Дарьганга сумын нутагт орших Монгол улсын их тахилгат дөрвөн уулын нэг. 1353 м өндөр унтарсан галт уул. Тахилга шүтлэгтэй энэ уулыг УИХ-ын 2004 оны 22-р тогтоолоор Дурсгалт газрын зэрэглэлээр улсын тусгай хамгаалалтад авсан байна.
Сүрэгчин хошуу байгуулагдсаны дараа тус нутгийн тахилгат овоог бий болгох асуудлаар нутгийнхны дунд маргаан зарга, тэмцэл үүсэж эцэст нь Манжийн эзэн хааны зарлигаар “Захын хар өндөр” гэгдэж байсан Дарь овоог жил бүрийн хаврын эхэн сар ба зун 2 удаа тахидаг болсон.
Дарь овоо ийнхүү тус нутгийн байнгын тахилгатай болон, “Алтан овоо” хэмээн алдаршиж өөрийн хөрөг магтаалтай болж сүсэгтэн олны ой тойнд гүнзгий шингэж, аман зохиолд хүндтэй байр эзлэх болсон ажээ.