Сүхбаатар аймгийн нийт нутгаар бороо хур элбэгтэй ногоон зун болж байна. Иймд нарны голтой, өвсний шимтэйд ирэх өвлийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаа талаар аймгийн Хүнс, ХАА, жижиг дунд үйлдвэрийн газрын Малын үржлийн албаны дарга Г.Уранчимэгээс тодрууллаа.
Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай Засгийн газрын 5 тоот албан даалгавар, бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр аймгийн Засаг даргын албан даалгавар гаргаж сумдад хүргүүлж хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж байна.
Засгийн газрын 192 тогтоолоор аймгийн аюулгүй нөөцөд 800 тн өвс, 200 тн тэжээл, сумын нөөцөд 100 тн өвс, 50 тн тэжээл бэлтгэх даалгавар өгөгдөөд байгаа. Аймгийн хэмжээнд өнгөрсөн жил бэлтгэсэн 41,4 мянган боодол буюу 828 тн өвс, 360 тн хүчит тэжээл аюулгүй нөөцөд байна. Одоогоор хадлан бэлтгэдэг 5-6 аж ахуй нэгжтэй 60,0 мянган боодол өвс бэлтгүүлэхээр урьдчилгаа олгож гэрээ байгуулаад байна. Ер нь өвс хадлан бэлтгэх техникийн засвар үйлчилгээг бүрэн хангуулах ажлыг сумдад зохион байгуулснаар хадлангийн хэсэг, салаанд 21 трактор, 19 хадуур, 13 тармуур, 15 хаман боогч, 28 чиргүүл дүүжин агергат, 5 морин хадуур, 4 тармуур ашиглахад бэлэн байгаа бөгөөд түрүүчээс нь хадландаа гараад байна.
Аймгийн хэмжээгээр 13 сумын 66 багт 2,2 сая орчим малыг өвөлжүүлж хаваржуулах бэлтгэлийг хангаж байна.
Мал сүрэгт үзлэг ангилал хийж хөгшин хөвөө малыг заазлан тарга хүч авахуулан хүнсэнд болон зах зээлд худалдах, хээлтүүлэгч дутагдалтай сумдад өнгөрсөн онд бойжуулсан үзэмчин үүлдрийн 300 төлгөн хуцыг худалдан борлуулахаар сумдаас захиалга аван нийлүүлэх ажлыг хийж байна.
Аймгийн засаг даргатай байгуулсан гэрээ, захиалгын дагуу Түмэнцогт, Халзан, Асгат, Баруун-Урт, Дарьганга, Наран, Баяндэлгэр сумын дөчөөд үнээнд хар тарлан, сементаль үүлдрийн бухны гүн хөлдөөсөн үрээр зохиомол хээлтүүлэг хийлээ. Хээлтүүлэгч малд бруцеллез өвчний халдварлалтын түвшинг тогтоох, тодорхой тооны адуунд ям, халдварт цус багадах, үхэрт сүрьеэ, бруцеллез өвчний шинжилгээг өнгөрсөн сарын сүлчээс эхлэн ажлын 3 хэсэг гарч хийж байна.
Аймгийн засаг даргын 148 тоот захирамжаар 1935,6 мянган бог малд цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, найман төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 174,2 мянган бог, 51,0 мянган бод малыг хамруулаад байна гэж ярьлаа.
Мэдээг бэлтгэсэн: Г.Сүхээ