Сүхбаатар аймгийн нутаг нэлдээ хур бороотой, дэлгэр сайхан зун болж байна. Түүхэн ойнуудыг угтсан их бүтээн байгуулалтын ажлыг тус аймгийн төв, хөдөөгүй өрнүүлжээ. Энэ үед аймгийн Засаг дарга Ж.Батсуурьтай уулзаж энэ жилийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар ярилцлаа.
-2010 оны хавар нийслэл хотноо “Сүхбаатар-хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулган” хийсэн. Уг чуулганаас дэвшүүлэн гаргасан шийдвэрээ хэрхэн ажил хэрэг болгож байна даа?

-Та нүдэнд харагдаж, гарт баригдахаар 12 бүтээлч ажлыг жилдээ хийж байх зорилт тавиад хэрэгжүүлж байна. Энэ оны 12 гол ажлаасаа нэрлэвэл…?
– Бид багийн Засаг даргаасаа Засгийн газраа хүртэл нэгэн баг болж ажиллахдаа жил жилийн зорилго бодлогоо нарийвчлан тодорхойлж бодитой ажил, асуудлыг барьж ажилласнаар 2009 онд ТОП 10, 2010 онд мөн 12 ажлыг бүтээн байгуулахад нийтдээ 15,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний 33 хувь болох 5,0 тэрбум нь орон нутгийн төсвөөр хийгдсэн нь өмнөх дөрвөн жилийн дунджаас нэг дахин өссөн байгаа юм. Энэ оны хувьд улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийтдээ арав гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийхээр гуч гаруй нэр төрлийн хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, нийт хийгдэх ажлын ная гаруй хувь нь ажлаа эхлээд байна. Аймгийн төвд 700 хүний суудалтай спорт цогцолбор, 640 хүүхдийн сургууль, 150 ортой цэцэрлэгийн барилга болон орон сууцны гурван хороолол шинээр барьж, 2 км хатуу хучилттай зам тавьж, 1,2 км замын засвар, гудамж талбайг тохижуулах болон үерийн суваг, далангийн ажил хийгдэж, дулааны цахилгаан станц, төмөр замын бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө хөрөнгө оруулалтанд шаардагдах бүх эх үүсвэрийг бүрэн дайчлах, төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх замаар боломжтой бүх арга хэлбэрийг ашиглаж бүтээн байгуулалтын ажлын цар хүрээ, тоо хэмжээг нэмэгдүүлсээр байна. Аймгийн эдийн засгийн зонхилох салбар болсон мал аж ахуйн үйлдвэрлэлд байгаль цаг агаарын таатай орчин бүрдэж малчид маань оны эхний мал сүргээ 97,8 хувиар онд оруулж 716,5 мянган төл бойжуулснаар одоо 2,5 сая малтай болоод байна.
-Таны санаачлан байгуулсан жишиг хороолол болон бага, дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууц нь иргэдийн амьдрал ахуйг сайжруулахад чухал түлхэц болсон төдийгүй аймгийн брэнд бүтээгдэхүүний хэмжээнд очжээ. Харин та энэ жил Канад маягийн хаус хороолол барих ажлаа эхэлжээ. Энэ талаараа тодруулж хэлнэ үү?
-Бага, дунд орлоготой иргэд зах зээлийн үнэ ханшаар тохилог орон сууцтай болно гэхэд хүндрэлтэй байгаа юм. Ер нь нэг өрөө байртай хүн хоёр болгох, хоёрыгоо гурав болгох, гурван өрөөтэй нь хаустай болоход төрөөс иргэдэд дэмжлэг үзүүлж байна. Банкнаас 15-20 жилийн хугацаатай бага хүүтэй зээл олгож байна. Харин гэрт амьдардаг хүмүүс болон хөдөөнөөс төвд шилжин ирж байгаа хүний орон сууцны асуудлыг цогцоор нь шийдэхэд анхаарч нийтийн халаалт, бохир, цэвэр усны холболттой орон сууцтай болгох бодлого барьж байна. Энэ нь хотын өнгө үзэмж, тохижилтонд төдийгүй тухайн өрхийн амьдралын тавлаг орчинд шууд нийцэж байгаа юм. Ийм маягаар 75 айлын орон сууц ашиглалтад орууллаа. Энэ онд үргэлжлүүлж мөн 75 айлын орон сууц барих болно. Тийм болохоор хямд өртөгтэй орон сууцанд гучин хувийг нь иргэд өөрөө төлбөл үлдэх далан хувийг банкны зээлээр арван жилийн хугацаатай өгч сар бүр зуу орчим мянган төгрөг төлөөд явахад арван жилийн дараа өөрийн гэсэн орон сууцтай болно. Нөгөө талаар иргэд өөрсдөө газар аваад хашаа барьж маш том талбайд их хөрөнгө оруулалт хийдэг байлаа. Иймд бид тэр байдлыг өөрчилж газар талбайг нь шахаж, нэг жигд үйлдвэрлэлийн чанартай жишиг гэр хороолол байгуулж байна. Тэнд газар, хашаа авсан өрхөд газрөө өмчилж эдийн засгийн эргэлтэнд оруулж банкнаас зээл авах боломжийг бүрдүүлж өглөө. Тэрхүү жишиг гэр хорооллынхоо хойт талд таван га газарт Канад маягийн орон сууцтай хаус хороолол байгуулахаар инженерийн шугам сүлжээ татах ажил эхлээд байна. Энэ бол нэлээд тансаг орчин, хэрэглээтэй орон сууцны хороолол босох юм. Мөн энэ орон сууцнаас нэлээд хямд өртөгтэй дүнзэн модон байшин бүхий бичил хороолол тусгайд нь байгуулж байна. Ирэх жил аймгийн далан жилийн ой болно. Ийм түүхэн ойгоо угтаж өрх, хүн бүр нэг нэг өөрчлөлтийг хийх хөдөлгөөн өрнүүлээд ажиллаж байна. Тэгэхлээр өрх, хүн бүрийн жижиг, жижиг өөрчлөлтүүдийн нийлбэр нь том хөгжлийн бодит суурь болж өгөх юм. Хүн бүр өөрийгөө хөгжүүлэх нь, хүн бүр гадна орчиндоо цэгцтэй амьдрах нь, хүн бүр хөрөнгөтэй болох нь аймгийн хөгжлийн нийлбэр болно.