Баяншарга ТББ, урлаг уран сайханаар дамжуулан нөлөөллийн ажил зохион байгуулжээ.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод МУАЖ Ш.Чимэдцэеэгийн байгуулсан “Алтан-Овоо”-ны авшигт холбоо хамтлаг Баяншарга уулын нэрэмжит хандивын тоглолт хийжээ.Тоглолтыг Баяншарга ТББ тэргүүн Л.Бор санаачлан зохион байгуулжээ. Байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор дуу хөгжим урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулсан нь шинэлэг арга хэлбэр юм. Баруун-Урт хотоос урагш 30 кмд орших Баяншарга уул нь эртний тахилгат түүхэн дурсгалт газар бөгөөд одоо энэ уулын ганжираас 2-11 км-т уул уурхайн хайгуулын 4 тусгай зөвшөөрөл байгаа юм. АМГ,ЭБЭХЯаманд эдгээр зөвшөөрлийг цуцлуулах талаар 2009 оноос эхлэн удаа дараа шаардлага тавьсан ч үл ойшоож хуулийн дагуу олгосон цуцлах үндэслэлгүй гэсээр байгаа ажээ.
Мөн Баяншарга уулын дэргэд Баруун-Урт хотын иргэдийн ундааны усны эх үүсвэр байдаг. Гэтэл энд олон уурхай нээгдэх юм бол нутгийн иргэдийн ундааны ус бохирдох, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөх аюултай юм.
Энэ бүхэнд олон нийтийн анхаарлыг хандуулах нөлөөллийн ажлыг урлаг уран сайханаар дамжуулан хүргэсэн нь үр дүнтэй боллоо.
Энэ арга хэмжээг Аймгийн орлогч дарга Д.Хосбаяр, БаруунУрт хотын дарга М.Төмөрчулуун, Цагдаагийн дэд дарга Н.Лхагвасайхан, Дөрвөлж компани захирал Ц.Алтансүх, Эрчим хүч компани захирал Д.Гансүх, Талын гал компани захирал С.Ганзориг нарын хүмүүс ивээн тэтгэж тусалжээ.
Баяншарга ТББ-ын Аймаг дахь салбарыг залуучуудаар шинэчилж Аймгийн БОАЖАлбаны ахлах түшмэл Н.Мөнхбаатарыг даргаар сонгож,ажлын албаны даргаар Ц.Батзаяаг, удирдах зөвлөлийн гишүүдээр Ц.Адяабаатар,Н.Лхагвасүрэн,Б.Баярцогт, Н.Гантөмөр нарын 11 хүнийг сонгожээ.
МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУСТА Ч.Мөнхжаргал нарын дуулсан “Наран мандах зүг нутаг минь байгаа”, Баяншарга уулыг магтан дуулсан “Бурханы бүрэлбаатай уул” зэрэг дуунууд нутгийн иргэдийн сэтгэлийн утсыг хөндөж, настан буурлууд нь мэлмэрч,залуус нь самсаа шархиран байжээ.
Баруун-Урт хот 2011.06.12