РНЦК буюу Оросын Соёлын төвд олон улсын кино сонирхогчдын “Загасан нүд” наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Ёсдэхь удаагаа болж байгаа уг наадмыг энэ жил ” Ногоон ирээдүй” уриан дор зохион байгуулж байна гэж наадмыг зохион байгуулагч УБ Телевизийн захирал ноён З.Балхжав хэлэв.Энэ удаагийн олон улсын кино сонирхогчдын наадамд Япон,Солонгос,Орос,Хятад,Монгол зэрэг таван орон оролцож байна. ӨМӨЗОрны Одон ТВ анх удаа оролцжээ. Кино наадамд дээрхи орнуудын кино сонирхогчоос ирсэн олон арван бүтээлээс Байгаль, аялал,эх дэлхий-гэр орон,комьпютер график ,хөгжилтэй агшин зэрэг таван төрөл дээр 7 номинацд бүтээлүүдийг шалгаруулжээ. Энэ наадмын зорилго нь Хүн төрөлхтөн- эх дэлхийгээ хайрлах, улс үндэстнүүдийн ёс заншил,урлаг соёлыг харилцан танилцуулах, хүний амьдралын эргэн тойронд болдог чухал үйл явдалын торгон агшиныг киноны хальснаа буулгаж олон нийтэд хүргэх ажээ. Энэ наадмын санаачлагч нь Оросын Аист ТВ –ын захирал Базараев гэнэ. Кино наадам жилээс жилд өргөжиж одоо дэлхийн 50 сая орчим хүн мэддэг үздэг болжээ. Энэ удаагийн “Загасан нүд” наадмын Тэргүүн Гранпри шагналыг Солонгосын “Үүнийг мэдэх үү?” кино шалгарч цом 3000 доллар авлаа.
Харин монголоос ганцхан хүн Байгаль номинацд шалгарч шагнал авсан залууг Дүүрэнтөгсийн Одхүү гэдэг ажээ.
Кино наадмын шагнал авсан Д.Одхүүтэй уулзаж хэдэн асуулт асуусан юм.
За Монголоос ганцаараа шагнал авсанд баяр хүргэе.Өөрийгөө танилцуулна уу?
Би Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул одоо Улаанбаатар хотын иргэн Хятад хэлний мэргэжилээр сургууль төгсөөд ирсэн.
-Энэ наадамд хэдийнээс эхлэн оролцох болсон бэ?
“Загасан нүд” кино наадамд манай аав Ж.Дүүрэнтөгс 2004,2005 онуудад Дарьгангын архилоги,түүх дурсгалын үнэт өв соёлыг хамгаалах сэдэвүүдээр хийсэн бүтээлээрээ оролцож үндэсний болон олон улсын энэ наадмын шагналыг авч байсан.Би аавыгаа дагаж л энэ наадамд 2005 оноос эхлэн оролцох болсон.
-Байгаль номинацд шалгарсан энэ кино бүтээлийн гол санаа юу байсан бэ?
“Адуу л лав биш үүнээс чухал… ” нэртэй энэ киногоо Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Хар ямаат, Баян-Овоо зэрэг үзэсгэлэнт сайхан ууланд зургийг нь авсан. Гол дүр нь хөдөөний малчин залуу адуугаа алдчихаад эрээд явж байхдаа, нутаг ус нь уул уурхайд сүйтгэгдэж,хамаг баялагийг харийхан зөөж байгааг олж мэдээд ихэд эмзэглэдэг байна. Төрсөн нутагтаа тааваараа амьдарч байсан малчин залууг Хятадын уул уурхайн хүнд даацын машин дайрч эрэмдэг болгодог ажээ. Энэ үедээ монгол хүн өөрийхөө эх орон газар нутагтаа ямарч үнэ цэнэгүй болсоныг ухаарч, адуу ч яахав эрээд явахад олдоно,олдохгүй байлаа ч яахав дээ худалдаад авчихна. Харин алдагдаж буй эх орон, эрх чөлөөгөө яах бэ? Адуунаас чухал нь бидэнд эх орон газар шороо минь юм шүү дээ гэж ухаарсаныг харуулахыг зорьсон нь энэ киноны гол утга байгаа юм.
Замбараагүй уул уурхайн ашиглалтыг хараад залуу хүний хувьд дургүйцэж , Монгол хүн эх орон газар нутагтаа эзэн байх ёстой гэсэн сэтгэлээр хийсэн юм. Шагнал авсандаа баяртай байна.
– Өөр нэмж хэлэх зүйл байна уу? Төөрсөөр төрөлдөө гэгчээр манай нутгийн хүүхэд байна шүү дээ? “Баяншарга уул” сонин болон Баяншарга сайтаараа дамжуулан чиний амжилтыг ард түмэнд хүргэе.
Баярлалаа.Та түрүү наадмуудад оролцсон талаар дэлэгрэнгүй мэдээлэл авахыг хүсэж байгаа бол манай аав Ж.Дүүрэнтөгстэй яриарай. Аавдаа их баярлаж байна.
Ирэх жил Японд болох наадмаас Тэргүүн байрын шагнал Гранпри авахыг хүсэн ерөөе.
Л.Бор 2011.08.14 РНЦК- Улаанбаатар хот