Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг ,Ашигт малтмалын газрын
Уул уурхай кадастрын хэлтсийн дарга Л.Даваацогттой хийсэн ярилцлага.
-Сайн байна уу? Тантай ярилцаж хэдэн зүйлийг тодруулах гэсэн юмаа болох уу?
-Бололгүй яах бэ? Та наашаа суу гэв.Бичиг баримт үнэмлэхээ үзүүлсний дараа асууж,ярилцаж санал бодлоо солилцов.
-Л.Б: Манай Сүхбаатар аймагт нутгийн иргэдийн олон үеээрээ тахиж шүтэж ирсэн 50 гаруй уул овоод байдаг. Монгол хүн тахилгат шүтээн уул овоогоо хөндөх нь бүү хэл,дэргэдүүр нь өнгөрөхдөө нэрийг нь хэлэхээс цээрлэн” Хайрхан” гэж шивнэж залбирч байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалж ирсэн нандин сайхан уламжлалтай ард түмэн. Гэтэл сүүлийн жилүүдэд тахилат уул овоодыг маань уул уурхайн лицензээр гадаадын хүмүүст өгчихсөн байдаг боллоо. Үүнийг нь нутгийн ард түмэн байтугай,орон нутгийн засаг захиргаа ч мэдээгүй байх юм. Тухайлбал Зотол уул,Шарга уул,Мөнххаан уул,Халзан уул, Уулбаяны Алтан-Овоо, Эрдэнэжавхлант,Эрдэнэмандал,Баяр-Ихт…гэх мэтээр.Эдгээр алдартай тахилгат шүтээний судар ном, хөрөг дүр нь төв номын сан,Занабазарын музейн сан хөмрөгт хадаглагдаж байдаг юм билээ.
Үүнийг эсэргүүцэж нутгийн иргэд,лам нар тэмцэж, зарим уулыг өрөмнөөс нь дүүжлэгдэж байж зогсоож байсан. Энэ тухай та сонсож дуулсан биздээ.
-Л.Д: Би монгол хүнийхээ хувьд тахилгат уул овоог хөндөж байгаад, мэдээж та нарын адил дургүй байлгүй яах бэ? Харин би танай нутагт ийм асуудал байгаа гэдгийг дуулаагүй юм байна. Танай аймгийн ИТХ, Засаг даргаас хуулийн дагуу санал авч шийдвэр гаргадаг шүү дээ.
-Л.Б: Эдгээр тахилгат уул овоонд лиценз олгохдоо ихэнх нь,тухайн сумын ИТХ-р огт хэлэлцэгдээгүй байдаг. Лицензыг олгохдоо, газрын зурагт тэмдэглэгдсэн батлагдсан нэр томьёогоор Шарга уул,Зотол уул гэж авдаггүй ,Асгатын талбай-2, Хайрхан гэх мэт зохиомол нэрээр бултуулдаг юм билээ. Ийм нэртэй газар хаана байдаг юм бэ?гэж танай дээр ирж шалгуулж бид мэдсэн юм даа. Ердөө л уртраг,өргөрөгийн хэдэн цэг л тавьсан байдаг. Үүнийг ард түмэн “координатын хулгай” гэж нэрлэдэг шүү.
-Л.Д: Ашигт малтмалын тухай хуулийн 19.4-р зүйлийн дагуу танай аймгийн засаг дарга чинь,сумынхаа шийдвэрийг гаргуулаад дараа нь аймгийнхаа ИТХ –ын шийдвэрийг үндэслэн 30 хоног дотор саналаа ирүүлэх ёстой. Иймээс сумдын саналыг аваагүй нь,аймгийн засаг даргын асуудал учир хуулиараа манайтай хамаагүй л дээ.
-Л.Б: Орон нутаг 30 хоногт багтааж сумын,аймгийн хурал хийлгэх боломж бодит амьдрал дээр байхгүй. Хариугаа өгсөн ч өгөөгүй ч адилхан хуулинд татгалзах заалт байдаггүй. Замбараагүй олон лиценз авчихсан компаниудаас татвар төлөөсөө авах гэж гуйх, шүүхдээд очихоор лиценз нь зарагдчихсан байдаг гээд бөөн төвөг болдог, дээрээс лицензын материалыг яаралттай бүрдүүлж өг гээд дарамт шахалт их ирдэг гэж аймгийн засаг дарга нар ярьдаг.
-Л.Д: Би энэ ажлыг авснаасаа хойш “Ашигт малтмалын тухай хууль” ийн хүрээнд л үйл ажиллагаагаа явуулж байна. Өмнөх зүйлийг мэдэхгүй. Хуулийн заалт амьдралд нийцэж байгаа эсэхийг УИХ –ын гишүүдэд л тавих асуудал гэж үзэж байна.
-Л.Б. Хайгуулын лицензийг албаны ихэнх хүмүүс, хаана ямар нөөц баялаг байгааг мэдээд авах,бас улсын төсөвт их орлого оруулдаг ашигтай зүйл гэж ярьцгаадаг.
Танай Вэб хуудас дээр тавигдсанаар 19 гадаадын компани хайгуулын тусгай зөвшөөрлөөр олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаад ,гадаадын иргэд баяжаад байхад,баялагийн эзэн нутгийн иргэд ямарч хувь хүртэхгүй улам ядуурч байгаа нь ашигтай гэж үү? Эдгээр компаний нэг Авенхоу Майнз компаниас төр маань 34%-г мөнгөө төлөөд авахаар гуйгаад байгаа шүү дээ? Тэд Монголд Япон шиг Итал шиг том газар нутагт асар их баялагийн эзэн болсон гэж гайхуулдаг. Тэгэхээр хайгуулын лицензыг ямарч гэм хоргүй ашигтай гэж үзэж болох уу?
-Л.Д: Хайгуулын лицензын хувьд албаны хүмүүстэй би санал нэг байна л даа.
Гэхдээ энэ хуулинд хайгуулаар илрүүлж олсон нөөц баялагын эзэн хэн болох,эзэмших хувь хэмжээг тодруулж зааглаж өгөх хэрэгтэй байх. Өөрөөр хэлбэл хайж олох нэг асуудал,хайж олсны дараах нь баснэг асуудал юм. Энэ хуулийн 5.5 –р зүйлд өөрчлөлт оруулах эсэхийг УИХ –ын 76 гишүүдийн мэдэх асуудал.
-Л.Б: Газрын доорхи эрдэс баялаг бол сая живаа жилийн үр дүнд бий болдог хязгаардмал нөөц,эргэж нөхөхдөхгүй,баялагаа их ухвал ус,ургамал гээд байгалийн тэнцэл зохицол алдагдаж, амьдралгүй болно гээд эрдэмтэн судлаачид их бичдэг юм билээ.
Гэхээр энэ хайгуулын болон ашиглалтын лицензыг хүссэн этгээдэд хягаарлахгүй гээд бөөндөж өгөөд байдаг зөвүү? Танай газраас олгодог лиценз ч байнга өсөөд байдаг. Тухайлбал 2008 онд хайгуулынх 4000,ашиглалтынх 1095 байсан бол 2009 оны 7 сарын 23-ны байдлаар хайгуулынх 5984, ашиглалтынх 1550 болж өссөн байна.Энэ бол танай Вэб сайт дээр байгаа мэдээлэл.
-Л.Д: Одоогийн мөрдөж байгаа ашигт малтмалын тухай хуульд ААНБ,компанид өгөх лицензын тоог хязгаарлахгүй гэж байгаа л даа. Хэрэв УИХ – р хэлэлцээд хязгаар тогтоох заалт оруулбал болох асуудал. Лицензын тоо өнөөдрийн байдлаар 5290-оос 4844 болж буураад байгаа л даа.
-Л.Б: Хайгуул хийх нэг гектар талбай ердөө 0.1-0.3 цент буюу ширхэг бохи ч юмуу ширхэг иштэй чихрийн үнэтэй байгаа нь,арай хэтэрхий хямдхан байгаагаас гадаадынхан том газар нутаг авч, баялагыг маань эзэмшээд байгаа юм биш үү? Авенхоу Майнз шиг.
-Л.Д: Уул уурхай бол асар их хөрөнгө зарж байж ашиг орлого олдог хүнд салбар л даа. Хайгуул хийх эрсдэлтэй ажилд зориулж байгаа болохоор бага мөнгө биш ч байж болох юм. Олон улсад тогтсон жишиг стандарт үнэлгээг харгалзаж тогтоосон байх.
Ер нь ингэхэд та надаас хамааралгүй асуудлыг цөмөрч асуугаад байгаа юм биш үү?
Хуулийг УИХ –ын гишүүд л боловсруулж баталдаг биздээ. Би бол “ Ашигт малтмалын тухай хууль” гэсэн энэ цэнхэр номонд бичигдсэн “хайрцагт” л захирагдаж ажиллана.
-Л.Б: Огт хамааралгүй асуудал ч бас биш шүү. За тэгвэл яг танайтай холбоотой асуудал ярилцая. Компаниуд лицензын төлбөрөө төлдөггүй, гэрчилгээ хууль бус,хайгуулын ажлаа хийгээгүй байж хуурамч тайлан худалдаж авдаг, БО-ын нөхөн сэргээлтийн ажлаа огт хийдэггүй гэх мэт…
Тухайлбал: Асгат сумын “Хутаг” уул гэдэг газарт 1999 онд олгогдсон ЭБЭ ХХК -ний ашиглалтын лицензтэй уурхай гэж явдаг. Гэтэл сумын дарга нар нь төлбөр байтугай сүүлийн 3 жил хүн үзэгдээгүй гэж байсан. Түвшинширээ суманд Өлзийт нэрээр 1998 онд олгогдсон Гурвансайхан ХХК нь хайгуулын лицензтэй 11 жил болж байгаа\хууль 9 жил\ гэх мэтээр тоочвол баршгүй ихэнх нь зөрчилтэй ч сунгагдаад л байдаг. 2009 он гарсаар 30 лиценз цуцалчихаад 30-ыг шинээр олгосон,сонгон шалгаруулалтын талбайг тооцвол аймгийн нутгийн 80% – 90% нь хайгуулын талбай болчихсон юм билээ.
-Л.Д: Лицензын сунгалтыг орон нутаг,татвар,мэргэжлийн хяналт ,байгаль орчны зэрэг олон байгууллагуудаас гаргаж ирүүлсэн тайлан материал дээр үндэслэн сунгадаг юм.
Өөрөөр хэлбэл олон байгууллагын ажлын тайлан мэдээ үнэлэлт дүгнэлтийг үндэслэн лицензийг сунгадаг болохоор эдгээр байгууллагын хариуцлагатай холбоотой.
-Л.Б: Тахилгат уул овооныхоо асуудалд эргэж ороё. Ерөнхйи сайд С.Баяр Франц улсад айлчлал хийхдээ Аревамонгол компаниар ураны хайгуул хийлгэх гэрээнд гарын үсэг зурсан гэсэн. Аревамонгол гэдэг Франц улсын компани Сүхбаатар аймгийн нутгийн 10% болох 874249 га буюу Наран,Түмэнцогт,Халзан сумын нутагтай тэнцэх газар нутгийг 28 лицензээр эзэмшээд байгаа. Эдгээр лицензд эртний тахилгат Зотолхан уул ороод, нутгийн иргэд,лам нар ихээхэн дургүйцэж жагсаал цуглаан хүртэл хийсэн юм.
Яг одоогийн байдлаар Зотол уулыг “Хайрхан” нэрээр авсан ¹14722 тоот лицензын 61259.75 га талбайд огт өөрчлөлт ороогүйг би сая танай лавлахаас шалгуулж үзлээ.
Нэгэнт олон улсын гэрээ хэлэлцээрээр тохирсон асуудлыг танай агентлаг мэдээд Зотолын талбайд өөрчлөлт оруулах эрх байгаа юу? Тэгэхээр Зотол уулыг тойруулж хайгуул хийх боллоо гэсэн бичиг нь ард түмний дургүйцлийг түр дарах гэсэн заль мэх байжээ?
-Л.Д: Зотол уулын асуудлыг би мэдэхгүй юм байна.Хайгуулын талбайд өөрчлөлт оруулахыг манай хэлтэс хийдэг нь үнэн харин Зотолын талбайд өөрчлөлт оруулж болох хууль зүйн үндэслэл байгаа эсэхийг судлая. Та нар энэ асуудлаа албан ёсоор бичгээр тавиад хариугаа авсан нь дээр байхаа.
-Л.Б: Нэг ашиглалтын лицензийг нэг уурхай ажиллаж байгаа гэж үзэж болох уу?
Тэгвэл өнөөдөр Монголд 1550 уурхай,Сүхбаатар аймагт 27 уурхай ажиллаж байна.
Улсад ч, аймагт ч бараг 2000 хүний дунд нэг уурхай оногдож байгаа нь эдгээр олон уурхайн ашигаар ард түмэн хангалттай амьдраад байх боломж байгаа юм биш үү?
Гэтэл бодит амьдралд аймагт байгаа 27 уурхайгаас ердөө 5-6 нь уурхай шиг бусад нь орон нутагт ямарч ашиггүй уурхай нэрнээс цаашгүй,байгаль орчин л сүйтгэж байна.
Тэгэхээр энэ олон уурхайн ашиг нь зөвхөн албан тушаалтнууд, гадаадын хүмүүс гэмт хэрэгтнүүдийн баяжих хэрэгслэл болж байна л даа. Лиценз олгосон нэрсийг харахад л ийм байгаа шүү дээ? Цаашдаа лицензийг улам олноор өгөөд байх уу?
-Л.Д: Ашиглалтын нэг лицензийг нэг уурхай ажиллаж байгаа гэж үзэж болно.
Бид хуулийн хэрэгжилтийг чангатган лицензыг тоо болон чанарын талаас хяналт тавьж ажиллаж байна. Би бусад асуулт дээр албаны өмнөөс хариулт өгч чадахгүй
-Л.Б: Уурхайн эдийн засгийн үр ашиг ямар байгаад үнэлгээ хийх,ямар техник технологи нэвтрүүлж байгаа зэрэгт хяналт тавих гэх мэт “төрийн захиргааны төв байгууллага” шийднэ гээд хуулинд танайх том эрх мэдэлтэй, үүрэгтэй байхаар заасан байдаг.
Гэтэл энэ хуульд заасан үүргээ лиценз олгохоос бусдыг нь, маш хангалтгүй биелүүлдэг гэж хэлж болохоор олон зөрчил орон нутагт ажиглагддаг.
Тухайлбал Эрдэнэцагаан сумын нутагт 7 уурхай ажилладагаас 4 нүүрсний уурхайтай ч сумын төв гал алддаг,нутгийн 6000 иргэн ажиллагүй ядуу,хятадууд хамгийн хоцрогдсон технологи хэрэглэн байгаль орчин сүйтгэж,татварын бус луйвар авилгалын сүлжээгээр ажилладаг, Цайрт минериал гүний усыг үнэгүй шахам ашигладаг, нөөц ашигласны татвараа дутуу төлдөг гэх мэт. Уурхайг амьдрал ахуйгаа сайжруулах гэж л ашигладаг баймаар юм.Гэтэл харин эсэргээр олон уурхайтай болсноор бэлчээр нутаг ус ан амьтан,жигүүртэн шувууд, түүх дурсгал,оюун санааны үнэт зүйл ч үгүй болж, баялагийн эзэн нутгийн иргэд улам ядуурсаар байх юмаа.
Төрийн байгууллагууд уул уурхайд хуулийн дагуу хяналт тавьж,гадаадынханд хариуцлага тооцож чаддаггүйг олон баримт харуулдаг.Гэтэл Оюутолгой ,Уран ашиглах гэх мэт улс үндэсний эрх ашигт нөлөөлөх хэмжээний аюултай том төслүүд хэрэгжихээр яах юм бол гэхээс айдас хүрэх юмаа.
-Л.Д: Энэ бол төрийн шат шатны олон байгууллагын цогц хамтын хариуцлагатай үйл ажиллагаанаас хамаарах асуудал. Шат шатандаа ажлын хариуцлага алдахгүй нь чухал.
– Л.Б: Эрх мэдэлтнүүд газар нутгийг лицензээр өгч байхдаа, цаана нь энэ нутаг усанд хэдэн үеэрээ амьдарч аж төрсөөр ирсэн өмгөөлж хамгаалах ядуу ч гэсэн ард түмэн байгаа гэдгийг мэддэг болов уу? Газар нутаг гэдэг дэндүү үнэт зүйлээ хэтэрхий шуналын золиос болгож бусниулж байгаад ихэд эмзэглэдэг шүү.
Танд нэмж хэлэх зүйл байвал сүүлчийн асуудлаа үлдээе?
-Л.Д Би юутай ч иргэн хүнийхээ хувьд эх орноо хайрлах, газар шорооныхоо эзэн нь байх асуудал дээр тантай санал нэг байна. Ашигт малтмалын тухай хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй хүний хувьд,хуулийн дагуу шийдвэр гаргахыг хичээж чармайж ажиллаж байна даа. Баярлалаа.
-Л.Б Намайг хүлээж авч цаг заваа гарган ярилцсан танд баярлалаа ажлын амжилт хүсье. Газар нутгаа өгөхдөө гараа аль болохоор татаж байвал монголын хойд үе ерөөх болно.