Монголд цөмийн хаягдлын агуулах барих Япон-АНУ-Монголын гэрээ батлагдах шатандаа орсон тухай мэдээллийг өнөөдөр хүргэж байна.Гол нь Монгол Улс өөрийн олборлосон ураны хаягдлаа буцаан авах нөхцөлтэйгээр экспортлох хэлцэл хийж байгааг албаны хүмүүс хэлсэн тухай УИХ-ын гишүүн эрхэм дөнгөж өчигдөр хэлсэн байгаа. Тэгэхээр Майничи сониноор зогсохгүй олон улсын хэвлэлийн хуудсаар бичигдээд байсан эл мэдээлэл ийм маягаар баталгаажих шатандаа орж байна.
Токио (Киодо)—цөмийн түлш үйлдвэрлэж, хаягдал түлшийг булшлах цөмийн мөчлөгийн тогтолцоог байгуулах тухай Япон-АНУ-Монгол 3 улсын хооронд байгуулагдах гэж буй гэрээний төсөлд Монгол улс бол цөмийн хаягдал түлшийг буцаан илгээх эцсийн цэг мөн хэмээн бичжээ гэж тус гэрээний нэг хувийг олж авсан Киодо Ньюс сонин мэдээлсэн байна.
Нэр дурьдсан орнуудын байгуулахаар зорьж буй цөмийн түлшний цогц үйлчилгээ гэгчийн талаарх тус баримт бичгийн төсөлд ураныхаа түлшийг бусад орнуудад экспортлоод тэндээс гарах хаягдал түлшийг нь буцаан авч нутагтаа булшилдаг манай гаригийн анхны тогтолцоог Монголд байгуулна гэж бичжээ.
Гэрээний төсөлд НҮБ- ын цөмийн асуудал хариуцсан хянагч сахиулын үүрэгтэй Олон Улсын Цөмийн Энергийн Агентлаг нь Монголд цөмийн хаягдал түлш хадгалах агуулах байгуулахад техникийн туслалцаа үзүүлж болзошгүй тухай бас дурьджээ.
Саяхан Фукушима Даичигийн АЦС дээр тохиолдсон гамшигт явдлын дараахан иймэрхүү зүйлийг зохион байгуулахад хүндрэлтэй байж болох ч энэ асуудалд оролцож буй талууд, нэн ялангуяа хувийн пүүс компаниудын зүгээс тус санаачлага хэрэгжинэ хэмээн ихээхэн найдлага тавьж суугаа аж.
Цөмийн эрчим хүч сонирхож буй улс орнуудынхувьд АЦС-аас гарах ашигласан түлшээ бүрмөсөн далд оруулж булшлах асуудал хамгийн хүндрэлтэй. Тэд бүү хэл цөмийн энерги ашиглаж гаршсан Япон, АНУ мэтийн туршлагатай орнуудад ч цөмийн түлшний хаягдлаа бүрмөсөн булшлах тогтолцоо өнөөдөр байхгүй юм.
Үүнтэй зэрэгцэн, Япон болон Америкийн компаниуд нь дээрх санаачлагад дөрөөлж, цөмийн эрчим хүч ашиглах сонирхолтой улс орнуудад цөмийн энергийн дэд бүтцийг сурталчилж, улмаар худалдааны гэрээ хэлцэл байгуулж, ашиг хонжоо олохоор сонирхож байна хэмээн шүүмжлэгчид байна.
Гэрээний төсөлд цөмийн түлшний мөчлөгийг зохицуулах олон талт арга барилыг бий болгохын ач холбогдлыг тэмдэглэхийн сацуу бусад орнуудад цөмийн түлш ханган нийлүүлэх арга механизмыг байгуулах нь чухал хэмээжээ.
Тус баримт бичигт гурван улсын төлөөлөгчид тогтмол уулзалдаж, уран олборлох, цөмийн түлш боловсруулах хийхээд хаягдал түлшийг дахин боловсруулах, булшлах үе шатуудад үзүүлэх цогц үйлчилгээний талаар аюул осолгүй, хамгаалалттай, хариуцлагатай бөгөөд энхтайван ч замаар арилжааны тохиролцоо байгуулах ёстой гэж бичсэн байна.
Японы зүгээс энэхүү санаачлагыг Санхүү, Худалдаа, Үйлдвэрлэлийн Яам хариуцсан.Тус гэрээний анхны хувилбарыг Америкчууд боловсруулсан бөгөөд гэрээнд бүр өнгөрсөн 2 дугаар сард гарын үсэг зурахаар тус Яамнаас төлөвлөж байсан ч Японы Гадаад Явдлын Яам эсэргүүцсэний улмаас үйл явдал түр хойшилсон гэж Япон дахь мэдээлэгч мэдэгдсэн юм.
Киодо Ньюс сонингийхны гарт тус Яамны Байгалийн нөөц ба эрчим хүчний хэлтсийн дотоод хэрэгцээний зориулалттай нэгэн баримт бичиг орсон ба тэрхүү бичигт Японы Санхүү, Худалдааны Яам болонТошиба корпораци нь дээрх санаачлагыг талаар АНУ-ын Эрчим хүчний Яам хийгээд Монголын засгийн газартай сэмхэн уулзаж хэлэлцэж буй тухай өгүүлсэн байв.
Түүнчлэн Яамны баримт бичигт Монголчууд Арабын Нэгдсэн Эмират улстай холбоо тогтоож, ураны түлш нийлүүлж, ашигласан түлшнийх нь хаягдлыг эргүүлж авах талаар хэлэлцээр хийж эхэлсэн тухай хүртэл мэдээлсэн байжээ.
2011-07-19
Орчуулсан Амарлин ([email protected])