Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь агентлаг албад болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, бизнесийн төлөөлөл хорь гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Улиастай балгаст ажлын айлчлал хийжээ.
Хоёр улсын аймаг, хошууны удирдлага ойрын жилүүдийн хамтын ажиллагааны “Санамж бичиг” үйлдэж Монгол Улсын Бичигтийн боомт дээр иргэдийн суурьшлын бүс бий болгож буйтай холбогдуулан Хятадын хөрөнгө оруулалтаар Бичигтийн боомтод 7.5 км, Эрдэнэцагаан суманд 1.5 км цахилгааны шугам татах, захиргааны барилга, арван айлын орон сууц барих, нэг км бетонон хучилтай авто зам тавихаар тохиролцсон байна.
Мөн тогооч, гагнуурчин, мал аж ахуй, газар тариалангийн мэргэжилтэнд урт болон богино хугацааны сургалтаар мэргэжлийн боловсрол олгох, иргэд, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний болон монгол маркийн үзэсгэлэн худалдааг Зүүн Үзэмчин хошуунд зохион байгуулах, Дарьганга хүүхдийн зусланд Зүүн Үзэмчин хошуунаас хүүхдүүдийг 3-5 хоногоор амруулах, аймаг дахь Технологийн сургуульд оюутан суралцуулах, уламжлалт эмчилгээний чиглэлээр арваас доошгүй эмч, сувилагчийг харилцан туршлага солилцуулах, 300-гаад малчныг хошууны эмнэлэгт үнэгүй төлбөргүйгээр оношлогоо, үзлэгт хамруулахаас гадна Сүхбаатар аймгаас Зүүн үзэмчин хошууны малчдад 20000 боодол өвс бэлэглэхээр болжээ.