Энэ жил Монгол даяар гайхамшигтай сайхан зун болж байна. Манай Сүхбаатар аймагт ч ялгаагүй энэ сайхан өдрүүдэд олон жил гадаадад амьдарч нутаг усаа бэтгэртлээ санасан охин, хээр тал хөдөө нутаг гэдгийг огт хараагүй хөөрхөн ач хүүгээ дагуулан Баяншаргынхаа ууланд бараалхлаа.
[nggallery id=1]
Өмнөөс дурайх зам харгуй,эргэн тойрон цэцэгт ногоон тал,алсаас хөхрөн дуниартах Шаргын шаргал уулс минь үнэхээр үлгэр домгийн диваажин гэж дуу алдмаар сайхан.
Энэ агь ганга цэцэг ногооны анхилуун тансаг үнэр танар нь ер бусын мөнхийн ид шидийн ус залгилах мэт цээж дүүргэж амьсгалахад гайхамшиг юмаа.
Ийм сайхан эх орон нутаг усаа хараад онгод хийморь орохгүй шүлэгч найрагч дуучин гэж юу байхав дээ.
Тэгээд ч Д.Пүрэвдорж гуай
…Зуун бээрээс дуниартах
Зуны тал минь униартана…гэж
дөрвөн улирал хэмээх алдарт шүлэглээ бичсэн бол зууны манлай суут дуучин Норовбанзад асан нар сар од мичидэд хүртэл мянган мөнгөн хонхны хөг мэт аялгуугаар жингэнүүлэн дуулж бодит ертөнцөөс тасарч байсан байхаа…
…Гишгэж байгаа цэцэгт ногоон тал минь
Гэрэлт нарны цэлмэг номин хөх тэнгэр минь… зэрэг алдартай дууны биелэл болсон эх нутаг минь ээ!!!
Ээх? энэ сайхан агаар салхийг залгиад залгиад ч ханамгүй.
Д.Нямсүрэнгийн хэлснээр
…Эх орон минь дуу шиг сайхан
Эх нутаг минь шүлэг шиг сайхан
Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан гэж үүнийг л хэлсэн ажээ.
Нүүдэлчин ард түмний үр сад бид бол газар дэлхийтэйгээ амин холбоотой байдгийн учир дандаа л нутаг орон уул ус,ээж аав ээжийн тухай магтан дуулдаг бол барууныхан муур,нохой, хайр секс,хуучин гуталаа ч магтан дуулдаг нь соёл иргэншлийн асар их ялгаа юмдаа.
Шаргын уулын ширхэг цэцэг ногоо ч гишгэж явахад ч зүрхлэмээргүй сайхан байлаа.
Бидний бага насны үеийн дурсамж болон үлдсэн морьтой хүн далд орсон хялгана,хиаг ганхсан, таана хөмөлийн цэцэг нь цагааран алагласан хээр тал нутаг минь энэ зун эргэн иржээ.
Өвгөн, дүү хоёр маань уулынхаа ганжирт хийморийн дарцагаа өлгөж эх болсон зургаан зүйл хамаг амьтаны тусын төлөөх сэтгэлээр залбирал мөргөлөө үйлдэхэд өчүүхэн бид бүхний хүсэл гуйлт багтдаг гэдэг утгаар уулынхаа эзэн савдагт идээ будаагаа өргөн сан тахилаа тавьж хийморь лундаагаа сэргээлээ.
Охин, ач бид гурав уулынхаа энгэр бэл орчимд залбирал мөргөлөө үйлдэж идээ будаагаа өргөн эргэн тойрноо харж зураг хөрөг авсан шиг байсан нь үнэхээр энэ цаг мөчид диваажинд иржээ. Энэ уулын орой бэлээс орчин тойрны газар нутаг алган дээр тавьсан мэт тов тодхон, хаа холын ах уул Дарханхаан минь цэнхэртэн дүнхийж харагдана.
Хоёр гараа алдалж байгаад цээж дүүрэн амьсгаа авч чанга дуугаар баясан хашгирахад энэ сайхан эх дэлхий уул усаа хараад уяран баясаж аяндаа хацар даган урсах нулимсаар тархи толгой,цээжин доторх хот газраас бохирдсон хамаг муу муухай энерги угаагдан гарах мөчид бие сэтгэл ариусан байлаа. Охин маань ч бас над шиг бодолтой байгаа бололтой тэртээд бас л хоёр гараа алдлан зогссон харагдана.
Хөөрхий Баяншаргын уул минь ээ амьд яваа цагтаа чадлынхаа хирээр өмгөөлөн хамгаалах болно.Ингэж яваад үхсэн ч яахав дээ.Төрсөний эцэст хүн болгон л үхдэг жамтай энэ хорвоод гэсэн бодлоо уулынхаа эзэн савдагт залбиран байж хэллээ. Энэ дэлхийн бүх зүйлс цэцэг ногоо,уул ус ургамал амьтан мод бут хад асга гээд бүгд л амьтай сүнстэй байдаг нь үнэн одоогийн шинжлэх ухаан ч нотлоод байгаа.
Баяншарга уулыг санаж бодож чадвал хүслийг биелүүлэх хувилгаан чадалтай хайрхан гэдэг. Ууланд маань уул уурхайн хайгуулын дөрвөн лиценз байгаа энэ аймшигт мангаст залгиулахгүй, өмгөөлөх өмөөрөх эзэнтэй гэдгээ мэдрүүлж биднийгээ гүйлгээд л залаад л байдаг юмдаа. Нэг л мэдэхэд энэ уулынхаа талаар бичдэг хэлдэг ямар нэг зүйл хийх хүсэлд хөтлөгдөн явдагаа зарим үед өөрөө ч гайхаад байдаг ш дээ.
Эцэг өвгөдийн мөргөл залбирлын авшиг шингэсэн нутаг минь ядарч сандран ядрах зүдрэх үедээ аврал эрэн хослон дууддаг АлтанОвоо-Баяншаргын уул минь ээ үеийн үед хөндөгдөшгүй ариунаар оршин байж үр ач нарт минь өвлөгдөх эр орны нэгээхэн хэсэг юм шүү …гэдгийг залуу хойт үе ойлгож мэдэх ёстой юм.
Ууландаа мөргөл залбирлаа үйлдсэний дараа Хайлаасан төгөл бүхий уулынхаа зүүн суганд ирж цай сүүгээ өргөж идэж ууж тавлан сууж элдвийг хүүрнэн орчин тойрны байгалийг харж нүд сэтгэл баясган суусан нь хүний амьдралд ховорхон тохиох бас нэг жаргалтай мөч юмдаа.
Ууланд багсайж сагсайж өнгө өнгөөр алаглан ургасан цэцэгүүдийг хараад охин маань дуу алдан зураг авсаар. Харин хээр тал хөдөө нутгийг огт үзээгүй ач хүү маань ялаархсан адуу шиг л дэвхэрч цовхорч сандарч бидний инээдийг хүргэн баясгах нь энэ жаргалтай мөчийн бас нэг хөг аялгуу ажээ.
…Ай Баяншаргын уул минь
Булгилах зүрхэнд мөнхийн суудалтай
Бурханы бүрэлбаатай уулаа… гэж дуулан уулнаасаа бууж алсран алсрах тутам цэнхэртэн дуниартах уулынхаа хөрөг дүрийг нь хальснаа буулган энэ удаагийн бараалхалаа өндөрлөв.
Л.Бор | 2011.08.01 Баяншарга-БаруунУрт