Газрын тосны хэрэг эрхлэх газар, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулсан “Газрын тостой холбогдсон үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хэтийн төлөв” сэдэвт уулзалт ярилцлага Баруун-Урт хотод боллоо.
Уулзалт ярилцлагад тус аймгийн удирдлага, агентлаг албадын дарга, холбогдох сумдын засаг дарга нар оролцсон байна.
Энэхүү уулзалт ярилцлагын талаар Газрын тосны газрын дэд дарга Ц.Амраагаас тодруулахад: “Манай газраас жил болгон Монгол Улсын Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжийн нутаг дэвсгэрт хамаарч байгаа тухайн орон нутгийн удирдлагуудтай ийм уулзалтыг зохион байгуулдаг юм. Энэ удаа бид Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар тус аймгийн нутаг дэвсгэр дээр бүтээгдэхүүн хуваах гэрээ хэрэгжүүлж байгаа “Петро Матад”, “Авто экспо” гэсэн хоёр компани байна. Энэ компаниудын үйл ажиллагааны танилцуулга, газрын тосны өнөөгийн байдал хэтийн төлвийн талаар аймаг орон нутгийн удирдлагуудад ойлголт өгөх , цаашдаа ер нь бид нар хэрхэн хамтарч ажиллаж ямар, ямар үйл ажиллагааг явуулах, ямар технологи ашиглах вэ? гээд нарийн ширийн зүйлүүдийг ярилцлаа. Мөн байгаль орчны нөхөн сэргээлтийг хэр хийж байна, ард иргэдтэй хамтарч ажиллаж чадаж байна уу?, орон нутгийг нь хэрхэн яаж дэмжих вэ? гээд бүхий л цогц асуудлыг харилцан ярилцаж ойлголцсоноор маш үр дүнтэй уулзалт боллоо” гэв.
Монгол улс газрын тос олборлогч орон болж, зүүн бүс нутагт “Петро Дайчи Чайна”, “Матад” зэрэг 19 компани Дорнод аймгийн Матад, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорноговь аймгийн Зүүнбаянд бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа ажээ. Улсын хэмжээнд 26 компани газрын тосны олборлолт боловсруулах үйл ажиллагааны зөвшөөрөлтөй байдгаас өнөөдрийн байдлаар 18 нь бүтээгдэхүүн хуваах гэрээтэй ажилладаг байна.
Газрын тосны хайгуулын ажил нь маш их зардал шаарддаг, эдийн засгийн хувьд нэлээд эрсдэл дагуулж байдаг ч манай улсад жилдээ 1.2 тэрбум долларын хөрөнгө оруулалт газрын тосноос орж ирдэг байна.
Монгол улсад 180 сая баррель баталгаат нөөцийн 20.4 сая тонн нь ашиглалтын нөөц байгааг өнгөрсөн жил Газрын тосны газраас явуулсан судалгаагаар тогтоожээ. Манай улс жилдээ нэг сая тонн газрын тос ашигладаг ч өдрөөс өдөрт газрын тосны илэрц нэмэгдэж байгаа нь газрын тос олборлогч орон нэгэнтээ болсон гэдгийг баталж байна. Тиймээс зүүн бүс тэр дундаа Дорнод аймагт тун удахгүй газрын тосны томоохон үйлдвэр байгуулахаар шийдвэр нь гараад бэлтгэл ажилдаа ороод байна. Эхний ээлжинд 120 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай байхаар тогтоосон нь зүүн бүсийн газрын тосны хэрэглээг хангалттай хангаж чадна гэж Газрын тосны хэрэг эрхлэх газрын дэд дарга Ц.Амраа танилцуулав.
“Дарьганга-24” төслөөр тус аймгийн Мөнххаан, Түмэнцогт сумаас бусад 11 сумын нутаг дэвсгэрт газрын тосны хайгуул хийх юм байна.
Мэдээг нэмсэн: Г.Сүхээ