Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнгээс дараахь тодруулгыг авлаа.
–Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-д анх удаа айлчлах гэж байна. Энэ айлчлалын хүрээнд ямар, ямар хөтөлбөр багтаж байгаа вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж энэ сарын 13-18-ны өдрүүдэд АНУ-д албан ёсны айлчлал хийх гэж байна. Мэдээж, айлчлалын хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, Сенат, Конгресын удирдлагуудтай уулзаж, харилцааны хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурна. Монгол Улс АНУ-тай гурав дахь хөршийн хэмжээнд улс төрийн найрсаг харилцаатай явж ирсэн. Харин энэ удаагийн айлчлалаар эдийн засгийн харилцааг шинэ түвшинд гаргах зорилго тавьж байна.
Ерөнхийлөгчийг дагалдан явах бизнесийн төлөөлөгчид Сан Франциско, Вашингтон хотуудад бизнесийн уулзалт хийнэ. АНУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран Вашингтон хотод хийх бизнесийн уулзалтад Ерөнхийлөгч оролцож үг хэлнэ. Бизнесийн төлөөлөгчдийн хувьд мэдээллийн технологийн болон эрчим хүчний компаниуд голлож байгаа. Ерөнхийлөгч дагалдах төлөөлөгчдийн хамт “Microsoft”, “Google” компаниар орохоор төлөвлөсөн байгаа. Мөн сүүлийн үед Ерөнхийлөгч Б.Обама эрчим хүчний цэвэр технологийн талаар их анхаарал тавьж, энэ чиглэлээрх АНУ-ын технологи дэлхий нийтийн сонирхол татах болсон. Иймээс манай төлөөлөгчид байгаль орчинд халгүй, эрчим хүчний эх үүсвэр гаргадаг газруудаар бас орж танилцах болно.
–Өөр ямар хотуудад ажиллах вэ?
-Сиэтл, Сан Франциско, Нью-Йорк хотуудад ажиллана. АНУ-аас Азитай харилцдаг гол үүд хаалга болсон баруун эргийн Сан Францискод Монгол Улс Ерөнхий консулын газраа нээх гэж байгаа. Энэ бол хоёр орны харилцаанд чухал ач холбогдолтой үйл явдал болж байгаа юм.
–Ерөнхийлөгч лекц уншина гэж бичигдэж байгаа?
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчлалынхаа үеэр хэд хэдэн сургууль, эрдэм шинжилгээний төвөөр орж танилцан, лекц унших юм. Вашингтонд байдаг Зүүн Ази судлалаар нэр хүндтэй Брукингс судалгааны төв, Сан Францискод байх Стэнфордын их сургууль, Хуверийн хүрээлэнгээр орж уулзалт, ярилцлага, зарим газар нь лекц уншина. Мөн Конгресс болон АНУ-ын ардчиллын төлөөх үндэсний байгууллагаас зохион байгуулж байгаа хуралдаанд Монголын ардчилал шинэчлэлийн ололт амжилт, туршлагын талаар лекц унших юм. Айлчлалын үеэр “Блүүмберг” телевиз, “Тайм” сэтгүүлийн редакцид зочлохоор төлөвлөсөн.
-АНУ-ын айлчлалын дараа үргэлжлүүлээд өөр газарт айлчлал байгаа байх аа?
-Цаг хугацааны хувьд АНУ-ын айлчлалын дараа Израилийн Ерөнхийлөгч Шимон Пересийн урилгаар Израйльд болох олон улсын хурал мөн ардчиллын асуудлаар Кран Монтанагийн чуулганаас эрхлэн Брюссель хотноо зохион байгуулах олон улсын хуралд урилгын дагуу оролцохоор төлөвлөж, бэлтгэлийг хангаж байсан. Гэвч төсвийн байдал зэргээс шалтгаалан оролцож чадахгүйд хүрч байна. Уг нь боловсрол, шинэ технологи, ардчилсан засаглал гээд ирээдүйд хүн төрөлхтөнд тулгамдсан асуудлуудаар ярилцах уг хурлуудад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гол илтгэгчдийн нэгээр уригдаад байсан юм. Хэдийгээр чухал арга хэмжээ ч төсвийн хувьд хэмнэлт гаргах шаардлага тулгарч буйг харгалзан уг хуралд оролцохооргүй болсон.
Мөн долдугаар сарын эхээр болох Монакогийн Ван Альбертийн хуримд гэргийн хамт уригдсан ч мөн л энэ шалтгааны улмаас оролцохгүй байхаар шийдвэрлэсэн.
-Ерөнхийлөгчийн хариуцдаг гол чиглэлийн нэг нь гадаад харилцаа. Түүнийгээ дагаад гадаадад Монгол Улсыг төлөөлөн суудаг бүрэн эрхт Элчин сайдуудыг томилдог. Одоо хэдэн Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа вэ. Шинээр томилогдох сайдын асуудлыг хэзээ шийдэх бол?
-Шинээр томилогдох Элчин сайд нарын асуудлыг УИХ-ын энэ хаврын чуулганаар батлуулна гэж найдаж байна. Ерөнхийлөгчийн хувьд энд найдахаас өөрцгүй нэг байдалд ороод буй. Үндсэн хуулинд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч гадаадад Монгол Улсыг төлөөлдөг Элчин сайд нарыг томилдог, эгүүлэн дууддаг онцгой бүрэн эрх эдэлдэг. Зөвхөн Монгол Улсад ч бус олон улсын хэмжээнд ч төрийн тэргүүн нар ийм эрх эдэлдэг жишиг байдаг. Өнгөрсөн жилийн байдлаар Унгар, Лаос улсуудад суугаа Элчин сайдуудын хугацаа дуусч, Засгийн газраас Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дагуу өгүүлэн дуудсан ч шинэ Элчин сайдыг томилоогүйгээс тэд ажлаа хийсээр байгаа. Бас Сингапурт байсан Элчин сайд эрүүл мэндийн шалтгаанаар өнгөрсөн намар эргэж ирснээс хойш элчин сайдгүй байна. Эдгээр улсуудад шинээр томилогдох Элчин сайд нарын тухай Засгийн газрын саналыг Ерөнхийлөгч хүлээж байгаа.
Бас саяхан Элчин сайд томилдог, эгүүлэн дууддаг Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдсан харамсалтай асуудал үүсээд байгааг хэлэхгүй өнгөрөхийн аргагүй.
Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Баярсайхан гэгч гадаад улсуудад ажиллаж байгаа зарим Элчин сайдыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөлгүйгээр эгүүлэн дуудсан ноцтой явдал гараад байна.
-Ерөнхийлөгчтэй зөвшилцөж асуудлыг шийдэхээр хуулинд заачихсан байтал ийм асуудал гаргасан тохиолдолд хэрхдэг юм бэ?
-Ерөнхийлөгчийн Тамгын газраас энэ үйлдэлдээ тайлбар өгөхийг ГХЯ-ны удирдлагаас албан ёсоор хүссэн. Албан тушаалаа хэтрүүлсэн албан хаагчдаа ГХЯ-ны удирдлага болон холбогдох байгууллагаас хариуцлага тооцох байх.