Манай улс ашигт малтмалын 1687 лицензийг гадаадын 23 улсад ”найр тавин” өгчээ | ||
|
||
Бид хэзээд зэрэгцэн орших жамтай хоёр хөршийнхөө дунд хавчуулагдсан жийргэвч бүс төдий байхаа нэгэнт больсон. Энэ нь тун сайн хэрэг ч, ашигт малтмалын гачаалд орохын зэрэгцээ даяаршиж буй дэлхийн улс орнуудын хөлд үрэгдэн хоосон үлдэж, цаашлаад газар нутгаа тэр чигт нь тавиад туучихгүйн тулд санаагаа чилээх хэрэгтэй байна. Монголын төр үүнийг эдийн засгийн хөгжлийн бодлоготойгоо хамтад нь анхаарах ёстой. Энэ тухай ярьдаг ч бодит байдал өөр үр дүнг үзүүлж эхэллээ. Дэлхийн засаглалын санаачилгын захирал Параг Ханна гэх эрхэм найман зууны тэртээд байлдан дагуулалтаараа дэлхийг чичрээж байсан Монголчууд 21 дүгээр зуунд Minegolia улс болж харийнхны санаа болоод саварт нь багтаад байгааг шууд биш ч, нухацтай хэлээд буцсан. Үнэний хувь ихтэй үг болохоор дуулж сонссон нөхдүүд ойр зуураа халаглаж суугаа. Санаанд багтах нэг хэрэг. Харин саварт нь багтана гэдэг ноцтой асуудал. Бид хөрш Хятадаас болгоомжлох үзэлтэй. Тэр нь ч буруу биш. Гэхдээ улс төр болоод цэрэг дайны аргаар бус эдийн засгийн давамгай байдлаар, тэр дундаа газрын доорх нөөц баялгаар нь худалдан авдаг жишиг дэлхийд үйлчилж байна. Одоо бид зөвхөн хөршүүдээсээ төдийгүй бусад улс орноос эрүүл сэтгэлгээгээр болгоомжлох учиртай. Манай улсын Ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн тоо бүртгэлд 62 төрлийн ашигт малтмалын 1170 орд, 8000 орчим илрэл тэмдэглэгдсэн байгаа. Мөн хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо 3603, Ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо 1904. Эдгээрийн нийт талбай нь Монгол орны нутаг дэвсгэрийн 24.3 хувийг эзэлж байна. Ашигт малтмалын тухай хуульд, нэмэлт өөрчлөлт оруулж , хайгуулын ажлын зардлын доод хэмжээг зааж өгсөн. Тиймээс тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн явуулж байгаа ажил бодьтой болж талбайд хийх судалгааны ажил нэмэгдсэн гэх мэдээллийг салбарынхан өгч байгаа. Энэ өсөлттэй зэрэгцэн орд газруудын лиценз чухам ямар байдлаар хэн гэгчид очоод байна вэ гэдгийг ярих ёстой. Учир нь лиценз эзэмших нэрээр гадаадын компани, иргэд манай газар нутгийг эзэлж авч байна гэх хардлага бий. Тэгвэл энэ хардлагыг лавшруулбал бодит байдал дээр нэгийг бодох цаг иржээ. Манай улсын ашигт малтмалын орд газруудад гадаадын 23 улс эзэн сууж байна. Тухайлбал, Англи улс 443 лиценз эзэмшиж тус улсуудыг тэргүүлж байх юм. Харин хойд хөрш 248 лицензийн тоогоор 2 дугаарт жагсжээ. Өмнөд хөршийн тухайд 232 лиценз эзэмшдэг гэсэн тоо байна. Харин чамгүй тусламж үзүүлснийхээ хариуд биднээс багагүй зүйлийг хүсэх болсон Япон улс 141 лиценз эзэмшдэг аж. Тэгвэл холын боловч найрсаг хөрш Америк улс 12 лиценз эзэмшиж байхад, Бермуд 156 байгаа нь анхаарал татаж байна. Бас бидэнтэй төдийлөн танил бус Багами 98 лиценз эзэмшиж жагсаалтад дээгүүр гишгэжээ. Лиценз эзэмшигч улсуудын нэгдсэн тоо: Ер нь олгосон лиценз тоймоо алдсан гэдэг нь дараах хувь хүмүүсийн мэдэлд байгаа лицензийн тооноос илэрхий байна. Тухайлбал, “Монголресорсес эксплорейшн” компаний Д.Самбалайбат гэж эрхэм 247 лиценз, “Кью Жи Экс монгол лимитед” компаний Б.Ганбат 131, “Бату майнинг монгол” компаний Жон Даглас Макгей 110 лиценз эзэмшиж байна. Хувь хүмүүсийн мэдэлд байгаа лицензийн тоо: Эдийн засгийн чадамж сул бидэнд уул уурхайн салбарын нөмөр нөөлөг чухал ч, тэр хэрээрээ эрсдэл дагуулж мэдэх энэ салбарт “үндэсний онцлогтой” хандах цаг болжээ. Орд газруудыг ашиглахад их хэмжээний мөнгө шаардлагатай. Тэр нь бидэнд байхгүйн зовлон бий. Гэхдээ баялаг байгаа нь бидний хамгийн гол давуу тал. Харин энэ байдлаар бол баялаг бидэнд ямар ирээдүйг авчрах бол гэдэгт санаа зовох хэрэгтэй болох нь. |
Prev
Сүхбаатар сумын нутгаас 34192 га газар хулгайлжээ.14 July 2012Next
Шаргын шаргал уулсаа өмгөөлөн тэмцэхийн учир…14 July 2012

