Монголын Мянганы Сорилтын сангаас /ММСС/ “Архи тамхи шинэ үеийн сонголт биш” компанит ажлын нээлтээ орон нутагт эх орны зүүн өмнөд хязгаар нутаг Сүхбаатар аймгаас эхэлжээ.
АНУ-ын Мянганы Сорилтын корпорациас хөгжиж буй болон буурай орнуудад эдийн засагт нь дэмжлэг үзүүлэх, ядуурлыг бууруулах зорилгоор маш олон төсөл хөтөлбөрийг тухайн улс орны хамгийн тулгамдаж байгаа салбаруудад хэрэгжүүлж, тодорхой чиглэл бодлогоор хөрөнгө оруулалтыг хийдэг байна. Манай улсад 280.0 сая ам. долларын хөрөнгө оруулалтыг эрүүл мэнд, авто зам, агаарын бохирдол, боловсрол гэсэн дөрвөн чиглэлээр тухайн салбарын хөгжлийг хурдасгах зорилгоор хийхээр төлөвлөжээ. Тиймээс ММСС-ийн Эрүүл мэндийн төслийн хүрээнд “Архи тамхи шинэ үеийн сонголт биш” нэртэйгээр хийх хоёр дахь шатны компанит ажлыг гурван сарын хугацаатайгаар явуулах байна.
“Архи, тамхи бол эрүүл, боловсролтой, ирээдүй болон гэр бүл, үр хүүхэд, нийгэмдээ санаа зовнидог хүмүүсийн хамгийн түрүүнд таягдан хаях зуршил мөн” гэдгийг АНУ-ын Мянганы Сорилтын корпорацийн суурин төлөөлөгч Роберт Рейд онцлоод үүний эсрэг тэмцэх тэргүүн фронтод эгнээгээ нэгтгэсэн Сүхбаатар аймгийнханд талархаж байгаагаа илэрхийллээ.
Архи тамхины хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт сурталчилгааны хоёр дахь кампанит ажлыг аймгийн Засаг дарга Ж.Батсуурь нээж хэлэхдээ ”Өсвөр залуу ирээдүй үеийнхэн маань сонголтоо зөв хийж архи тамхины хор уршгийг ойлгох хэрэгтэй. Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг шүү дээ. Саруул ухаантай залуусаас Сүхбаатар аймаг, Монгол улсын ирээдүй шалтгаалах учраас хэв маягаа өөрчилж амьдралын эрүүл, зөв хэвшлийг өөртөө олгох хэрэгтэй юм” гэж онцлоод энэ чухал ажлыг манай аймгаас эхэлж байгаад нь баярласнаа илэрхийлэв. .
Ер нь ММСС-ийн гаргасан судалгаагаар өсвөр залуу үеийнхэн маань архи тамхинд хэн нэгэнд уруу татагдах, аль эсвэл шохоорхох, дэгжирхэх хэв маягаар донтох байдал газар авч тэр дундаа ирээдүйн эхчүүд залуу охидууд ихээр татагдах болсон нь мэргэжилтнүүдийн санааг зовоож байна. Иймд архи тамхинаас урьдчилан сэргийлэх, хор холбогдлыг нь ухуулан таниулах, мэдээлэл сургалт сурталчилгааг түлхүү хийх нь нэгэнт хэрэглээд эхэлчихсэн хойно нь боль гэхээс илүү үр дүнд хүрэх учраас Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дунд архи, тамхи бол ирээдүйн шилдэг залуус, чадвартай авьяастай боловсон хүчний сонголт бишээ гэдгийг түлхүү сурталчилж байгаа юм гэж Эрүүл мэндийн төслийн мэргэжилтнүүд ярьж байлаа.
Эрдэмтэдийн судалгаагаар тамхинд 4000 гаруй хорт бодис байдгаас 43 нь хүний биед хорт хавдарыг маш түргэн хугацаанд үүсгэгч хүчин зүйл болдог байна. Дэлхий дээр тамхи татдаг насанд хүрсэн хүмүүсийн 12 хувь нь тамхины улмаас нас барж байна. Харин архинд донтогч хүмүүс улсын хэмжээнд 2006 онд 13.6 хувийг эзэлж байсан бол 2010 онд 25 хувь болтлоо өсчээ. Олон улсад жилд нэг хүнд ноогдох архи 8-9 литр хүрэхэд үндэсний хэмжээнд аюул учирлаа гэж үздэг бол манайд нэг хүнд 23 литр ноогдож байгаа нь гамшгийн хэмжээнд нэгэнтээ хүрчихээд аюулын харанга хаалга тогшоод зогсож байнаа гэдгийг ч тэд онцолж байв.
Кампанит ажлыг хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газраас 14 заалт бүхий ажлын төлөвлөгөө гаргаж хүүхэд залуусын дунд олон хэлбэрийн ажил зохион байгуулах юм байна.
Prev
Алтан Овооны их тахилгыг 2013 онд хийхээр санал гаргажээ09 December 2011Next
Сүхбаатар аймгийн ажлыг “Хангалттай сайн” гэж үнэлжээ09 December 2011

