Майничи сонины 2 сарын 21-ний дугаарт Ерөнхий сайд С.Батболд АЦС барих гэрээ хийхээр Японд айлчлах тухай мэдээ гарсан.
Ерөнхий сайдын энэ айлчлал нь Фукушимагийн АЦС –ын ослын нэг жилийн ойтой давхцаж байгаа юм.
Хорин жилийн өмнөх Чернобылийн АЦС-ын эмгэнэлт явдлыг мартагнаж байхад, 2011 оны 3 сарын 11-нд Фукушимагийн АЦС-д осол гарсан нь, цөмийн эрчим хүчний өмнө шинжлэх ухаан хүчин мөхөсдөж , хүн төрөлхтөн ялагдалаа хүлээн зөвшөөрч , дэлхий нийтээр энэ өдрийг цөмийн эрчим хүчний золиос болж амиа алдсан мянга мянган хохирогсдыг хүндэтгэн дурсах “3-11” гэсэн нэр томьёог бий болголоо. Энэ өдөр цөмийн эрчим хүчийг хамгийн их хэрэглэдэг Франц, Япон, Герман зэрэг орнуудад цөмийн эрчим хүчийг ашиглахын эсрэг тайван жагсаал хийж, дэлхий нийтээр эв санаа дуу хоолойгоо нэгтгэж байна.
Гэтэл манай төр засгийн тэргүүнүүд гадаад оронд айлчлахдаа манайд барагдахгүй их баялаг байна гэж “лиценз” гэгч алгын чинээ цаасаар хамаг баялаг газар нутагаа гадныханд өгсөөр уух усгүй, амьдрах газаргүй, малаа бэлчээх нутаггүй болох аюул бидэнд өдөр өдрөөр ойртсоор байна.
[nggallery id=3]
Сүүлийн үед манай эрх мэдэлтнүүд АЦС барьж “үсрэнгүй хөгжих” талаар ярьж тархи угаах ажиллагааг хүчтэй явуулдаг боллоо.
Өнөөдөр Монголд Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Дорнод аймгийн Гурванбулаг суманд Францын Арева компани ураныг газар дор хүчлээр уусгаж, “шар нунтаг” гарган авч байгаа нь гүний усыг маш ихээр цацрагаар бохирдуулах аюултай арга юм. Энэ аргаас Австрали улс хүртэл татгалзаад байна.
Уран олборлоход хорт хий радон ялгарч, үхлийн тоосонцор дэгдэж, уурхайчид, нутгийн иргэд, хүүхдүүд хорт хавдраар өвчилж, аливаа амьд организмын ген буюу удмын санг устгадаг.
Одоо Японд Токиогийн ундааны ус, төрсөн эхийн хөхний сүүнээс цацраг илэрч, Фукушимагийн ойролцоох хот тосгоны иргэдийн хэвийн амьдрал, ирээдүйдээ итгэх итгэл алдарч, төрж буй хүүхдүүд хамраас нь цус гоождог, сулдаатай, зүрхний цоорхойтой гэх мэт элдэв өвчин гажигтай гарч байна.
Монголд барихаар санаархаж буй 100 MW хүчин чадалтай АЦС-нь жилд ойролцоогоор 27 тонн ураны түлш хэрэглэнэ. Монгол 1.4 сая тонн ураны нөөцтэй гэж ярьдаг бол, цөмийн реакторыг 60 жил ажиллуулахад 1620 тонн уран ашиглаж, үлдсэн 99.9% уранаа гадагш гаргах тооцоо гарч байгаа юм.
Ингэснээр 1 сая 398 тонн дотоодын уранаа “Монголын Цөмийн Санаачилага” гэдэг төсөлөөр Япон,Арабын Эмират,Тайвань, Солонгос,Энэтхэгт ашиглуулаад, тэндээс гарсан цөмийн түлшний хог хаягдлыг буцааж авч ирээд Монголын говь хамгийн тохиромтой газар гэж үзэж “булшлах” юм гэнэ.
Ингэж Монгол улс цөмийн түлшний лийзинг гэдэг наймаа хийж, мөнгөний далайд умбаж, ард олон бид цэнгэлийн манлайд хүрэх юм байна.
Гэтэл өнөөдөр Канад, Украйн,Австрали гээд уран олборлогч улс орнууд гадагшаа гаргасан ураныхаа хаягдлыг буцааж авдаггүй байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гадны цөмийн түлшний хог хаягдлыг бол авахгүй, харин дотоодынхоо ураны хаягдлыг буцааж авах гэсэн санааг хэлж буй бол, Ерөнхий сайд С.Батболд цөмийн энергийг энхийн зориулалтаар ашиглах тухай гэрээ хэлэлцээр хийсээр, мөн энэ өдрүүдэд ч японы Мицубуши компанитай уран ашиглах гэрээ хийсэн байна.
Өөрөөр хэлбэл монголоос гаралтай ураны хог хаягдал монголчуудыг хордуулахгүй гэж л тархи угааж мунхруулсан хэрэг.
Монгол улс Цөмийн эрчим хүчний эх үүсврийг ашиглах талаар Монгол улсын үндэсний хөгжлийн цогц бодлогод тусгагдсан, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон, Цөмийн эрчим хүчийг ашиглах хөтөлбөр нь батлагдсан, төлөвлөгөө нь гарчихсан, Цөмийн энергийн тухай хууль, УИХ-ын шийдвэр гарчихсан зэрэг бүх эрх зүйн орчинг бүрдүүлчихээд одоо АЦС барих ажлаа хэрэгжүүлэх гэж байна.
Монгол улс АЦС бариж “үсрэнгүй хөгжих” гэдэг үлгэр бол Монголын ураныг үнэгүй шахам ашиглаж, цөмийн хаягдалаа булшлах гэсэн харийнхны бодлого юм.
Монголд хариуцлагын ямарч тогтолцоо байхгүй, авилгал дээд зэргээр цэцэглэсэн, эрх баригчид нь худлаа ярьдаг, нийгмийн асар их өмч хөрөнгө,газар нутаг баялгыг ханаж цадахгүй хулгайлсаар байдаг,цөмийн салбарын технологи огт хөгжөөгүй, бодлогоор бэлтгэгдсэн залуу боловсон хүчин байхгүй, хууль бус наймаа, архидалт, гэмт хэргийн сүлжээнд холбогдсон Монголын нийгэмд АЦС шиг асар их хариуцлага шаардах, эмзэг байгууламж, асар их хор хохирол, осол аюул эрсдэл дагуулах юм.
Засгийн газрын гишүүд дунд Монголд цөмийн хаягдал булшлах яриа хэлэлцээр хийсэн гэж Цөмийн Энергийн газрын дарга асан Ц.Энхбат илчилсэн.
УИХ –ын гишүүд, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд ,Монгол улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал,эрдэс баялаг, үндэсний эрх ашиг,одоо болон ирээдүйн хувь заяаг, төрийн эрх барьж буй түр хугацаандаа толгой мэдэн шийдэх эрх байхгүй, хэрэв та бүхэн ард түмний санал авахгүй, АЦС барих уран ашиглах ажлаа зогсоохгүй байх аваас түүхэнд “хар толбо” болон үлдээж, хэзээ нэг цагт хууль цаазын өмнө толгой гудайн зогсох болно.
Хүн ямар үйл үйлдэнэ, түүнийхээ үр дагаврыг заавал амсах жамтай гэсэн Бурхан багшийн сургаалийг санацгаа!!!
Хүн гэдэг зуун жил наслахгүй зуурдын өчүүхэн амьтан байж, мянган жилийн зовлон шаналгааг дуудаж Монголын сайхан эх орноо”халуун там”-д буцалгах уу? гэдэгээ ухаарч бодоорой эрх мэдэлтнүүдээ!!!
Ашигласан эх сурвалж :Ураны эсрэг ФБ групп хөдөлгөөний бэлтгэсэн материалаас….
2012.03.11 Л.Бор