийн хөтөлбөртөө тусгачихаад “Кожеговь” ХХК-ний үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж ажиллаж байна. Засгийн газрын нэрийн өмнөөс Мон-Атом гэдэг Төрийн өмчит компанитай гэрээ байгуулсан. “Кожеговь” ХХКомпаний Сүхбаатар аймаг дахь хайгуулын ажлыг идэвхжүүлэх талаар УИХ Гишүүн М.Зоригт ажиллаж УИХ дээр ураны хөрөнгө оруулалтын хуулийг батлуулахад их нөлөөлсөн. Түүний бизнесийн түнш Гадаад харилцааны сайд Л.Болд ч ураны гадаад гэрээ хэлэлцээрийг идэвхжүүлэн ажиллаж байгаа нь өөрсдийнх нь гадаад өр зээлтэй ч холбоотой гэж эх сурвалжууд бичиж байна. Гэтэл “Кожеговь” ХХК-нь ураны хайгуулын стандартыг огт хэрэгжүүлэхгүй Африкийн загвараар гамшиг тарьж эхэлжээ. Тухайлбал Онгон суманд хайгуул хийхдээ мөн л гүний усыг задгайлаад хаячихсан. Эрдэнэцагаан суманд Кожеговь ХХК-ны 13871Х,13912Х лицензтэй Болорт ухаа, Хөх нүдэн талбайд хайгуул хийхдээ стандарт зөрчиж ,хэрэглэсэн бодисоо ил задгай хаясан, хогоо ч булаагүй нөхөн сэргээлт хийж хүлээлгэж өгөөгүй ,үүнээс болж тэнд амьдардаг малчин С.Пүрэвийн хонь хээл хаяж,70 ишиг хурга гармагцаа үхсэн гэдэг.
- “Гурвансайхан” ХХК
“Гурван сайхан” ХХК, 1998 оны З сарын 19 ны өдөр Мөнххаан, Уулбаян,Түвширээ сумдын нутаг “Өлзийт” гэдэг ижил нэртэй\нэрнүүд ихэвчлэн худал байдаг\ 4 газарт, 4 тусгай зөвшөөрлийг, нийт 313374 га-д авсан байх юм. Энэ зөвшөөрлийг анх авсан хүн нь Д.Санбалайбат гэдэг хэдэн зуун лиценз авч наймаалдагаараа алдаршсан нөхөр юм. Гэтэл хэдийд нь яагаад Засгийн газрын мэдэлд очсон гэдэг сонин юм. АНУ, ОХУ, Монголын хөрөнгө оруулалттай “Гурвансайхан” ХХК Сүхбаатар аймагт, цацраг идэвх ашигт малтмалын 79365 га талбайгТүвшинширээ,Уулбаян суманд эзэмшиж байна.
Хамгийн хачирхалтай нь “Гурван сайхан” ХХК гэгч хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байх хугацаа 9 жил нь аль хэдийн дуусаад,ашиглалтын өмнөх 3 жил нь бас дуусаад одоо 16дахь жилдээ, хайгуул хийгээд явж байна уу? Олборлолт хийгээд яваад байна уу? Мэдэх, мэдээлэх хүнгүй. Одоо тэд хайгуулч юмуу,олборлолт ч юмуу хийж гүний усыг Бумбатын уурхайн орчимд олгойдуулаад орхисон тэр нь нуур далай болоод мал нь түүнээсээ уугаад,ард иргэд нь малынхаа мах сүүг хэрэглээд байгаа нь ураны хайгуулын стандартыг зөрчсөн ноцтой асуудал юм. Гэтэл хяналт тавих ёстой Цөмийн энергийн газар байх ёстой юм шиг таг дуугүй байдаг. Цацрагийн хяналтын мэргэжилтэн гэж байхгүй, нэгч цацраг хэмжигч багажгүй,цацраг гэдэг ямар аюултайг мэдэхгүй аймгийн мэргэжлийн хяналтыхан яаж ч хяналт тавих билээ?
Төрөөс гаргасан хуулиа ийнхүү зөрчөөд байгаа ч лицензээ хураалгалгүй яваад байгааг харахад үүний ард том мөнгө, том эрх мэдэлтнүүд байгаа нь гарцаагүй. Өөр нэг ноцтой таамаглал нь ашиглалтын эрх авчихаад нууцаар газар дор уран боловсруулж байж магадгүй л юм. Энэ компани талаар өдрийн шуудан сонины 2011. 12.15 ны дугаарын мэдээнд дурьдахдаа….Ураны салбарт мөн толгой цохьдог “Гурвансайхан” ХХК гадныханы мэдэлд байдаг гэжээ. 1994 онд Монгол, АНУ,ОХУ, Бермуда улсын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан гэнэ.
Анх байгуулахад Монголын талын оролцоо нь геологийн судалгаа гүйцэтгэх талбайгаар хангах, 15 хувийг нь эзэмших, Оросын тал ураны геологийн судалгааг гүйцэтгэх, мэргэжлийн боловсон хүчнээр хангаж, 15 хувийг эзэмшихээр тохиролцжээ.
Гэтэл Бермуда улсын “Энержи Фьюэлз” компани нь ураны геологийн судалгаа гүйцэтгэхэд шаардагдах хөрөнгө оруулалтыг гаргаж 70 хувийг эзэмшихээр тохирсон байна. Дараа нь эзэмшлийн хувиа АНУ-ын “Данисон майнз”ийн мэдлийн “Интернешнл Ураниумд”компанид шилжүүлжээ. Ингээд АНУ-ын “Данисон майнз”ийн мэдэлд “Гурвансайхан” ХХК очисны дараа АНУ,ОХУ, Монголын хөрөнгө оруулалттай компани болж өөрчлөгджээ. Монголын ураны салбарт шургалсан гадаадынхан лиценз дамлах,компаниа зарах,хувьцаа гаргах наймааг цэцэглүүлж хэдэн зуун сая долларыг олж байна, үүнээс манай эрхмэдэлтнүүд хувь хүртэж амтшаад уран ашиглуулах гэж улайрч байна. Харин нутгийн иргэд золиос болж зовлонг эдлэх болно. Ийнхүү уранаа ашиглах стратегийн гэгдэх бодлогодоо манай улс учраа олохоо больж хөл алдаж, гадныхан үнэгүй олсон олзоороо пологтож байна.“Гурвансайхан” ХХК-ны Монголын талыг ямар компани төлөөлж байгаа талаар мэдээлэл одоогоор олоогүй. Зарим нэг эх сурвалж энэ компани Сүхбаатар аймагт их хөрөнгө өгсөн гэдэг. Үүний ард мөн М.Зоригт ч байж болох талтай. Ил тод бус зүйлийг ард түмэн бид амьд явах эрхтэй холбоотой учир хардах эрхтэй юм.
Хайгуул болон лицензын хугацаатай холбоотой үйл ажиллагаа нь хууль бус нь тодорхой ч хууль хэрэгждэггүй манай оронд байсаар л байна.
- “Монгол Ураниум Ресурс” ХХК
Энэ компаний Б.Мөнхболд гэдэг хүн Сүхбаатар сумын нутаг Баян-Эрхт, Баян-Эрхт 1, Өрвөлийн тал, гэдэг газруудад юуны ч юм бүү мэд хайгуулын 3 тусгай зөвшөөрлийг 2008.08.25нд авсан байдаг. Б.Мөнхболд гэгч хэн бэ? Бас л бид юу ч мэдэхгүй.
Монгол улсын 100% хөрөнгө оруулалтай “Монгол Ураниум Ресурс” ХХК нь Онгон, Наран, Дарьганга сумын нутагт дамнан байрлах “Хүйтэн уул” гэдэг тусгай хамгаалалтанд орсон газар нутагт Ц-002Х тоот цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын зөвшөөрлийг хуулийн дагуу авсан гэж ЦЭГ-с албан ёсоор мэдээлсэн.
Ц002х, Зөвшөөл нь Сү-11 талбайтай давхцсан. Сү-11 талбай нь УИХ-ын 2004 оны 22-р тогтоолоор батлагдсан Дарьгангын байгалийн цогцолборт газар\”Хүйтэн уул”- Онгон,Наран,Дарьганга-нутгийг хамардаг газар нутаг юм.\
Эрдэнэцагаан суманд олгогдсон Ц003х лицензыг ашигт малтмалын бусад зөвшөөрөлтэй давхцуулж 2010.12.30 нд шинэ жилийн өмнөх өдөр хууль зөрчиж олгосон. Цөмийн энергийн газрын дарга асан Ц.Энхбат нэгэн ярилцлагадаа эдгээр лиценцийг“Монгол Ураниум Ресурс” компанид Ерөнхий сайд Сү.Батболдын тушаалаар шахалтаар олгосон гэжээ.\www.topmedee.mn\ Сүхбаатар аймгийхан Сү.Батболдыг аймгаасаа төрсөн Ерөнхий сайд хэмээн хадаг сүүгээ барин хүндлэн дээдэлж байхад энэ хүний хариу бэлэг нь нутаг усаа, уранд хаяж өгч олз омог олох гэж эрх мэдэл албан тушаалаа ашиглаж байжээ.
Ц-002Х, Ц-003Х лицензыг цуцлуулахаар Сүхбаатар аймгийн засаг дарга Ж.Батсуурь хуульч хөлсөлж ажиллаад 2 жил болж байгаа ч олигтой үр дүнд хүрээгүй байна.
Эдгээр ураны тусгай зөвшөөрлүүд хууль зөрчсөн талаар:
1.Цацраг идэвхит ашигт малтмалын хуульгүй байхад,Кожеговь, Гурвансайхан компани ураны зөвшөөрөл авч хайгуул олборлолтыг хийсэн нь олон улсын Цөмийн энергийн хууль журам зөрчиж байна.
2. Кожеговь компани лицензыг бөөндөж авахдаа, Ашигт малтмалын хуулийн 19.4 заалтыг зөрчиж орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр гаргуулаагүй, Мөн хуулийн 37,38-р зүйлийн зарим заалт,40.1-р заалтыг зөрчиж орон нутгийн зарим хүмүүстэй хуйвалдаж байгаль хамгаалах төлөвлөгөөг батлуулж лицензээ сунгуулсан.
3. Гурвансайхан компаний ураны хайгуул хийх 9 жил, ашиглалтын өмнөх 3 жил нийт 12 жил нь 2010 онд дуусчихаад 16 жил болж байхад,лицензыг дамжуулан зарах, барьцаалан хувьцаа гаргах зэргээр хөрөнгө босгож олон жил хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа ч , лицензыг цуцлаагүй эрх бүхий байгууллагын албан тушаалтан хариуцлага хүлээх ёстой.

- Кожеговь ХХК нь Эрдэнэцагаан суманд ураны хайгуул хийхдээ хэрэглэсэн бодис, шаараа ил задгай хаяснаас ойр амьдардаг малчины төл олноороо үхсэн. Гурвансайхан ХХК, Кожеговь ХХК нь Онгон,Түвшинширээ сумдад хайгуул хийхдээ гүний усыг задгайлж орхисон нь нуур булаг болж түүнээс мал ундаалж, иргэд нь малынхаа мах сүүг хэрэглэж байгаа эрсдэлтэй асуудал үүсээд байна. Энэ нь ураны хайгуулын стандартыг ноцтой зөрчсөн байхад хяналт тавих үүрэг бүхий Цөмийн энергийн газар ямар ч хариуцлага тооцохгүй лицензыг сунгасаар байна.
- “Монгол Ураниум Ресурс” ХХК-д Онгон, Наран, Дарьганга сумын нутагт дамнан байрлах “Хүйтэн уул” гэдэг тусгай хамгаалалтанд орсон газар нутагт Ц-002Х ураны зөвшөөрлийг олгож хууль зөрчсөн.
Эрдэнэцагаан суманд-Кожеговь ХХК хайгуул хийхдээ хэрэглэсэн бодисоо ил задгай хаяснаас төл мал олноороо хордож үхсэн.
Ц002х, Зөвшөөл нь Сү-11 талбайтай давхцсан. Сү-11 талбай нь УИХ-ын 2004 оны 22-р тогтоолоор батлагдсан Дарьгангын байгалийн цогцолборт газрын бүсэд багтаж байдаг.
- “Монгол Ураниум Ресурс” компанид Эрдэнэцагаан сумын нутагт олгогдсон Ц003х лицензыг ашигт малтмалын бусад зөвшөөрөлтэй давхцуулж 2010.12.30 нд шинэ жилийн өмнөх өдөр хууль зөрчиж олгосон.
7.Орон нутагт цацрагийн хяналтын нэг ч бэлтгэгдсэн мэргэжилтэн,цацрагийн багаж ч байхгүй, ураны талаар ямарч мэдлэг мэдээлэлгүй хүмүүс хяналт тавих чадваргүй нь ойлгомжтой.
8.Цөмийн энергийн ганц хоёр мэргэжилтэн манайх шиг уудам нутагт давхиж очоод хяналт тавиад байх ямар ч боломжгүй. Тиймээс ураныг хяналтгүй хайх,ашиглаж байгаа нь цөөхөн үндэстнээ ирээдүйгээ устгах, байгаль орчин газар нутаг уух усаа малаа ураны цацрагаар хордуулах аюулд оруулж байна.
9. Уранд хаа хаанааа хяналт тавих ямарч чадваргүй байгаа ийм үед үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ хамгаалж, эдгээр хууль зөрчигдсөн ураны хайгуулыг зогсоох хэрэгтэй. Хэрэв 3 дахь удаагийн энэ сунгалтыг хийх юм бол хайгуулын 9 жил нь дуусаж, Кожеговь,ХХК –нь ашиглалтын зөвшөөрөл хүсэх эрхтэй болно.