Дариганга сумын төвөөс зүүн урагш 11 км-т Молцог элсний зүүн хойд захад орших 4 орчим ам.дөр.км талбай бүхий нуур. Салхины нүүдлээр үүссэн молцог элс гэдэг хурмал элсэнд Оргих зэрэг олон булгийн ус боогдсоноос үүссэн нуур, эргээрээ бургасан шугуй, зүлэг намагтай. Уулын хээр, говийн бүсийн завсар орших орон нутгийн өвөрмөц уур амьсгалыг бүрдүүлдэг үзэсгэлэнт энэ нуурын орчмын 329 ам.дөр.км талбай бүхий газрыг 1993 онд УИХ-ын тогтоолоор Дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авчээ.
Энэ нуурын хамгаалалтад авсан нутгийн хил нь: Баруун талдаа “Сүмтийн хар толгой”, түүнээс баруун хойш орших Сүмтийн /нуурын/ баруун урд эргийг дайран Салаа булгийн эхэнд байгаа 1-р шон, түүнээс зүүн хойш орших Шармөнх, Шармөнхөөс баруун тийш орших 2-р шон 1286,6, 1335,4 тоотууд 1530,2 м өндөр Гангын цагаан овоо, Гангын цагаан овооноос зүүн урагш орших 1423,7 метр өндөр Бадрах уул, Бадрахаас урагш орших 1395,5 м өндөр толгой, түүнээс баруун урагш орших 1358,4 м өндөр толгой, Их бургасны худаг /1328,0/ худгаас баруун урагш орших 1370,4 м өндөр толгой гээд Сүмтийн Хар толгойд хүрнэ.