Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг Дулаан-Уул хэмээх газар дэлхийд бүртгэгдэх цаг ирлээ. Алт, зэс, нүүрс зэрэг эрдэс баялгаараа уул уурхайн ертөнцийг донсолгосон Монгол тун удахгүй уран олборлогч, экспортлогч орон болох нь. Уран гэх хэзээ ч мөхөшгүй “чөтгөрийн гал”-ын эх үндэс болдог ад зэтгэрийн гэмээр, асар үнэтэй баялгийг байгаль эх Монголын хөрсөнд харамгүй заяажээ. Олон улсын атомын энергийн агентлагийнхан манай газар доорх ураны нөөцийг 150 сая тонн гэж тооцоолжээ.
Үүнийг олборлож чадвал Монгол Улс ураны нийлүүлэлтээр дэлхийд эхний гуравт орох ирээдүйтэйг тэд онцолж байна.Олон улсын атомын энергийн агентлаг, Эдийн засгийн хамтын ажиллагаа, Цөмийн энергийн агентлагаас гаргадаг 2009 оны “Улаан ном”-ын мэдээллээр манай улс ураны нөөцөөр дэлхийд эхний 16-д, Азид зургаад жагсав. Тиймдээ ч дэлхийн ураны 80 гаруй хувийг атгадаг найман акулын тав нь Монголд хайгуул хийж, эхнээсээ олборлолтод шилжих гэж буй нь Монголын уран дэлхийн сонирхлын төвд орсны баталгаа болов. Олон улсын уул уурхайн салбарт нэр хүндтэй Канадын “Cameco“,цөмийн технологийн тэргүүлэгч Францы “Арева”, БНХАУ-ын Цөмийн энергийн агентлаг буюу CNNC, АНУ- ын хөрөнгө оруулалттай, АНУ-Орос- Монголын хамтарсан “Denison Mines“ буюу “Гурвансайхан“ зэрэг гадаадын хөрөнгө оруулалттай 16 компани Дорнодын Гурванбулаг, Дорноговийн Дулаан уул, Дундговийн Хараат, Хайрхан зэрэг газруудад сүүлийн 10 гаруй жил хайгуул хийж, нөөцийн үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлжээ.
Ураны хайгуул Монгол орны нийт нутгийн 70 хувь хамарсан гэж үздэг бөгөөд хойд ба баруун хэсэг дэх 1500 км урт, 450 км өргөн талбайг хамарч, нийт есөн орд, 100 орчим илрэл, 1000 гаруй эрдэсжсэн цэгийг олж тогтоожээ. Эрдэмтэд дээрх есөн ордод 74 орчим мянган тонн баталгаажих нөөц, 1.4 гаруй сая тонн хүдрийн нөөцийг Монгол Улсын Эрдэс баялгийн санд бүртгэн авчээ. Үүнээс таван ордын 70 орчим мянган тонныг үйлдвэрлэлийн нөөцөд тооцож, эдийн засгийн ашигтай гэж үзжээ. Цөмийн энергийн газраас өгсөн мэдээллээр хайгуулын 107, ашиглалтын хоёр лицензийг дээрх компаниуд эзэмшиж байна. Тэдний хоёр нь уран олборлох, ашиглалтад бэлтгэхээр Техник эдийн засгийн үндэслэлээ хүргүүлжээ. Энэ бол Монгол дахь ураны талаарх ерөнхий мэдээлэл. Харин одоо ураны олборлолт, үйлдвэрлэл, экспортыг зах зээлийн зарчмын дагуу Монголд анх удаа эхлүүлэх гэж буйтай холбоотой мэдээллийг хүргье.
“АРЕВА” боловсруулах үйлдвэр байгуулах зөвшөөрлөө аваагүй байна
Францийн “Арева” групп Монголд охин компаниудаараа дамжуулан үйл ажиллагаа явуулдаг. “Арева Монгол”, “Кожеговь” гэх охидууд нь Монголд 20 гаруй тусгай зөвшөөрлийг эзэмшдэг гэсэн мэдээлэл байна. Тэд өнгөрсөн оны 12 дугаар сараас Дорноговийн Дулаан- Уулын ордод ураны туршилтын олборлолт хийсэн бөгөөд энэ оны зургадугаар сард туршилтын хугацаа нь дуусчээ.
“Арева монгол” компанийнхны хэлснээр тэд энэ хугацаанд гурав орчим тонн хүдэр олборложээ. Сүүлийн үед тус компанийг уран боловсруулах үйлдвэр байгуулна гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллээр гарч буй. Гэвч Цөмийн энергийн газарт дараагийн үйл ажиллагаанд шилжих талаар албан ёсоор хандаагүй бөгөөд үйлдвэрийн болон ашиглалтын ТЭЗҮ-ээ Цөмийн энергийн газарт танилцуулаагүй байна.
Тиймээс “Арева” Монголд ураны үйлдвэр байгуулах эсэхийг албан ёсоор зөвшөөрөөгүй гэсэн үг. Ямар ч байсан Аревагийнхан эхний ээлжинд туршилтын vйлдвэр барих төлөвлөгөөтөй байгаа юм байна. Үүнд 2-3 жил зарцуулах бөгөөд тодорхой судалгаа шинжилгээ хийсний vндсэн дээр жинхэнэ том vйлдвэрээ барих бөгөөд мэргэжилтнvvдийн хэлсээр 2017 оноос олборлосон ураны хvдрээ боловсруулж, шар нунтаг гаргаж авах урьдчилсан төлөв байна. Өмнө нь Дорнодын Мардайд уран олборлож байсан оросууд “Эрдэс” үйлдвэрийг 1982 онд байгуулж байсан. Энэ үйлдвэр нь 1989 оноос ил болон далд аргаар жилд жилд хоёр сая тонн хүдэр олборлож, хүдрээ баяжуулалгүйгээр төмөр замаар тээвэрлэн Чита мужийн Краснокаменск хотын уул уурхай, химийн үйлдвэрт боловсруулдаг байжээ. 1995 оноос дэлхийн зах зээлд ураны хэрэгцээ багасч, үнэ буурснаас “Эрдэс” үйлдвэр хаасан юм байна.
Харин одоо Дорноговийн Дулаан Уулд ураны үйлдвэр байгуулсан тохиолдолд боловсруулсан ураны ислийг “Арева” группийн Франц, Казахстанд байдаг үйлдвэрт хүргэн баяжуулах бололтой. “Арева”-гийн хувьд жилд 2000-2500 тонн уран олборлон үйлдвэрлэдэг болох байх гэсэн таамаг байна. Одоогийн байдлаар “Арева Монгол” компани “газар дор уусган олборлох арга техникийг ашиглан ураныг гаргаж авах туршилтийг хийжээ. Энэ нь байгаль орчинд хор нөлөөгүй гэх бөгөөд хоёр цооногоор хүхрийн хүчлийн уусмалыг газрын гүнд оруулаад, уг уусмал нь зохих газартаа хүрмэгц ойр хавийн ураныг цуглуулан бас нэг цооногоороо соруулж авах замаар уран олборложээ.
Тиймээс тэр газарт нь мал бэлчдэгээрээ бэлчиж, хүн, малд ямар нэгэн хор нөлөө үзүүлдэггүй юм гэнэ. Ямар ч байсан Францчууд Монголын ураны хамгийн том нөөц болох Дорнодын ураны ордод Канадын Ханресурс, Оросын РосАтом хоёрыг маргалдаж байх хооронд чимээ аниргүй, сүр дуулиангүйгээр уран олборлоод эхэлжээ. Харин дэлхийд алдартай технологитой хэмээн гайхуулдаг “Арева” –гийнхан Монголын байгаль орчинд үнэхээр хор хохиролгүй техник технологи ашиглаж, үйлдвэрлэл явуулна гэдэгт баталгаа хэн өгөх вэ. Хэдэн жилийн өмнө тус группийн үйл ажиллагаатай холбоотой ноцтой асуудал олон улсын хэвлэлээр багагүй дуулиан тарьж байсан. 2009 онд Францын телевизийн 3-р сувгийн сурвалжлагчид “Арева” групп цөмийн хаягдлаа хаа сайгүй булсныг илрүүлж байсныг сануулахад илүүдэхгүй. Тэд Францын нутаг дэвсгэр дээр буюу өөрсдийн эх орондоо нийт 25 цэгт буюу хавцал, газрын дор хаягдсан хонгил, тал хээр газар, нуурын ус зэрэгт цөмийн хаягдлыг зүгээр л аваачаад асгачихсан байсныг телевизээрээ харуулж байсан билээ. Тэгэхээр Монголд дэлхийд үнэлэгдсэн шигээ хариуцлагатай уул уурхай явуулж байгаад итгэх л үлдэх үү.
Монголын төр “Арева”-гийн хувьцаанаас хувь эзэмших ёстой
Цөмийн энергийн тухай хуулийн 5.3-т.” Улсын төсвийн хөрөнгийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн орд газарт цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьцааны 34-өөс доошгүй хувийг төр үнэ төлбөргүй, шууд эзэмшинэ” гэсэн заалт бий. Энэ дагуу “Арева” Дорноговийн Дулаан-Уулын ураны ордыг албан ёсоор ашиглаж эхэлсэн тохиолдолд Монголын төртэй буюу “Монатом” компанитай эхний ээлжинд хувь эзэмшлийн хэмжээг тохирч, хамтарсан компани байгуулах ёстой. Харин энэ тохиолдолд Монголын төр “Арева”-д ямар ч үнэ төлбөр төлөлгүйгээр, Оюутолгойнх шиг зээл, мээл авалгүйгээр, шууд хувь эзэмших эрхийг дээрх хуулиар олгосон.
Магадгүй энэ тухай яриа хэлэлцээр хийгдэж эхэлсэн тохиолдолд уран Монголын төдийгүй дэлхийн хэмжээний стратегийн бүтээгдэхүүн хоёрдугаарт, анх удаа олон улсын хэмжээнд боловсруулсан уран экспортлох үүдээ нээж буй зэргээрээ Тавантолгой, Оюутолгойгоос илүү олон нийтийн анхааралыг татах нь мэдээж. Харин тэр үед Францын тал ямар байр суурь баримтлахыг одоо таашгүй. Магадгүй хоёр орны Засгийн газрын хэмжээнд ураны салбарт хамтран ажиллахаар тохиролцсон яриа хэлэлцээрүүд нь энэ үед хэргээ бүтээх байх.
Гэхдээ үүнд дипломат тохиролцооноос илүү эх, орны ард түмний эрх ашгийг дээдлэх ёстой. Өмнөх “хоёр толгой”-н гэрээнээс туршлага, ухаан сууж, хал үзэж халуун чулуу долоосон улстөрчид өнгөрсөн хугацаан дахь алдаа онооноос суралцаж, улам няхуур хариуцлагатай хандана гэдэгт итгэж байна. Гэхдээ ямар ч байсан Оюутолгойн гэрээ шиг хэдэн жил сунжирч, маргаан үүсгэхгүй гэсэн итгэл салбарынханд байна. Учир нь 2009 онд батлагдсан Цөмийн энергийн хуулийн дагуу “Арева” компанид ураны хайгуул хийх зөвшөөрлийг шинэчлэн олгосон. Энэ нь Францын тал болон “Арева” группийг Монголын хуулийн дээрх заалтыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж болно. Тиймээс “Арева”, “Монатом” хоёрын түншлэл амжилттай болох байх аа.
Д.ОЮУН-ЭРДЭНЭ / Өнөөдөр сонины тоймч/