Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас Монголын ОҮИТБС-г дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй хөтөлбөрийг танилцуулах, үйл ажиллагааны албан ёсны нээлтийн ажиллагаа боллоо.
Энэхүү арга хэмжээнд ОҮИТБС-г дэмжигч ЕСБХБ, Засгийн газар, Компани, Иргэний нийгмийн төлөөлөгчид, хэвлэл мэдээллийнхэн оролцож өөрсдийн санал бодолоо илэрхийлж, дараах хүмүүс илтгэл тавилаа.
Монголын ОҮИТБС: Бидний амжилт ололт,хэтийн төлөв – Б.Долгор
/Монгол улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Монголын ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн нарийн бичиг/
Монголын ОҮИТБС-ыг институцийн хувьд бэхжүүлэх ач холбогдол – Д.Зоригт
/Эрдэс баялаг эрчим хүчний сайд, Монголын ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн орлогч дарга/
ОҮИТБС-ыг орон нутгийн түвшинд өргөжүүлэн хөгжүүлэх ач холбогдол – Д.Уранцоож
/Хүний эрх хөгжил төвийн тэргүүн Монголын ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн гишүүн/
ОҮИТБС-д хувийн хэвшлийн гүйцэтгэх үүрэг – С.Дэмбэрэл
/Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Монголын ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн гишүүн/
Монголын ОҮИТБС-д үзүүлэх Дэлхийн банкны дэмжлэг – Корали Геверс
/Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч/
Монголын ОҮИТБС-д үзүүлэх Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны дэмжлэг – Паул Moфат
/Европын Сэргээн босголт банкны тэргүүн зөвлөх/
Хөтөлбөрийн зорилго,үйл ажиллагаа, хүлээгдэж буй үр дүн – Жереи Вийт, Ч.Энхзаяа
/ЕСБХБ-ын Монголын ОҮИТБС-ыг дэмжих хөтөлбөрийн ахлах зөвлөхүүд/
Б.Долгор хэлсэн үгэндээ:
Өнөөдөр дэлхийн 35 орон Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг дэмжин хэрэгжүүлж байгаагаас 11 орон энэхүү санаачлагын шалгуурыг хангасны дотор Монгол улс дөрөвдөх орон боллоо.Энэхүү санаачлагыг хэрэгжүүлэхэд Дэлхийн банкнаас үзүүлсэн санхүүгийн болон арга зүйн дэмжлэг чухал нөлөө үзүүлсэн.
ОҮИТБС-тай холбоотой хууль эрх зүйн зохицуулалтыг шинээр бий болгох, тусгай зөвшөөрөл, бүтээгдэхүүний үйлдвэрлэл,олборлолт, байгаль орчны хамгаалалт нөхөн сэргээлтийн зардал,гэрээ хэлэлцээр зэргийг ил тод болгох шаардлагатай байна.
Мөн санаачлагыг олон нийт хүн амд хүргэх сурталчлах,Засгийн газар компаниудын хариуцлагыг дээшлүүлэх асуудал тулгамдсан зорилт болж байна.
Санаачлагыг хэрэгжүүлэхэд Засгийн газар орон нутгийн 70 гаруй байгууллага,300 орчим компани, 20 гаруй ТББ оролцлоо. Бидний ажлын амжилт үр дүнгээр цаашид энэ төслийг ЕСБХБанкны санхүүжилтээр үргэлжлүүлэх болсонд баяртай байна.
Төслийг Удирдах шинэ хороог өнөөдрийн хурлаар зохион байгуулна гэв.
Д.Зоригт онцлон хэлэхдээ:
Хэдийгээр Монгол улс энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж олон улсад үнэлэгдэж
4 дүгээр байранд орж байгаа боловч зөвхөн Улаанбаатар хотод л үйл ажиллагаа нь явагдаад хөдөө орон нутагт аймаг,сумын түвшинд явагдахгүй байна.ОҮИТБС-ын хэрэгжүүлэх хуулийн төсөл боловсруулж эрх зүй орчныг бий болгох хэрэгтэй байна гэв.
Паул Moфат /Европын Сэргээн босголт Хөгжлийн банкны тэргүүн зөвлөх/
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага /ОҮИТБС/нь байгалийн нөөцөөр баян орнуудын олборлох салбарын ил тод, хариуцлагатай байдлыг сайжруулах замаар тухайн орнуудын хөгжлийг дэмжих зорилго бүхий дэлхий нийтийг хамарсан үйл ажиллагаа юм.Монгол улс нь 2006 онд /ОҮИТБС-д нэгдэн орсноос хойш таван жилийн хугацаанд амжилттай ажиллаж иржээ.Монголын ОҮИТБС-нь үндэсний хэмжээний нийт 4 тайланг бэлтгэн гаргаж, олборлох үйлдвэрлэлийн талаархи бүрэн хэмжээний мэдээллийг олон нийтэд ил тод нээлттэй болгоод байна. Монголын ОҮИТБС-ын Үндэсний Зөвлөл нь тус санаачлагыг бэхжүүлэх, гүнзгийрүүлэх стратегийг батлан гаргажээ. Иймд Европын Сэргээн босголт хөгжлийн банк, Дэлхийн банктай хамтран энэхүү стратегийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна.
Г.Уранцоож онцлон хэлэхдээ:
Энэ хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх механизм байхгүй байна.
ЗГ-ын 80-дугаар тогтоолоор:
Орон нутгийн захиргаа ОҮИТБС-ын орон нутгийн салбарыг байгуулах,
ОҮИТБС-ын орон нутгийн тайланг гаргаж байх,
А лицензтэй компаниудыг ОҮИТБС-ыг хэрэгжүүлж байгаа эсэхийг хянах,
Төрийн байгууллагаууд,компани,ТББ-дын хамтын ажиллагаанд түшиглэж, орон нутгийн зөвлөл ажиллах санхүүжилтыг шийдэх зэрэг механизмыг тодорхой болгосноор ахиц гарна гэв.
Баяншарга ТББ-ын тэргүүн Л.Бор хэлэхдээ:
Энэ хөтөлбөр орон нутагт үнэхээр хэрэгжихгүй байгаа гэж Д.Зоригт сайдын хэлсэн үнэн.
Бидэнд хууль дүрэм дутагдаагүй,Монголын ОҮИТБС-ын хөтөлбөрийг Үндсэн хуульд нийцүүлэн, Ашигт малтмалын тухай хууль,Цөмийн энергийн тухай хууль, ил тод хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх олон улсын санаачлага зэрэг хууль дүрэм журамтай уялдуулан хэрэгжүүлбэл үр дүнд хүрнэ. Дээрхи хуулиудад бидний унасан газар,угаасан усаа, уул уурхайд ашиглуулах эсэхээ мэдэх ёстой заяагдмал эрх ашгийг хассан хязгаарласан заалтаа л өөрчлөөд өгчих.Тэгвэл иргэд бид хаанахын ямар компани ямар үйл ажиллагаа явуулж, ямар ашигтай ажиллаж байгааг мэдэж хянаж чадна.
Иймд компанид хайгуулын лиценз олгохоос эхлээд бүх л үе шатанд орон нутгийн захиргаа, иргэд,ТББ, компани тэгш эрхтэй оролцдог гурван талт гэрээ хэлэлцээр хийх эрх зүйн орчныг бүрдүүлээд өгөхөд л компаниудын үйл ажиллагаа ил тод болно. Орон нутагт ОҮИТБС-ын хэрэгжүүлэх механизм бүрдээгүй үед дээрээс албадан хэрэгжүүлэх нь үр дүнд хүрэхгүй.
Нэгэнт байгаль орчныг нь сүйтгээд сая сая долларын хөрөнгө босгочихсон том компаниудын араас санхүүгийн баримтанд шалгалт хийлгэнэ гээд, гадаадаас өндөр үнэтэй зөвлөх, аудит оруулж тэднийг татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулах нь хэр оновчтой юм бэ? Гэдгийг бодох хэрэгтэй. ЕСБХБанкны санхүүжилт, Монгол Улсын Засгийн газраас гаргах санхүүжилтээс орон нутагт хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулж хувиарлах нь зүйтэй гэж үзэж байна.
Үндэсний соёмбо хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав.
Монголын ОҮИТБС-ын хөтөлбөрийн санхүүгийн төсөв нь жилд 500 сая евро юмуу? Их төсөвтэй юм байна. Энэ хөтөлбөрийн үйл ажиллагааг дэмжиж байна.Одоо ихэнх уул уурхайн компаниуд хувьцаа гаргаад ирэхээр иргэд өөрийнхөө хувьцаа хөрөнгөндөө хяналт тавих нэг боломж бүрдэнэ гэж найдаж байна.
Жереи Вийт, Ч.Энхзаяа /ЕСБХБ-ын Монголын ОҮИТБС-ыг дэмжих хөтөлбөрийн ахлах зөвлөх/
Монголын ОҮИТБС-ын хөтөлбөрийг ЕСБХБ-аас дэмжих хөтөлбөрийн зорилго нь:
- Олборлох салбарын ил тод,хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх замаар хүн бүрд өгөөжийг хүргэх
- -Олборлох салбарын компаниуд болон Засгийн газрын тайлан гаргах үйл явцыг хуульчлах, хөтөлбөрийн гарсан үр дүнг олон нийтэд хүргэх явдал юм.
Хөтөлбөр 2013 оны 1-сард дуусна. Үйл ажиллагааны 7 чиглэлтэй. 2007 оноос Дэлхийн банк дэмжиж байсан одоо ЕСБХБ-ын дэмжлэгээр энэ хөтөлбөрийг Адам Смит Интернейшнл компани хэрэгжүүлж байна. Адам Смит Интернейшнл байгууллага нь олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын чиглэлээр арвин туршлагатай байгалийн нөөцийн засаглалын асуудлаар зөвлөлгөө өгдөг компани юм гэж танилцуулав.
” Монгол Улсын ОҮИТБС-ыг бэхжүүлэх төсөл”-ийн удирдах хорооны шинэ бүрэлдэхүүнд дараах хүмүүс томилогджээ.
Үүнд:
- Хорооны дарга – Б.Долгор /Монгол улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх,Монголын ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн нарийн бичиг, Ажлын хэсгийн ахлагч/
- Хорооны гишүүн – С.Мягмардаш /Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга/
- Хорооны гишүүн – Ч.Цогтбаатар /ЭБЭХЯамны Уул уурхай хүнд үйлдвэрийн бодлогын газрын орлогч дарга/
- Хорооны гишүүн – Н.Дорждарь /Нээлттэй нийгэм хүрээлэнгийн менежер/
- Хорооны гишүүн – Н.Алагаа /Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал/
- Хорооны гишүүн – Корали Геверс /Дэлхийн банкны суурин төлөөгч/
- Хорооны гишүүн – Паул Moфат /Европын Сэргээн босголт,хөгжлийн банкны суурин төлөөлөгч/
- Хорооны нарийн гишүүн – /ОҮИТБС-ын Ажлын албаны харилцаа,мэдээллийн ажилтан/
- Хорооны нарийн бичгийн дарга – Ш.Цолмон /Монголын ОҮИТБС-ын Ажлын албаны зохицуулагч/ нар.
Европын Сэргээн босголт Хөгжлийн Банкны санхүүжилтээр ИБУИВУ-ын “Адам Смит интернейшнл” хүрээлэнгийн төслийн багийн хэрэгжүүлэх ” Монгол Улсын ОҮИТБС-ыг бэхжүүлэх төсөл”-ийн ажиллах чиг үүрэг журам, удирдах хорооны шинэ бүрэлдэхүүнийг, Засгийн газрын ахлах референт Монголын ОҮИТБС-ын Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Э.Сумьяа танилцуулсанаар хурлын ажиллагаа өндөрлөв.
2011.11.08 Улаанбаатар хот. Пума Империал