Их насны морьдын чансааны манлай Егүзэр хээр морины хүрэл хөшөөг унаган нутаг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвийн баруун хойт талын сэргэлэн дэнжид босгожээ.
Эрдэнэцагаан сумын малчин н.Болдоогийн унаган хүлэг Егүзэр хээр нь “Заамар-2008” төвийн бүсийн их насны морьдын уралдааны аман хүзүү, “Дүнжингаравын хурд-2009” төвийн бүсийн хаврын уралдааны түрүү, Ардын хувьсгалын 88 жилийн ойн Үндэсний баяр наадмын болон баруун бүсийн даншиг наадмын аман хүзүү, Монголын морин спорт, уяачдын холбооноос 2009 онд хурдан морины чансаа тогтооход их насны морьдыг тэргүүлсэн энэ цагийн алдартай хурдан ажнай ажээ.
Егүзэр хээрийн эзэн Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харъяат, “Сонор трейд” ХХК-ны ерөнхий захирал, Монгол Улсын Алдарт уяач Б.Энхболд санаачилга, ивээн тэтгэлгээр төрийн дархан, УГЗ н.Төртогтох хүрэл хөшөөг урласан байна.
“Егүзэрийн хүлэг” сумын морин спорт уяачдын холбоо арван жилийнхээ ойг хөшөөний нээлтийн үеэр тэмдэглэж их нас, хязаалан морины уралдаан зохион байгуулсан байна.
Мэдээг бэлтгэсэн: Г.Сүхээ