“Тогтвортой амьжиргаа-2” төслийн Бэлчээрийн мал аж ахуйн эрсдлийн удирдлагын бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Түмэнцогт сумыг загвар сум болгож, сүүлийн хүёр жилд 180 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийсэн байна.
Уг төслийн Сүхбаатар аймаг дахь зохицуулагч А.Энхтуул “Улсын хэмжээнд дөрвөн аймгийн дөрвөн сумыг, тухайлбал бэлчээийн мал аж ахуйн эрсдлийн удирдлагын хүрээнд Хөвсгөлийн Манхан, Дорноговийн Хөвсгөл, Архангайн Өндөр –Улаан, Сүхбаатарын Түмэнцогт сумыг бэлчээрийн эрсдлээс хамгаалах загвар сум болгож малчдыг бэлчээрийн эрсдлийг даван туулах, түүнд бэлэн байлгахын тулд ямар ажил хийх шаардлагатайг тогтоож малчдын санал санаачлагаар ажил өрнүүлж байгаа юм. Түмэнцогт сумыг бэлчээрийн мал аж ахуйн эрсдлийн удирдлагын хүрээнд загвар сумаар тодруулж, иргэд малчдын санал санаачлагийн үндсэн дээр хөрөнгө оруулалтыг түлхүү хэмжээгээр хийж байна. Энэ жил мал эмнэлэг, үржлийн цогцолбор болох мал угаалгын ваана, зохиомол хээлтүүлэг хийх цэгийг малчдын өөрсдийнх нь санал санаачлагаар таван сая шахам төгрөгөөр барьж байгууллаа. Малчид одоо малаа угааж байна.. Хонин толгойд шилжүүлснээр нэг хонинд 100 төгрөгийн хураамжийг малчид өөрсдөө төлж манай төслөөс түүнийг нь 75.0 хувиар өсгөн өгч байгаа юм. Тэр мөнгөөр малчид нээн тэргүүнд шаардлагатай ажлаа санхүүжүүлэн хийж байна. гэж ярьлаа.
Уг төслөөс тус сумын хоёр багт нийтдээ 100 га талбайг хашиж хамгаалан царгасаар өтгөрүүлж байна. Мөн малчдыг бүлгийн зохион байгуулалтад оруулж бага оврын трактор, хадуур, тармуураар долоон багийн малчдыг хангаснаар тэд энэ намар задгай өвс бэлтгэж байна.
“Манай бүлгийн малчид мал эмнэлэг, үржлийн цогцолбор байгуулах санаачлагыг анх гаргасныг төслийнхөн дэмжиж хөрөнгө зардлыг нь гаргаснаар бид өөрсдийн хүчээр ийм сайхан байр барьлаа. Ялаа шумуул ихтэй үед малчид малаа угаалганд оруулж байна. Малчид хөдөлмөрөө хоршиж бүлгээр ажиллахын давуу талыг ухаарч ойлгож байна” гэж Баянцагаан бүлгийн ахлагч Б.Эрдэнээ ярьж байв.
Мэдээг бэлтгэсэн: Г.Сүхээ