Монгол Улсын Засгийн газрын хяналт шинжилгээ, үнэлгээний ажлын хэсэг Сүхбаатар аймгийн Засаг дарга, түүний Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж “хангалттай сайн” гэж үнэлжээ.
Дөрвөн жил тутамд нэг удаа хийдэг энэхүү хяналт-шинжилгээг Хэрэг эрхлэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус аймагт ХЭГ-ын Хяналт шалгалт, үнэлгээний хэлтсийн дарга Б.Даринчулуунаар ахлуулсан ажлын хэсэг зургаа хоног ажиллаж аймгийн ИТХ-ын ажлын алба, Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол соёлын газар, Түмэнцогт, Эрдэнэцагаан, Баруун-Урт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, Тамгын газрын үйл ажиллагаатай танилцаж холбогдох зөвлөмж чиглэлийг өгсөн байна. Мөн аймаг, сумдын хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь танилцаж сургууль, цэцэрлэг, хүн эмнэлэг, соёлын төвүүдээр орж байгууллагуудын үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл болон засвар, тохижилт, иргэд олон нийтэд төрийн үйлчилгээг хүргэх ажил хэвийн түвшинд байгаа гэж дүгнэсэн байна. Үүний сацуу Эрдэнэцагаан сумын Бичигт боомтын ажлын албаны үйл ажиллагаа болон Асгат, Дарьганга, Мөнххаан сумын Засаг даргын мэдээллийг сонсч тулгамдсан асуудлын талаар харилцан яриа өрнүүлсэн байна.
Засгийн газрын ахлах референт Ц.Цэнджав аймгийн удирдлагууд, агентлаг албадын дарга, төрийн албан хаагчдад “Үр дүнд суурилсан хяналт, шинжилгээ, үнэлгээ” сэдвээр сургалтыг зохион явуулж хяналт шинжилгээ, үнэлгээний талаар тодорхой мэдээллийг өгч. зарим баримт бичгийн гүйцэтгэлийг орон нутгийн төрийн албан хаагчдын оролцоотойгоор үнэлүүлсэн нь төрийн ажилтнууд өөрийн ажлаа бодиттойгоор үнэлж дүгнэж сурах, алдаа дутагдлаа олж харахад туршлага болохуйц ажил болжээ.
Хяналт шинжилгээ үнэлгээний ажлын хэсгээс аймгийн ИТХ болон Засаг даргын үйл ажиллагааны уялдаа холбоо сайн. орон нутгийн түвшинд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын их ажил өрнүүлж, сүүлийн жилүүдэд шилжилт хөдөлгөөн, ажилгүйдэл, ядуурлын түвшин буурч, хүн амын өсөлт нэмэгдэж, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийг дэмжих талаар бодитой тодорхой ажил хийж, төрийн байгууллагуудаас иргэдэд хүргэж буй үйлчилгээ сайжирсан байна гэж үнэлсэн байна.