Дарьгангын үзэсгэлэнт нутгийг цацраг идэвхээр хордуулж устгах, Засгийн газрын гай гамшиг дагуулсан “Дарьганга-24” төслийг зогсооё !!!
Засгийн газрын хэрэгжүүлж буй “Дарьганга-24” гэдэг төсөлд Мөнх хаан,Түмэнцогт сумдаас бусад сумдад цацраг идэвхит ашигт малтмалын хайх, олборлох 10 гаруй тусгай зөвшөөрөл олгогдсон байна. Цацраг идэвхит ашигт малтмал хайх зөвшөөрөл олгосон газар нутгийн хэмжээ нэг сая га талбай буюу аймгийн нутаг дэвсгэрийн 12 орчим хувийг эзлэж байгаа нь гай гамшиг сүйрэл дуудсан гэмт үйлдэл.
Sukhbaatar.mn сайтаас авсан мэдээллээс иш татвал ”….. 2011 онд Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Сүхбаатар аймгийн 13 сумдаас Мөнххаан, Түмэнцогт, Баруун-Урт сумдаас бусад сумдад газрын тосны хайгуулын тусгай зөвшөөрлийг өгчээ . Ер нь энэ аймгийн хэмжээнд нефть , газрын тосны хайгуулын зөвшөөрөлтөй гурван том талбай байдаг аж. Дээр нь бас Засгийн газартай хийсэн гэрээний дагуу цацраг идэвхит ашигт малтмалын хайх, олборлох 10 гаруй тусгай зөвшөөрөл олгогдсон байна. Цацраг идэвхит ашигт малтмал хайх зөвшөөрөл олгосон газар нутгийн хэмжээ нэг сая га талбай буюу нутаг дэвсгэрийн 12 орчим хувийг эзлэж байгаа аж.
Нэг талаараа байгалийн цогцолборт газар нөгөө талаараа тусгай хэрэгцээний газар нутгийн хэмжээст Ц002Х буюу Хүйтэн уул нэртэй талбайд цөмийн энергийн тусгай зөвшөөрлийг 2010 онд “Монгол Ураниум Ресурс “ ХХК-д олгосон явдал нь хуулиа зөрчсөн үйлдэл болоод байна.
Онгон ,Наран,Дарьганга гурван сумын нутаг дэвсгэрийн дамнан хамрах Хүйтэн уулын орчмын газар нутгийг ингэж хуулийнхаа зүйл заалтаас давсан эрх мэдлээр олгосон явдалд дургүйцэж Сүхбаатар аймгийн БОАЖГ-аас дээд газартаа болон цөмийн энергийн газарт энэхүү зөвшөөрлийг цуцлуулах хүсэлтээ илэрхийлэн албан тоот илгээжээ.
Гэтэл Цөмийн энергийн газраас Ашигт малтмалын газраас бид лавлагаа авахад боломжтой гэж үзээд бидэнд хайгуул хийх зөвшөөрлийг нь өгсөн учраас бид цуцлах боломжгүй үйл ажиллагаагаа эхлэнэ гэсэн хариуг өгчээ.
Харин БОАЖГ-аас одоог хүртэл ямар нэгэн шийдтэй хариу хэлсэнгүй.
Хэрвээ энэ газраас бидний талд ямар нэг шийдвэр гаргахгүй бол бид хуулийн хүрээнд орон нутагтайгаа хамтарч шүүхэд хандахаас өөр замгүй гэдгийг Аймгийн БОАЖГ-ынхан хэлж байна…” гэжээ
Манай АМТ хууль, Цөмийн энергийн тухай хуулиудад нэгэнт өгсөн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бараг байдаггүй нь хамгийн аймшигтай эмэгнэлтэй асуудал юм.
Гадаадынхан авсан хайгуулын лицензээ, нөөцийг тогтоосон орд болгочихоод олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргадаг,эсвэл банканд барьцаалж сая сая доллар босгодог болохоор яаж цуцлагдах юм бэ? Хэрэв цуцлах гэвэл,олон улсын арбитрын шүүхэд ЗГ дуудагдаж, бөөн өр төлбөрт ордог түрүүчийн гашуун сургамжууд давтагдана. Цөмийн энергийн хуулиар хувьцаа гаргах, банкны барьцаанд тавих, худалдах эрх хуульчлагджээ. Гэтэл манай эрх баригчид мэдсээр байж хайгуулын лиценз ямарч аюулгүй төсөвт мөнгө оруулдаг гэж ирээд л мэлздэг. Энэ мэтээр гадаадын хэн ч мэдэхгүй үл бүтэх хүмүүс\хайгуулын лицензээр\ монголын баялгаар 3000% хүртэл ашиг олсон жишээ бий.
Ийм хууль эрх зүйг боловсруулж баталдаг газар нь УИХ түүний эрхэм гишүүд шүү дээ.
Монгол орондоо төдийгүй,дэлхий дахинд ч байгалийн сонин содон тогтоц, үзэсгэлэнт төрхөөрөө гайхагддаг Дарьгангын цогцолбор газарт цацраг идэвхит ашигт малтмал хайх, олдворлох зөвшөөрлийг олгосон “Дарьганга-24”гэдэг гай гамшиг далласан аюултай төслийг ЗГ хэрэгжүүлж эхлээд байна.
Энэ төсөлөө танилцуулахаар Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Ч.Амараа тэргүүтэй хэдэн хүмүүс 8-р-сарын эхээр Сүхбаатар аймагт очжээ. Үнэнийг олон нийтэд хэлэх бишээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр ажиллаж байгаа Петро Дайчи Чайнаг жишээ болгон ярьсан бололтой.Гэтэл бүтээгдэхүүн хуваах гэрээгээр ажиллаж байгаа Петро Дайчи Чайна нь Дорнод монголын талыг яаж сүйтгэж хүн малыг хордуулж байгааг бишгүй л сонслоо.
Үр дүн нь гэвэл Матад сумын иргэд ажиллагүй ядуу, аймагтаа гэрэлгүй ганцхан сум гэж байгаа. Хятадын энэ компани сүүлийн жилүүдэд татварт 80 гаруй тэрбум төгрөг төлсөн гэхэд орон нутагт нь “шор долоолгоогүй” хэний буруу бэ?
Дарьгангын үзэсгэлэнт нутгийг дээрхийн адил хүнтэй малтай нь хамт хүйс тэмтрэхээр арааны шүлсээ асгаруулсан очиж байгаа Засгийн газар маань газрын тосыг, цацраг идэвхит ашигт малтмалтай хамтруулж 24 уурхайг хайж олж ашиглаад ирэхээр “үхсэн газар” үлдэхээс өөр юу үлдэх бэ? Түрүүчийн аймгуудын гашуун сургамжууд хангалттай нотолгоо болно.
Эдгээр тусгай зөвшөөрлийг өгөхдөө Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны хэрэг эрхлэх газар, Цөмийн энергийн газраас орон нутагтай зөвшилцөлгүй олгосон\ ийм хууль батлан гаргажээ\ байна.
АМТ хуулиар орон нутгийн засаг захиргаанд ёс төдий мэдэгдэл өгдөг, хариу авдаг байснаа “Цөмийн энергийн тухай хуулиар” орон нутгийн засаг захиргаа огт оролцох эрх мэдэлгүй болжээ.
Монгол улс гурван удаа батлан гаргасан үндсэн хуулиараа газар түүний хэвлийн баялаг ард түмний мэдэлд гэсэн заалт байсаар ирсэн.
Гэтэл “Цөмийн энергийн тухай” хуулийн 5.1дүгээр зүйлд: газрын хэвлийд байгаа цацраг идэвхт ашигт малтмал “төрийн өмч” гээд үндсэн хуулиа ноцтой зөрчсөн хууль гаргаад эрх мэдэлтнүүд ингэж үнэ цэнэтэй газар нутгийг минь худалдаж дураараа дургиж байна.
Энэ бүхнээс үзэхэд Монголд хайран хөөрхий зүйл, үнэ цэнэтэй газар нутаг гэж хайрлаж харамлах эзэнгүй болгожээ.
Мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт байдаг алдарт Зотол уулын түүний орчмын нутаг Аревамонгол гэдэг Францын ураны компаны мэдэлд орсон. Энэ компани тус аймгийн нутгийн 10%-г 27 лицензээр гуравхан өдөрт авсан байсан.
Одоо эдгээр лицензүүд Цөмийн энергийн газарт шилжсэн гээд хувь заяа нь тодорхойгүй мэдээлэлгүй болжээ.
Эх сурвалжууд саяхан Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутагт байдаг социализмын үед ашиглаж байгаад орхигдсон Бумбатын уурхайг цөмийн хаягдал булж болох газруудын нэг гэж үзээд оросууд очоод судлаад явсан гэж бичиж ярьж байна.
Bоlod.mn сайт дээр тавьсан нэгэн мэдээллээр УИХ гишүүн Ч.Улаан Сүхбаатар аймагт байдаг уул уурхайтай ихээхэн холбоотой гээд өөрийн мэдлийн ураны ордоо Поли-металд 150 сая доллараар заржээ гэж бичжээ.
Эх орон, ард түмний эрх ашгаас урвасан ийм гэмт үйлдэл хийж буй УИХ гишүүд, Сайд дарга нараа хараад мөнгөн аяга,хадаг сүүгээ бариад хурдан морио бэлэглээд дахин дахин сонгоод байдаг бид ч үнэхээр улс төрчдийн хэлдэгээр”харанхуй масс”юмаа хөөрхий.
2009 оны яг наадмийн урьд өдөр хоёрхон хоногт багтаан яаран баталсан гэж яригддаг Цөмийн энергийн тухай хуулиар Монголд Атомын цахилгаан станц барих, цөмийн хог хаягдлыг булшлах хууль эрх зүйн орчин нь нэгэнт бүрдэж зам нь шулуудсан гэж ойлгож болно
Цөмийн энергийн тухай энэ хуулиар , цацраг идэвхт ашигт малтмал нь стартегийн ордод багтдаг бөгөөд энэ талаархи асуудлыг шийддэг судасыг нь барьдаг хүмүүс нь Цөмийн энергийн комисс юм байна. Дарга нь Ерөнхий сайд С.Батболд ,орлогч нь Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат нар ажээ.
Манай төр засаг жирийн уул уурхайдаа хяналт тавьж чадахгүй байж, цөөхөн хүн амтай улс орноо үндсээр нь мөхөөх, халуун тамын орон болгож олон улсын хэллэгээр”үхсэн хот” болгох гэж ураны үйлдвэр барьж, бүр олон улсын ураны хог шаарыг булдаг газар болгох гэж улайрч байгаа эзэд нь Ерөнхий сайд байсан байгаа М.Энхболд, С.Баяр,С.Батболд нар юм байна. Яагаад гэвэл хаана Атомын цахилгаан станц барих, хаана булшлах нь “нууцын зэрэглэлд” багтдаг засгийн газрын шууд мэдлийн асуудал ажээ.
Тэгээд л газар сайгүй уран цацраг идэвхт ашигт малтмалыг хайж улайрч гаарч байгаагийн нэг илрэл нь Дарьгангын үзэсгэлэнт нутгийг устгах ЗГ –ын “Дарьганга-24” төсөл юм. Энэ гамшиг дагуулсан төслийг зогсоохыг байгаль хамгаалч бид засгийн газраас шаардаж байна. Сүхбаатарын ард түмэн ч зүгээр хараад суухгүй байлгүй дээ???
2011 оны 9 дүгээр сар 5 Л.Бор