Сүхбаатар аймаг 82.9 мянган хавтгай дөр.км нутагтай гэтэл үүний 20% шахам нь цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын талбай болоод байна.
Тус аймагт Засгийн газрын “Дарьганга-24” аймшигт төсөл хэрэгжиж эхлээд байгаа нь Дарьгангын үзэсгэлэнт нутаг, тахилга шүтээн уул овоодыг, хүнтэй юутай нь хүйс тэмтрэх ураны үйлдвэр барих, гадныхаар газрын тос ашиглуулж Тамсагийн тал нутгийг сүйрүүлсэн жишигийг давтахаар ханцуй шамлан улайрч байна. Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, олдворлолт хийж буй Аревамонгол ХХК, Гурвансайхан ХХК, Монгол Ураниум Ресурс ХХК-ын талаар нутгийн иргэд ямарч мэдээлэл байхгүй. Эдгээр компануудын талаар өөрт олдсон баримтыг ашиглан тодруулбал.
Аревамонгол ХХК
Аревамонгол ХХК-ын Эрик Ди Сизи гэгч Сүхбаатар аймгийн 7 сумын нутагт 26 цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 2008 оны 07.09 наадмын өмнөх өдөр 6 лиценз, 2008.07.22 өдөр 8 лиценз, 2008.08.18 ны өдөр 5 лиценз гэх мэтээр ердөө гуравхан хоногт шахуу бөөндөж авсан байдаг. Эдгээр талбай нь 590841 га-г эзэлж байгаа бөгөөд Халзан, Түмэнцогт сумын нутгийг нийлүүлсэнтэй адил том газар нутаг юм.
Ийм том талбайг ямар зориулалтаар авч байгааг нутгийн иргэд байтугай орон нутгийн засаг захиргаа ч мэддэггүй. Сумын даргаас асуухад манай суманд хар жиптэй хүмүүс давхилдаад энд тэнд газар ухаад байна гэхээр очиж уулзахад бид дээрээс зөвшөөрөлтэй, танай энд худаг гаргах шинжилгээ авч байна гэсэн сүүлд сонсоход ураны хайгуулынхан юм билээ гэж ярьж байв.
Аймгийн нийт нутгийн 10% тай тэнцэх ийм том газар нутгийг өгч буйг, 2009 онд Ерөнхий сайд асан С.Баяр Барууны орнуудаар явахдаа Франц улсын Засгийн газрын Арвеа ХХК-тэй ураны үйлдвэр барих гэрээ хэлэлцээр хийсэн талаар хэвлэл мэдээллээр цацагдаж байснаас л мэдэж авсан юм.
Аревамонгол ХХК-ын Эрик Ди Сизи гэгч энэ авсан лиценздээ ханасангүй, дахиж 2009.02.09 өдөр 4 лиценз бөөндөж дээрх талбайтай нийт 881373 га талбайг авсан байна. Үүнд нь Эрдэнэцагаан сумын нутагт оршдог эртний тахилгат Хатиган хошууны алдарт “3ОТОЛХААН” уул бүхэлдээ түүний ойр орчмын газрууд оржээ.
Цөмийн энергийн тухай хууль батлагдаж гарсан 2009 оны 8 сараас хойш, цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, Цөмийн Энергийн газарт очисноос хойш АМГ- ын сайтад тавигдахаа больж нууцлагджээ. Манай УИХ, ЗГ уран ашиглах гэж улайрч байгаа нь, цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой бүх хуулийн зүйл заалтанд 2011 онд өөрчлөлт оруулсныг харахад тодорхой байна.
Харин саяхан Сүхбаатар аймагдахь цацраг идэвхт ашигт малтмалын талаар тодруулга авахад, Сүхбаатар аймгийн нутагт дэвсгэрт Франц Улсын төрийн өмчит Арева группын охин компани болох Монгол улсад бүртгэлтэй “Кожеговь” ХХК цацраг идэвхт ашигт малтмалын 16 зөвшөөрлийг эзэмшиж байна. Сүхбаатар аймагт цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын нийт 20 тусгай зөвшөөрөл хуулийн дагуу олгогдоод компанууд нь үйл ажиллагаа явуулж байгаа гэж Цөмийн Энергийн Газар мэдээлсэн юм.
Энэ компани талаар Өдрийн шуудан 2011.12.15 ны дугаарын мэдээнд …Одоогоор “Эмээлт Майнз”, “Гурванбулаг”,”Дорнод уран”, “Коже говь” компаниуд уран боловсруулах техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулж байгаа.
2014 оноос үйлдвэрээ барьж эхлэнэ… Лицензийн дийлэнх нь Сүхбаатар, Дорнод, Дорноговьд байгаа. Монголын нийт нутгийн 1.7 хувийг эзэлдэг гэжээ. Энд дурьдагдсан “Коже говь”ХХК нь Сүхбаатар аймагт 16 ураны тусгай зөвшөөрөл эзэмшдэг юм.
… Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулж буй Франц Улсын төрийн өмчит Арева группын охин компани болох Монгол улсад бүртгэлтэй “Кожеговь” ХХК … зэрэг компаниуд нь хайгуулын ажлаа амжилттай дуусган туршилтын нэрээр олборлолт хийж эхэлсэн. Энэ хүрээнд олборлосон хүдрийг газар дор шууд хандлан уусгалтын аргаар хагас боловсруулан ураны исэл буюу шар нунтаг гаргах туршилтыг хийж буй. “Кожеговь” ХХК нь Дорноговийн Улаанбадрах суманд туршилтын олдворлолт хийж “Дулаан уул” төсөл хэрэгжээд эхэлсэн гэжээ. Франц Улсын төрийн өмчит Арева ХХК-нь авилга хээл хахуулаар ажлаа бүтээдэг, ураны хог шаараа хаа сайгүй булж тэр нь илэрч дэлхий дахинд ад үзэгдсэн компани юм .
“Гурвансайхан” ХХК
“Гурван сайхан” ХХК, 1998 оны З сарын 19 ны өдөр Мөнххаан, Уулбаян,Түвширээ сумдын нутаг “Өлзийт” гэдэг ижил нэртэй\нэрнүүд ихэвчлэн худал байдаг\ 4 газарт, 4 тусгай зөвшөөрлийг, нийт 313374 га-д авсан байх юм. Энэ зөвшөөрлийг анх авсан хүн нь Д.Санбалайбат гэдэг хэдэн зуун лиценз авч наймаалдагаараа алдаршсан нөхөр юм. Гэтэл хэдийд нь яагаад Засгийн газрын мэдэлд очсон гэдэг сонин юм. Хамгийн хачирхалтай нь “Гурван сайхан” ХХК гэгч хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байх хугацаа 9 жил нь аль хэдийн дуусаад 13 дахь жилдээ явж байна.
АНУ, ОХУ, Монголын хөрөнгө оруулалттай “Гурвансайхан” ХХК Сүхбаатар аймагт, цацраг идэвх ашигт малтмалын 2 зөвшөөрлийг эзэмшиж байна гэж ЦЭА гентлаг мэдээлсэн.
Төрөөс гаргасан хуулиа ийнхүү зөрчөөд байгаа ч лицензээ хураалгалгүй яваад байгааг харахад үүний ард том мөнгө, том эрх мэдэлтнүүд байгаа нь гарцаагүй. Өөр нэг ноцтой таамаглал нь ашиглалтын эрх авчихаад нууцаар газар дор уран боловсруулж байж магадгүй л юм. Энэ компани талаар өдрийн шуудан сонины 2011. 12.15 ны дугаарын мэдээнд дурьдахдаа….Ураны салбарт мөн толгой цохьдог “Гурвансайхан” ХХК гадныханы мэдэлд байдаг.
1994 онд Монгол, АНУ,ОХУ, Бермуда улсын хөрөнгө оруулалтаар байгуулсан.
Анх байгуулахад Монголын талын оролцоо нь геологийн судалгаа гүйцэтгэх талбайгаар хангах, 15 хувийг нь эзэмших, Оросын тал ураны геологийн судалгааг гүйцэтгэх, мэргэжлийн боловсон хүчнээр хангаж, 15 хувийг эзэмшихээр тохиролцжээ.
Гэтэл Бермуда улсын “Энержи Фьюэлз” компани нь ураны геологийн судалгаа гүйцэтгэхэд шаардагдах хөрөнгө оруулалтыг гаргаж 70 хувийг эзэмшихээр тохирсон байна. Дараа нь эзэмшлийн хувиа АНУ-ын “Данисон майнз”ийн мэдлийн “Интернешнл Ураниумд”компанид шилжүүлжээ. Ингээд АНУ-ын “Данисон майнз”ийн мэдэлд “Гурвансайхан” ХХК очисны дараа АНУ,ОХУ, Монголын хөрөнгө оруулалттай компани болж өөрчлөгджээ. Гэхдээ Монголчуудын нөлөө үйл ажиллагаанд тэгтлээ байдаггүй гэнэ.
Монголын ураны салбарт шургалсан гадаадынхан лиценз дамлах наймааг ийнхүү цэцэглүүлж ……байгааг харахад уранаа ашиглах стратегийн гэгдэх бодлогод манай улс учраа олохоо больж хөл алдаж байгааг гадныхан ашиглаж үнэгүй шахам олсон олзоороо пологтож байна…гэжээ.
“Монгол Ураниум Ресурс” ХХК
Энэ компаний Б.Мөнхболд гэдэг хүн Сүхбаатар сумын нутаг Баян-Эрхт, Баян-Эрхт 1, Өрвөлийн тал, гэдэг газруудад юуны ч юм бүү мэд хайгуулын 3 тусгай зөвшөөрлийг 2008.08.25нд авсан байдаг. Б.Мөнхболд гэгч хэн бэ? Бас л бид юу ч мэдэхгүй.
Нэг л мэдэхэд энэ компани Сүхбаатар аймгийн Дарьгангын байгалийн цогцолборт газруудад , Ц-002Х тоот цацраг идэвхт ашигт малтмалын зөвшөөрлийг авчихсан байгааг харахад манай эрх мэдэлтнүүд гадаадынхантай хамтарсан бололтой.
Одоо энэ Монгол улсын 100% хөрөнгө оруулалтай “Монгол Ураниум Ресурс” ХХК нь Онгон, Наран, Дарьганга сумын нутагт дамнан байрлах “Хүйтэн уул” гэдэг тусгай хамгаалалтанд орсон газар нутагт Ц-002Х тоот цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын зөвшөөрлийг хуулийн дагуу авсан гэж ЦЭГ-с албан ёсоор мэдээлсэн.
Мөн өдрийн шуудан сонины 2011.11.18 ны дугаарын мэдээнд … Газрын тосны нөөцөө гадаадынханд алдаад дуусаж байна. Одоо ураны салбарт энэ байдал давтагдаж гаарч байна….Монгол улс 80 мянган тонн нөөцтэй гэдэг ч энэ тоо хэд дахин өсөх магадлалтай гэжээ.

Сүхбаатар аймагт, Засгийн газрын “Дарьганга-24” гэдэг сайхан нэртэй аймшигт төсөлийг хэрэгжүүлэгч компанууд ийм байна. Ард түмнээсээ анхнаасаа нууж хэрэгжүүлж буй энэ ажлын судсыг баригч нь ерөнхий сайд С.Батболд юм. Ашиг нь гадаадынхан, газар нутгийг наймаалагч эрх мэдэлтнүүдэд л очдог. Дэлхийн хэмжээний ганц ч үйлдвэргүй, хөдөө нутагт ураны үйлдвэр бариад хэнд хэрэгтэй билээ. Өнөөх том гүрнүүдийн толгойны өвчин болсон ураны хог шаараа булахад л хэрэгтэй нь тодорхой.
Нүүдэлчин монголчууд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг болж
Уудам тал нутагтаа адуу малаа хариулан амьдарч
Урт уургаа суналзуулан давхидаг цаг түүх болж
Ураны цацрагаар хордсон хориотой бүс, ухсан нүх, үхсэн газар шороо, хөөрхийлөлтэй хордсон зэрэмдэг хүмүүс л болж үлдэх нээ!!!
Энэ бол зөвхөн Сүхбаатар, Дорнод, Дорноговь аймгийн асуудал биш нийт Монголчуудын амь амьдрал хувь заяатай холбоотой асуудал тул “ДАРЬГАНГА-24” төсөл болон урантай холбоотой бүх төсөлийг зогсоохын төлөө нэгдэцгээе тэмцэцгээе!!!

2011 оны 12 дугаар сар 26 Улаанбаатар хот сэтгүүлч Л.Бор