Улсын драмын эрдмийн театрын тайзнаа энэ сарын 17-нд “Оролмаа” жүжиг тайзнаа тавигдана. Монголд мэргэжлийн урлагийн байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ой болон театрын уран бүтээлч Төрийн хошой шагналт зохиолч Донровын Намдаг агсны мэндэлсэний 100 жилийн ойд зориулан тоглох гэж байна.
“Оролмаа” жүжгийг УДЭТ-ын ерөнхий найруулагч Ч.Найдандорж найруулж, Оролмаагийн дүрд гавъяат жүжигчин С.Сарантуяа тоглохоор болжээ. Уг жүжиг 30 гаруй дүртэй учраас тус театрын бүх жүжигчин туслах болон гол дүр бүтээх аж.
Жүжгийг анх 1974 онд театрын тайзнаа найруулагч С.Галсанжавын найруулгаар амилуулж, дараа нь найруулагч Б.Мөнхдорж шинэчлэн тавьж байжээ. Мөн Д.Намдаг агсан энэ жүжгээрээ 1983 онд Төрийн шагнал хүртсэн юм. Одоогоор жүжгийг шинэчлэн тавих ажлыг “Төгөлдөр” сан дэмжиж, хувцас хэрэглэл, тайз заслын ажлыг ивээн тэтгэж байна.