Элэг зүрхнээс уяатай энхрий монгол нутгийн минь,нэг гектар газар нутгийг гадаад дотоодын луйварчид ердөө л ганцхан ширхэг бохь юмуу ганцхан иштэй чихрийн үнээр худалдаж, аваад монголын хөрсөн доорхи баялагыг барьцаалан сая сая доллар босгож, мөнгөөр бөгсөө арчиж хаях нь холгүй бялхаж халгиж явааг та бид амьдаараа хараад л амьдарсан аядаад явж л байх юм даа.
Үүний нэг нь бидний улиг болтолоо ярьдаг өнөөх Авейнхоу Майнзын алдарт луйварчин “хорт Боб” гэж дэлхий дахинаа алдаршсан Фрийдланд байна.
Манай Оюу толгойг ашиглах гээд байгаа Рио Тинто гэхэд л Авейнхоу Майнзын хувьцааны ердее 9.9%-г 300 сая доллараар худалдаж авсан гэдэг.
Энэ мэтчлэн монголын баялагыг хөрсөн доор байхад нь сая сая доллар босгоод баяжиж буй гадаадын 19 компаны нэрс Ашигт малтмалын газрын Вэб хуудас дээр дурайж байна. Үүний нэг нь өнөөх Авенхоу Майнз компани юм.
Яагаад ийм боловоо гэдэг талаар жаахан тайлбар хийвэл, гадаадынхан газар нь үнэгүй шахам болохоор маш том талбайд хайгуул хийнэ гээд 9-11 жил хүртэл хугацаатай зөвшөөрөл авчихдаг.Тэгээд энэ хугацаандаа нууцаар ашиглалт хийгээд баялгыг маань зараад мөнгө олоод ч зогсохгүй хувьцаа гаргаад баяжиж байдаг. Хайгуулын хугацаа дуусахаар хамгийн багаар 30 жилээр ашиглалтынх болгож авдаг. Цаашлаад 40 жилээр сунгуулж болдог хуультай.
Авейнхоу майнз гэхэд л Итал шиг Япон шиг том газар нутаг монголд эзэмшиж байгаа гэж гайхуулсан байдаг.Эдгээр компаний ихэнхэд манай дээрхи томчуул хувьцаа эзэмшдэг гэж иргэний нийгмийн байгууллагууд үргэлж ярьдаг,хэвлэл мэдээлэлүүд ч их бичдэг. Энэ бол нийгмийн баялагыг шударга бусаар эзэмшиж буй том гэмт хэрэг.
Тэгээд орд газрын нөөцийг тогтоосон болчихоод,хайгуулын лицензтэй компанууд,Лондон,Торонто,Гонк-хонгийн олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа ширхэгийг нь 7-19 доллар хүртлэх үнээр зарж байна. Энэ хувьцааг нь гадаадын ямарч орны иргэн компаны дансанд мөнгөө хийгээд авах боломжтой.
Ингээд Монголын баялаг гадаадын иргэдийнх болчихсон,баялагын жинхэнэ эзэд ард түмэн бид хоосорч ядуурсаар байх юм.
Ашигт малтмалын тухай хуульд хувьцааны 10%-г Монголын хөрөнгийн бирж дээр худалдах ёстой боловч түүнийг тоодог гадаад гэж байхгүй. Өөрийн баялагтаа эзэн болж хянадаг төр ч манайд байхгүй. Ийм их боломжийг гадаадынханд манай “Ашигт малтмалын тухай” хууль олгож байгаа юм.
Хайгуул хийх нэг гектар талбай ердөө 0.1-0.3 цент гэж, ширхэг бохины үнэтэй байгааг Ашигт малтмалын тухай хуулийн 32.2-р зүйлээс харвал үнэмших бизээ.
Ихэнх албан тушаалтнууд,уул уурхайн салбарынхан “хайгуулын тусгай зөвшөөл” ямарч аюултай зүйл биш улсын төсөвт л хөрөнгө оруулдаг бид хаана юу байгаагаа мэдээд авахад илүүдэхгүй гэж, мэлзэж ярьж ард түмний тархийг угаадаг.
Гэтэл энэ “лиценз” гэдэг алга дарам аюултай цаасаар Монголын хамаг үнэт баялаг,түүх дурсгалт зүйлс,бэлчээрийн нутаг, байгаль орчин , үндэсний уламжлалт ёс заншил,газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолд ч алдагдаж буйг харуулах нотлох жишээ баримт өдөр тутмын амьдралд дэндүү хангалттай байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 дугаар заалтыг өөрчлүүлэх гэж иргэний нийгмийн байгууллагууд 4 жил шахам бахираад тусыг олсонгүй.
Одоо энэ хуулийг үндэслэн “Оюутолгойг” ашиглуулах гэрээ хийчихээд түүнээ батлуулах гэж С.Баяр тэргүүнтэй засгийн газар үхэн хатан зүтгэж байна.
Алдарт 5.5 дугаар заалтын утга нь: Манай газар доорхи баялгыг /гадаадын/хэн нэгэн этгээд,өөрийнхөө хөрөнгөөр хайгуул хийж олоод нөөцийг нь тогтоосон бол уг нөөц баялаг нь тэр хүнийх болох ажээ. Тэгээд тэр этгээдээс монголын төр 34% хүртлэх хувьцааг мөнгөөрөө худалдан авч, уг уурхайг ашиглахад хөрөнгөө оруулсан гэж оролцох эрхтэй болох гэнээ.
Монголчуудын ярьдагаар хар ухаанаар бодоод үзсэн ч Өмнөговийн аймгийн Ханбогд сумын нутаг хэнийх бэ? Тэгээд түүний хөрсөн доорхи баялаг нь хэнийх бэ? Гэж асуухад тэндэхийн 5 настай хүүхэд ч манай сумынх гэж тов хийтэл хариулна даа.
Өөрийнхөө баялгыг” хууль”/хайгуулын лиценз/ гаргаж гадны хүнд ширхэг бохины үнээр өгчихөөд түүнээсээ жаахан хэсгийг бид худалдаж авьяа гээд “Авейнхоу майнз”-ээс гуйгаад царайчлаад байгаа нь эмэгнэл биш гэж үү?
Бас нэг жишээг хэлэхэд энэ оны 4-р сард Дорнодын Гурванбулаг, Мардайн ураны орд эзэмших хайгуулын лицензийг Канадууд, Хятадын улсын нэг компанд … хэдэн зуун сая доллараар худалдахад, баялагын эзэн “Монгол улс” тэднийг бүртгэхээс өөр ямарч эрхгүй сууж байгаа нь ноцтой асуудал биш гэж үү?
Энгийнээр бодоход хүний юмыг түр хугацаагаар эзэмшиж байгаа хүн зарах гэвэл жинхэнэ эзнээс нь асууж, бас төлбөр өгөх ёстой биздээ. Гэтэл ийм хууль эрх зүйн зохицуулалт манайд байхгүй.
Өвлөсөн их хөрөнгөтэй мангардуухан хүнийг зальтай хүмүүс хуураад юмыг нь зүгээр шахуу аваад байдагтай яг адилаа. Гэхдээ төрийн томчуулын хувьд нь том эрх ашиг байдаг болоод л гадагшаа явах болгондоо манайд ирээрэй,манайд ирээрэй баялагаа өгөе гээд явдаг байлгүй дээ.
Монголын нутаг бүхэлдээ олон улсын хайгуулын талбай болчихсон өнгөрсөн жил хайгуулын лиценз 5000 байсан бол энэ онд 5900 болж, ашиглалтын лиценз 1095 байснаа 1550 болж тус тус өссөн. Ашигт малтмалын газар гэдэг “Монголын газар нутгийг зардаг дэлгүүр” байдаг. Аймаг бүрд жилдээ 10-30 лицензыг цуцалчихаад, шинээр тийм тооны лиценз өгчихөөд, дүнгээ харуулаад бид лиценз олголтыг хязгаарласан гээд суудаг.
Энэ “дэлгүүрийн эзэд” их маапантай хуульд заасан хугацаа нь дууссан лицензыг сунгаж л байдаг.Хайгуулын төлөвлөгөөт ажлаа хийгээгүй байсан ч,зөвшөөрөлгүй талбайд хайгуул хийчихсэн ч, байгаль орчны нөхөн сэргээлт хийгээгүй байсан ч мэддэггүй юмуу мэдсэн ч сунгаад байдаг. Хуульд заасан олон үүргээ умартсан “дээдсийн захиалгаар” газар нутагаа зардаг энэ албанд хяналт тавьдаг газар монголд бас л байдаггүй.
Тэгэхээр хайгуулын тусгай зөвшөөрөл “лиценз” гэдэг энхийн цагаан тагтаа шиг гэмгүй ариухан эд биш, ямар их газраа баялагаа гадныханд зүгээр шахуу алдаж, гарз хор хохирол амсаж, монголчууд ядуурч байгаа нь ойлгомжтой байгаа биздээ?
Тэгээд энэ хуулиа өөрчлөх юм бол хөрөнгө оруулагчдыг үргээж,монгол сөнөх юм
Ÿриад, олон улсын жижигт нийцсэн маш сайн хууль болсон гээд маадгар суугаа эрх баригчидаа яалтай билээ.
Монгол улсын үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1,2-т газар болон хэвлийдэх баялаг нь ард түмнийх/төрийн/ өмч гэж заасан байдаг.
Гэтэл үндсэн хуулиа зөрчиж “Ашигт малтмалын тухай” хуулийн 5.5 дугаар заалтыг санаатай гадныханд зориулж хийсэн нь хэнд ч ойлгомжтой юм биш үү?
Монголд одоогоор 1550 гаруй уурхай ашиглаж байгаа ч ард түмэнд ямарч хүртээлгүй байгалиа сүйтгүүлж, баялагаа гадныханд цөлмүүлээд дэмий л шогшроод сууцгаадаг. Ганц хоёрхон жишээ дурьдвал: Налайх дүүрэгт том жижиг 60 уурхай ашиглаж байгаа ч 20 000 гаруй иргэд нь ажиллагүй ядуу.
Монгол Хятадын найрамдлын билэг тэмдэг гэдэг Сүхбаатар аймгийн цайрт минералын үйлдвэр нөөц ашигласны татварын 1.5 тэрбум төгрөгөө орон нутагт төлдөггүй.Гүний усны маш их нөөцийг нь үнэгүй шахуу сордог. Эрдэнэцагаан сумын нутгийн баялгыг урьд хөрш рүү өдөр шөнөгүй цөлмөн зөөж байгаа 4 нүүрсний уурхайтай ч сумын төв нь гал алддаг,иргэд нь хилээр ганц шуудай гурил будаа оруулах эрхгүй. 6000 иргэн нь бас л ажиллагүй ядуу. Түмэнцогт суманд жоншны 2 уурхай ашигладаг нэг уулыг 4 жил ухаад дуусаж байгаа ч 2000 иргэн нь бас л ядуу сумын төсөвт орсон орлогогүй байх аж. Сүхбаатар сум ч ялгаагүй 7 уурхай ашиглаж байгаа ч 3000 иргэн бас л дээрхи сумдын адил хөгжиж гавьсан ч юмгүй. Хужаа нарт газар нутгаа сүйтгүүлж баялагаа цөлмүүлээд “хүүхдийн сургалтын төлбөр” гэдэг аймшигтай их мөнгийг яаж олох тухай гайхашаа бараад л сууцгаах ажээ.
Оюу толгойтой,толгойгүй лицензээр алдаж байгаа энэ их баялагаа бид хүртэж чаддаг бол,баян үгүй юмаа гэхэд хоёрхон сая хүн мөр бүтэн гэдэс цатгалан,сэтгэл санаа тайван амьдрах боломж байгааг ганц хоёрхон жишээг дурьдахад хэнд ч ойлгомжтой байгаа. Ганцхан цайрт минералын жилийн ашиг 240 тэрбум түүний 115 тэрбум нь авилгачдын халаасанд ордог гээд мөн ч их бичигдэж яригддаг. Аймгийн жилийн төсөв 4-5 тэрбум орчим гэвэл энэ их мөнгө бүх аймгийн төсвийг бүрдүүлэх хэмжээний хөрөнгө юмаа.
Зөвхөн Сүхбаатар аймагт олгогдсон хайгуулын болон ашиглалтын 290 орчим тусгай зөвшөөрлийн төлбөрт жилд ойролцоогоор 920 521.94 доллар буюу 1.3 тэрбум төгрөг төлөгдөх ёстой аж. Үүний 25%-г тухайн сум,25%-г аймгийн төсөвт төвлөрүүлэх хуультай ч үүнийгээ бүрэн авч чаддаг аймаг сум гэж байдаггүй,зарим удирдлага ийм хууль байдгийг мэддэггүй хөөцөлдөж үзээгүй нь гайхмаар юм.
Өнөөх дээрээс газар нутгийг нь албадаад гадаад дотоодын луйварчдад зарчихдаг төрийн захиргааны төв байгууллага АМГ, Сангийн яам нь энэ төлбөрийг хуулийн хугацаанд орон нутагт шилжүүлдэггүй байна.
Мөн аймагт ашиглалт хийдэг 27 уурхай байдаг нэртэйгээс 5-6 уурхайгаас бусад нь нөөц ашигласны татвар, байгаль орчны нөхөн сэргээлтийн зардал, ашиг орлогын татвараа бүрэн өгдөггүй. Ихэнх нь татварын бус хувиараа доод дээд түвшиндээ тохиролцоод яваад сурчихсан болохоор орон нутаг,ард иргэдэд уурхайн ашиг наалдадгүй байна.
Тухайлбал:Эрдэнэцагааны нутагт байрлаж байгаа Баян-Эрч гэгч компани 2004 оноос молибдин ашиглаж ирсэн. Гадаадын ажиллах хүчний квотын тоог 63-р хэтрүүлж түүндээ сард 73 сая төгрөг, 4 сард 300 сая төлөхөөс жилдээ ердөө 20 сая төгрөг төлсөн байх жишээтэй. Ер нь гадаадын ажиллах хүч 10% байх хуультай ч 90% хятадууд ажиллаад торгуулиа өгдөггүй нь монголд байгаа түгээмэл үзэгдэл ажээ. Энэ бүхэн ямар их хөрөнгөө баялагаа,хятадууд болон албан тушаалтны авилгад алдаж байгаагийн хамгийн наад захын жижиг жишээ юм.
Монгол хамгийн олон 732 лицензтэй Дорноговь аймаг 3 325 884.25 доллар,
624 лицензтэй Төв аймаг 1303 393.79 доллар, 567 лицензтэй Өмнөговь 7 613 561.11 доллар гэх мэтээр зөвхөн лицензээр жилд ийм их доллар улс болон аймгийн төсөвт оруулдаг ч ард иргэд нь ядуурсаар байдаг нь гайхмаар юмаа. Монголын төрийн эцсийн зорилго нь уул уурхайг газар нутгаа алдаж, баялагаа цөлмүүлж ард түмнээ үгүйрч ядууруулах гэж ашиглуулдаг юм байна л даа.
Манай улсын уул уурхайн ашиг тус орон нутагт нэг иймэрхүү л байдаг нь нийтлэг үзэгдэл болжээ.
Төрийн нэр барьсан шат шатны эрх баригчдийн баяжих хэрэгсэл болсон газар нутаг,баялагаа ард түмэн бид ч адилхан эзэмших эрхтэй
Төр нь авилгад идэгдсэн,хууль эрх зүйн орчин сул, ядуу буурай оронд гадаад дотоодын том жижиг гэмт хэрэгтнүүд, уул уурхайд хяналтаа тогтоодог сүлжээ үүсгэдэг тогтолцоо нэгэнт бий болжээ.
Аймаг сум болгонд ашиглаж буй уул уурхайгаас нутгийн иргэд “нөөц ашигласны” татвараас дансандаа тогтмол мөнгө авдаг байх. Дээрхи олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргадаг компануудын хувьцааны тодорхой хэсгийг нутгийн иргэд давуу эрхээр эзэмшдэг байхад яагаад болохгүй гэжээ. Ингэвэл хөдөөгийхөн нутгаа орхин нүүж хотын ядуус болохгүй.
Жинхэнэ баялагийн эзэн нь монголын ард түмэн бид мөн биз дээ?
Гэтэл баялагийн эзэн нутгийн иргэд аль хэдийн хятадын компанид боол болчихсон. Нэг тонн жоншыг том лантуугаар нуруугаар хугартал балбаж жижиглээд өдөрт ердөө л 3000-5000 төгрөгийн хөлс авч байна шүү дээ???
Бурханаас бидэнд энэ их баялагтай газар нутгийг заяасан байхад бид үр ашгийг нь хүртэж чадахгүй хоосон ядуу байсаар.Төрийн нэр барьсан хэсэг луйварчид албан тушаалтнууд, улс төртэй нягт холбоотой монголын нэр бүхий хэдхэн компани, гадаадынхантай хамтарч хагартлаа баяжиж байгааг хүлцэнгүй харсаар суухуу? Шинэ ерөнхийлөгч авилгачдын нурууг бөхийлгөж,ард түмний нурууг тэнийлгэж шударга ёсыг тогтооно гэж амласан нь хэзээнээс эхлэх юм бол доо.
Энх тайван эрх чөлөө өөрөө ирэхгүй гэгчээр ийм эрхээ эзэмших олж авахын төлөө иргэд бид өөрсдөө л “Монгол хүн өөрийнхөө газар нутаг баялагтаа эзэн биш” гэж хуульчилсан одоогийн “Ашигт малтмалын тухай хуулийг” өөрчлүүлэхийн төлөө тэмцэхгүй бол үр ач нар маань үүрдийн ядуус зарц байх болно шүү?
Л.Бор 2009 оны 9 дугаар сар 09