Түмэнцогтынхон ирэх өвлийн өвс тэжээлээ шаргуухан бэлтгэж байлаа.Бид “Түмэнцогт” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын харьяа хадлангийн механикжсан бригад Шилийн холбоо гэдэг газарт хадландаа гараад байхад нь очлоо.
Тэнд сумын ИТХ-ын дарга Г.Энхбаттай уулзахад:
– Манай энэ хадлангийн механикжсан бригад хорь гаруй жилийн түүхтэй хамт олон юм. ОХУ-д үйлдвэрлэсэн 1977 оны трактор, өвс хадах техник төхөөрөмжийг ашиглаж байна. Жилдээ 800-1400 тн өвс бэлтгэдэг юм. Энэ уил 800 тн өвс бэлгэнэ. 7 дугаар сарын хорьдоор хадландаа гарсан, одоогоор хориод мянган боодол өвс бэлтгээд байна. Эднийхэн нарийн ногоон өвс бэлтгэж хурдан морь тэжээдэг газруудад борлуулдаг юм гэж ярьлаа.

Хуучин тогтолцооны үед төвлөрсөн журмаар хэдэн арван мянган тонн хадлан бэлтгэдэг байсан механикжсан бригадыг хориод жилийн дараа Түмэнцогтод хардаг байна. Эднийх улаан тракторт бэхэлсэн 3 хадуур, 1 тармуур, хаман боогчтой юм байна Хаман боогчийнхоо араас уртасгагчаар боосон өвсөө шууд чиргүүлд ачиж нуруу хийж байлаа. Тэнд 6 трактортой, 15 хүн ажиллаж байлаа.
“Өвс хатаж шивээтэй болж байна. Шивээ ихтэй өвс малд муу. Мөн өвс хатаад гал түймэр гарах аюул их байна. Иймд бид 9 дүгээр сарын эхээр бууна. Бидний хийж дадсан ажил маань юм болохоор намартаа хадланд гарах сайхан байдаг. Бэлтгэсэн өвсөө борлуулж амьжиргаандаа нэмэрлэнэ” гэж хадланчид ярьж байв.
Эдний бэлтгэсэн боодолтой ногоон өвс газар дээрээ 1500-1800 төгрөгийн үнэтэй байна.
Мэдээг бэлтгэсэн: Г.Сүхээ