Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газраас орон нутагт ажиллаж байгаа зарим иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулан 6 сумын нутгийг хамруулсан, ашиглалтын 8, хайгуулын 15 зөвшөөрөлтэй уул уурхайд хяналт шалгалт хийсэн ажлын тайланг хэлэлцэх хурал болсон юм. Аймгийн засаг дарга намайг энэ шалгалтын дүнгийн хуралд суухыг зөвлөв.
Уурхайнуудад дараах нийтлэг дутагдлууд илэрчээ. Үйл ажиллагаа явуулахгүй байгаа жоншны хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмшигчид нь лицентэй талбайгаа харуул хамгаалалтгүй орхидог нь иргэд хууль бусаар олборлолт явуулах нөхцлийг бүрдүүлсэн, байгууллагын удирдлага хөдөлмөр зохион байгуулалт, баримт бичгийн бүрдүүлэлт дутуу, хайгуулын ажлын төлөвлөгөө, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр нь хайгуулын анги дээр байдаггүй, сум орон нутагтай холбогдоггүй, мөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулалгүй үйл ажиллагааг эхэлсэн, гадаадын хөрөнгө оруулагчтай уурхайнуудад мэргэжлийн монгол инженерүүд байхгүйгээс уулын ажлын анхан шатны журнал хөтлөлт байхгүй, мөн жоншны хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлөвлөгөө, тайланг холбогдох байгууллагуудад хугацаанд ирүүлдэггүй, ашигт малтмалыг ашиглахдаа уулын ажлын төлөвлөгөөний дагуу олборлолт хийлгүй сорчлон ашигласан зэрэг мэт зөрчлүүд АМТ тухай хууль болон Байгаль орчны тухай хуулийн олон зүйл заалтыг ноцтой зөрчжээ.
Аж ахуй нэгжүүд нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг зохион байгуулаагүй, ажиллагсдад хөдөлмөрийн харилцааг зохицуулах хууль тогтоомж, дүрэм журмыг сурталчилан таниулах талаар сургалт семинарыг явуулдаггүй, мөн хөдөлмөр хамгааллын хувцасны норм норматив, чанар хангалтгүй, ажилчидтай хамтын гэрээ байгуулж ажлаагүй, хөдөлмөр хамгааллын сургалтын булан, танхим байхгүй, аюулгүй байдлыг хангах анхааруулах тэмдэглэгээ санамж байхгүй зэрэг нийтлэг зөрчлүүд нь “Хөдөлмөрийн тухай хууль”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль”-ийн ийн холбогдох ихэнх заалтыг зөрчжээ.
Газрын харилцааны талаар хийсэн хяналт шалгалтаар аймгийн хэмжээнд ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжийн 90 гаруй хувь нь газрын чанарын хянан баталгааг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлээгүй, уурхай дээр уурхайн шав тэмдэг тавьсан акт байхгүй, мөн уурхайнуудийн нөхөн сэргээлт хийсэн талбай нь эвдэгдсэн талбайн хэмжээтэй нь харицуулахад маш бага хувийг эзэлж байгаа зэрэг зөрчлүүд гарчээ. Хайгуулын лиценз эзэмшигч компаниуд бараг үйл ажиллагаа явуулахгүй ажиллаж байгаа нь суманд оруулах ёстой төлбөр мөнгөө оруулдаггүй сумын удирдлагууд болон байгаль орчны хяналтын улсын байцаагчтай уулзаж гэрээ хийдэггүй зэрэг дутагдал нийтлэг байжээ.
Зарим нэг аж ахуйн нэгжүүд нь үндсэн үйл ажиллагааны хэсэг болох хөрс хуулах, хүдэр олборлох, өрөмдлөг, тэсэлгээ хийх зэрэг уулын ажлыг гэрээгээр гүйцэтгүүлж байгаа нь хууль зөрчих нөхцөл шалтгаан болсон байна. Аймгийн хэмжээнд эвдэгдсэн талбайн хэмжээг тодорхойлоход нийт 100.6 га талбай олборлолтонд өртөж, 7 га техникийн нөхөн сэргээлт, 5 га биологийн нөхөн сэргээлт хийгдсэн байна. Үүнээс үзэхэд нөхөн сэргээлтийн ажлыг маш хангалтгүй байгаа харагдаж байна.
Байгаль орчин аялал жуучлалын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хамтарсан хяналт шалгалтаар аймгийн хэмжээнд эвдэгдсэн талбай болон нөхөн сэргээлт хийгдсэн талбайд хэмжилт судалгааг анх удаа хийж дүгнэлт гаргасан нь шинэ ажил болжээ. Сүхбаатар аймгийн хэмжээнд ашиглалтын лиценз эзэмшиж байгаа аж ахуй нэгжүүд нь нөөц ашигласны төлбөрийн 10% хувийг сумын дансанд оруулахгүй, хайгуулын лицензийг цааш нь худалдаалах асуудлууд их гарч байна. Иймд хайгуулын лиценз аваад үйл ажиллагаа явуулахгүй, орон нутагтай холбогддогүй аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг орон нутгууд гаргажээ.
2010 оны 4 сарын 26нд Аймгийн МХГ-аас АМХЭГ-т “Сүхбаатар аймгийн хэмжээнд лиценз эзэмшигч аж ахуй нэгжүүдийн төлбөр төлөлтийн дэлгэрэнгүй судалгааг” гаргаж өгөхийг хүссэн албан бичиг хүргүүлсэн боловч одоог хүртэл хариу ирээгүй байгаа нь төрийн захиргааны энэ чухал байгууллага ямар хариуцлагагүй байгааг харуулж байгаа юм. Энэ нь аж ахуй нэгжүүдийн лицензийг цуцлах талаар санал хүргүүлэх асуудал шийдвэрлэгдэхгүй удаашрахад хүргэсэн байна.
Шалгалтын явцад сумдын засаг дарга нар, төрийн бус байгууллага , иргэдийн хөдөлгөөнүүдийн зүгээс тахилгатай уул овоо, газар, ус хайгуулын лицензийн талбайд ихээр орж байгааг ярьжээ. Иймд аймгийн хэмжээнд байгаа шүтдэг газар ус, уул овоог тусгай хэрэгцээний талбайд авах саналуудыг холбогдох дээд байгууллагадаа тавьсан байна.
Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдалд 7 аж ахуй нэгжид улсын байцаагчдын хамтарсан 76 заалттай 7 албан шаардлага өгч, 4 заалттай 2 акт үйлдэж үйл ажиллагааг түр зогсоож, хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчилд албан тушаалтанд 60.0 мянга, аж ахуй нэгж байгууллагад нийт 2050.0 мянга, хууль бус олборлолт явуулсан 1 иргэнд 500.0 мянган төгрөгийн нийт 2610.0 мянган төгрөгийн захиргааны арга хэмжээ авч төлбөрийг 100% хувь барагдуулжээ.
Мөн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй 3 аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд дүгнэлт гарган, тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай саналыг холбогдох газар хүргүүлсэн зэрэг арга хэмжээг шалгалтаар авчээ. Их цаг хугацаа хөрөнгө зарж иргэний нийгмийн төлөөлөл оруулж шалгалт хийсэн нь ололттой юм.
Энэ бүхнийг сонсож байхад,байгаль орчин сүйдэж, иргэнийн эрх зөрчигдсөн ноцтой асуудал байхгүй мэт, ихэвчлэн бичиг баримтын хаа сайгүй байдаг л алдаанууд их дурьдагджээ. Гэтэл Цөмийн энергийн комиссоос хийсэн шалгалтаар Сүхбаатар аймагт Хятадын 100%-н хөрөнгө оруулалттай компани ураны олдворлолт хууль бус хийж байсан.
Төмөртэйн Цайрт минериал, Эрдэнэцагаанд ашиглалт хийж буй Хятадын компаниуд өдий хүртэл сайжруулсан зам тавиагүйн дээр ачсан нүүрсээ бүтээлэггүй зөөж хүн малыг хордуулж байгаль сүйтгэж байгаа, Жоншны үйлдвэрт ажиллаж байгаа монгол ажилчид маш бага хөлс авч боолын хөдөлмөр эрхэлж хоёр ч хүн жонш гараар буталж байгаад нүд нь сохорсон зэрэг мэдээллийг иргэд өгч байсан боловч ийм ноцтой зүйл энэ хуралд дээр огт дурьдагдсангүй.
Сүхбаатар аймагт хайгуулын 200 орчим, ашиглалтын 30 тусгай зөвшөөрөл авсан байдаг. Эдгээрийг бүгдийг шалгах гэвэл хүн хүч, цаг хугацаа,төрийн маш их хөрөнгө мөнгө үрэгдэх нь мэдээж. Энэ их хөрөнгийг шалгаад ч орон нутаг цэгцлэх боломжгүй юм. Яагаад гэвэл манай төрийн утгагүй бодлогоор хийгдсэн “Ашигт малтмалын тухай” хуульд нэг аж ахуй нэгжид олгох лицензын тоог хязгаарлахгүй гээд лицензийг олгосоор л байгаа шүү дээ…