Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100, Ардын хувьсгалын 90 жилийн ой тохиож буй энэ жилийн баяр наадмаа Ардын хувьсгалын нэрт удирдагч жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит аймгийнхан нар хур тэгширч, газар дэлхий шимэлсэн ногоон зуны дэлгэр өдрүүдэд сайхан тэмдэглэлээ.
Баяр наадмын өмнөх өдөр түүхэн ойнуудад зориулсан баярын хурал хийж, аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид ая дуугаа өргөж, аймгийн ИТХ-ын дарга Д.Шижирбаатар, Засаг дарга Ж.Батсуурь нар эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан тэргүүний сайчууддаа төрийн дээд одон медаль, салбарын болон аймгийн шагнал гардуулж, аймгийн удирдлага ахмад настан, иргэдийн төлөөллийн хамтаар жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв.

Аймгийн Засаг дарга Ж.Батсуурь аймгийн баяр наадмыг нээж хэлсэн үгэндээ “Энэ оны эхэнд аймгийн соёлын өдрүүдийг 46 жилийн дараа нийслэл хотдоо хийж соёл, урлагийн хүрсэн түвшингээ нийтэд сурталчилсан нь түүхт ойгоо угтсан томоохон арга хэмжээ болсон юм. Түүнчлэн өнгөрсөн жил чуулсан хөрөнгө оруулалт хөгжлийн чуулганы үр дүнгээр гадаад, дотоод болоод улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд нийтдээ арав гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр төлөвлөж, эхний хагас жилд улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын ная гаруй хувь нь ажлаа эхлээд байна.
Аймгийн төвд 700 хүний суудалтай спорт цогцолбор, 640 хүүхдийн сургуулийн, 150 ортой цэцэрлэгийн барилга болон орон сууцны гурван хороолол шинээр барьж, 2 км хатуу хучилттай зам тавьж, 1.2 км замын засвар, гудамж талбайг тохижуулах болон үерийн суваг, далангийн ажил хийгдэж, дулааны цахилгаан станц, төмөр замын бүтээн байгуулалтын ажил хийж” байгаагаа онцлон дурдлаа. Наадмын маргааш намар гэсэн ардынхаа гүн гүнзгий агуулгатай мэргэн үгийг санаж ирэх өвлийн бэлтгэлийг бүх салбарт сайтар хангах явдал чухлаар тавигдаж байгааг ч Засаг дарга хэлсэн үгэндээ онцолсон юм.
Зөөлөн шиврээ хур бороотой наадмын хоёр өдөрт зургаан насанд нийтдээ есөн зуу орчим ажнай хурдан хүлэг уралдаж, улс, аймгийн цолтой хүчит бөхчүүд барилдаж, эрхий мэргэн харваачид цэц мэргээ сорьж наадамчин олноо баясгалаа.

Нутгийн уугуул бөхчүүдээс гадна Дорнод, Завхан, Говь-Алтай, Увс, Архангай гээд арав гаруй аймгийн уугуул улсын заан, харцага, начин 17, аймгийн арслан, заан, харцага 62, сумын цолтон дөч гаруй оролцсон хүчит 256 бөх барилдаж Архангай аймгийн Их тамир сумын уугуул, сумын заан У.Батгэрэл түрүүлж, Увс аймгийн Тэс сумын уугуул, аймгийн заан Т.Баасанхүү үзүүрлэлээ. Аймгийн Засаг даргын захирамжаар найм давж түрүүлсэн сумын заан У.Батгэрэлд аймгийн арслан, 6 давж шөвгөрсөн Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, аймгийн начин Ц.Бямба-Очирт аймгийн харцага цол олгожээ.
Аймгийн наадмын сурын тэмцээнд аймгийн мэргэн Б.Хүрэлбаатар, Тэмүүлэл цогцолбор сургуулийн биеийн тамирын багш Л.Одсайхан түрүүлэв. Үндэсний шагайн харваанд 21 гоц мэргэнтэй дал гаруй харваачид оролцож Б.Ганцогт ахлагчтай Түмэнцогт, Б.Цогоо ахлагчтай аймгийн Цагдаагийн хэлтсийн, Энхбаатар ахлагчтай Уулбаян сумын баг эхний гурван байранд тэргүүлж, цуваа харваанд Уулбаян сумын уугуул Л.Жамъяанжамц түрүүлсэн байна.
Халзан сумын Л.Гөлгөөгийн хар азарга, Баруун-Урт сумын И.Бямбадоржийн хүрэн морь, Халзан сумын С.Мухарцагааны хүрэн соёолон, Онгон сумын Д.Баасандоржийн буган хязаалан, Асгат сумын П.Мөнхжаргалын хонгор шүдлэн, Дарьганга сумын М.Амгалангийн шарга даага айрагдаж наадамчин олноо баясгаж асрын өмнө торгон жолоогоо өргүүлж цолоо дуудууллаа.


Сүхбаатар аймгийн баяр наадмын зургаан насанд айргийн тавд хурдалдсан морьдын цуваа
Азарга 146
1.Халзан сумын Л.Гөлгөөгийн хар
2. Халзан сумын уугуул Р.Мөнхтөрийн шарга
3. Халзан сумын С.Амарзаяагийн хүрэн
4. Баруун-Урт сумын С.Цэрэндондовын будан
5. Баруун-Урт сумын О.Дүүрэнбилэгийн хээр
Их нас 170
1. Баруун-Урт сумын И.Бямбадоржийн хүрэн
2. Онгон сумын Ш.Мөнгөнбаатарын хээр
3. Дарьганга сумын Л.Түмэннастын хээр
4. Халзан сумын Ш.Моонжийн хонгор
5. Халзан сумын М.Нэргүйн халзан
Соёолон 140
1. Халзан сумын С.Мухарцагааны хүрэн
2. Баруун-Урт сумын Ц.Өсөхсайханы хар
3. Халзан сумын О.Ихбаярын хээр
4. Халзан сумын О.Отгонбаярын хээр
5. Мөнххаан сумын Ц.Ууганбаярын сартай хар
Хязаалан 95
1. Онгон сумын Д.Баасандоржийн буган
2. Баруун-Урт сумын Ж.Ганболдын хээр
3. Онгон сумын Ш.Мөнхбаясгалангийн хээр
4. Дарьганга сумын М. Мөнхбатын сартай хонгор
5. Баруун-Урт сумын Г.Баярхүүгийн хээр
Шүдлэн 196
1. Асгат сумын П.Мөнхжаргалын хонгор
2. Дарьганга сумын Д.Эрхэмийн хүрэн
3. Баруун-Урт сумын У.Хэрлэнгийн бор
4. Халзан сумын М.Нэргүйн хүрэн
5. Баруун-Урт сумын Ж.Ганболдын хээр
Даага 135
1. Дарьганга сумын М.Амгалангийн шарга
2. Халзан сумын Б.Сайнбаярын хүрэн
3. Баруун-Урт сумын А.Лувсандоржийн хүрэн
4. Баруун-Урт сумын Ш.Батсүрэнгийн халтар
5. Мөнххаан сумын Б.Эрдэнэцогтын ембүү хүрэн
Г.СҮХЭЭ