Ажил хэрэгч япончууд, амьдын диваажин байгуулжээ
- 1. Бурханы тухай бидний төсөөлөл
Диваажин байдаг тухай бурханы ном сургаалаас бишгүй л их сонсжээ.
Тэнгэрийн элч хэмээн өөрсдийгөө нэрлэдэг яруу найрагч, зохиолчид ч “ Диваажин” хэмээх газар Гандирсын хот сүндэрлэн байгаа тухай ч сүржин сүржин бичсэн л байдаг.
Чухам тэр “Диваажинг” үзчихээд буцаж ирсэн бодит хүн байдаг тухай сонсоогүй ч, бурхан болсон хүний сүнс эргэн төрдөг тухай бүгд л мэддэг итгэдэг.
Эрээнтэй бараантай энэ хорвоогийн элдэв нугачаанд хөл алдаж өвчин зовлон шаналгаанд ороод үхэлээ хүлээхийн цагт баян хоосны ялгаа даанч хэрэггүй.
Амьд буй цагтаа хураасан их хөрөнгө мөнгө үхлийг яагаад ч зогсоож чадахгүйг мэдэхээр, заавал нэг далдын хүч “бурхан тэнгэр” намайг аварна гэж ямарч сүсэг бишрэлгүй хүн ч сүүлчийн горидлогоо тавьдаг нь үнэн.
Харин ихэнх хүмүүс жаргалтай сайхан цагтаа нүгэл, буян бурханы тухай юу ч бодохгүй зөвхөн авах идэх бусдаас илүү болохын төлөө л амьдралын зорилго нь юм шиг явдаг.
Харин өөрт нь зовлон ирэхийн цагт аврал эрж юу рүү ч хамаагүй гүйгээд байдгийн учрыг хэлж өгөх сургааль номлол байдаг ч бид түүнийг олж хардаггүй төөрөлдсөөр байдаг ажээ.
Харин энэ зуунд жирийн хүн бурхантайгаа хамт зэрэгцэн амьдарч, амьддаа хүмүүс өөрсдөө “Диваажин” байгуулчихаад амьдарч байгааг нүдээрээ үзсэн маань амьд явсан хүн алтан аяганаас ус ууна гэгч болов.
2.Аян замын зураглал
Бидний хэдэн хүн Л.Оюунчимэг, Эрдэнэчимэг, Ш.Энхтунгалаг, Д.Дэнсмаа нар санамсаргүй хувьд тохиолдлоор баг бүрэлдэж, олон улсын семинарт явсан юм.
Энэхүү семинарт ороцох завшааныг миний охин Г.Ичинхорлоо зохион байгуулж, тэр Лондонгоос ирж, хөтөч орчуулагч хийж өглөө.Токио хотын “Нарита” хотын нисэх онгоцны буудлаас Лондонгоос семинарт оролцохоор ирсэн Томоко охин тосож авлаа.
Токиогоос семинар зохион байгуулах Точики мужийн Насу хотод хурдан галт тэрэг болон автобусаар дамжин нилээд олон цаг явахад, замын дагуу дандаа хот тосгон дайралдаж, манайх шиг эзгүй газар байсангүй. Битүү ой модтой, Сакура ид цэцэглэсэн гайхамшигтай сайхан цаг агаартай юм. Тосгоны айлууд ихэвчлэн жижигхэн 2 давхар байшинтай, гадаа нь хэсэгхэн дөрвөлжин газарт нялайсан устай байсан нь цагаан будааных нь талбай гэнэ.
Япончууд хүнснийхээ бүтээгдэхүүнийг өөрсдөө үйлдвэрлэж, эрүүл хоол хүнс хэрэглэж байдгаас урт насалдаг.
Дэлхийн янз бүрийн ард түмэн өөр өөрийн гэсэн ёс заншлаа уламжлан авч үлдэж хөгжүүлсэн байдаг ч япон бол энэ талаараа гайхалтай орон.
Айлуудын болон гудамжны дээгүүр татсан хэцээр дүүрэн янз бүрийн өнгө алагласан загасны дүрсүүд салхины аясаар намиран хийсэж байсан нь “ эрэгтэй хүүхдийн” бэлэг тэмдэг баяр ёслол гэнэ. \Энэ талаар Японы тухай тэмдэглэл тусдаа бичсэн\
- 3. Ажил хэрэгч Япончууд, амьдын диваажин байгуулжээ.
Бид Японы Насу Шожа гэдэг “ Байгалын үзэсгэлэнт цогцолбор газарт” очлоо.
Энэ нь ажил хэрэгч япончуудын гараар бүтээгдсэн амьдын “ Диваажин” байлаа.
Наси Шожа сүмийн цогцолбор газар нь нилээд өндөрлөгт битүү модтой, сакурагийн цэцэрлэг найгасан, усан санд нь өнгийн загас хөвсөн нам тайван амар амгалан, архи тамихгүй, хүмүүс нь аядуу зөөлөн дуугарч ярьдаг, үргэлж бие биерүүгээ харж мэхийн ёсолж инээмсэглэсэн муу муухай үг хэлдэггүй тийм л орчин байлаа.
“Диваажинд” амьдарч байгаа хүмүүст зориулж бүх хэрэгцээт зүйлийг бий болгожээ.
Энд хүмүүсийн ахуйн хэрэгцээний ойр зуурын бүх зүйлийг жижиг гэлтгүй бүгдийг үс боодог резен, хамар чих, цэвэрлэх, усанд орохдоо чихээ бөглөх резен гэх мэтээс эхлээд маш нарийн бодож бэлтгэж тавьсан үгүй дутуу зүйл гэж ер алгаа.
Усанд ордог газар нь ч маш тансаг сайхан, “00”-ын өрөөний суултуур нь, хүн суухад л халдаг бүлээхэн дулаахан “морь хараад” элдвийн зүйл эрэгцүүлж бодоод тавтай суугаад л баймаар.”00”-ын өрөө болгон тавчиктай, бид сураагүй болохоор өнөөх тавчикийг нь өмсөөд хурлын заал, хоолны зааланд явж байсан инээдтэй ичгэвтэр хэрэг байлаа.
Эндээс бэлэг дурсгалын зүйл худалдаж авч болдог, хэрэгцээт бүх зүйлээ авч болдог, бүх зүйлсийн үнэ хөлсийг нь бичээд тавьчихсан боловч худалдагч байхгүй. Өөрөө итгэл үнэмшлээр мөнгийг хандивын уут буюу хайрцагт хийдэг.
“Диваажинд” амьдарч байгаа хүмүүс худалч,хулгайч, шунахай, шударга бус байж болохгүй дээрээс нь бурхан харж байгаа.
Өө хэн ч харахгүй юм чинь? гээд үнэгүй зүйлд нугасгүй гэгчээр хандиваа хийхгүй авбал, за даа миний сэтгэл булингартаж, үүнийг засах хэрэгтэй гэж л бодогдож байвал, сэтгэлд чинь гэгээ орж ирж байгаа гэж бодоорой.
Хүн ингэж өөрийнхөө сэтгэлээ шалгадаг юм байна.
Энд орчин тойрон, амьдрах өрөө тасалгаа, зэрэг нь бөртийх ч хог хаягдал тоос шороогүй байхаар зохион байгуулжээ. Харин үүнийг үйлчлэгч ажилчид нь биш тэнд амьдарч байгаа хүмүүс нь өөрсдөө бий болгодог ажээ. Цэвэр тохилог сайхан орчинд, тэгээд дотоод сэтгэл нь ч цэвэр сайхан байхад, дандаа эерэг сайн сайхан энерги ирдэг гэнэ. Хоолоо идчихээд аяга шаазангаа угаах нь ч “аз жаргал” юм байна.Нээрээ энд ирсэн эрэгтэй хүмүүс ч инээгээд л аяга тавгаа угаагаад байсан. Ялангуяа азийн орнуудаас ирсэн аяга угааж үзээгүй болов уу гэмээр баян ихэмсэг эрхэмүүд ч , лам хувраг хүмүүс ч инээгээд л ууж идсэн аяга тавгаа угаагаад байсан.
Ямарч насны хүний дотоод сэтгэл гэдэг угаасаа хүүхэд шиг бурханлаг ариухан сайхан байдаг гэнэ. Бидний амьдарч буй бодит ертөнцийн хир буртагт дарагдсан тэр бурханлаг чанар нь нээгдэж сэргэж байгаа юм гэнэ. Эмэгтэй бид ч яах бэ? Аяга таваг угаах нь үүрэг гэж бодож байснааас биш “ аз жаргал” гэж мэдэрч байсангүй.
Байгаа орчноо ингэж цэвэрлэж байгаа нь “Диваажин”-д зэрэг зиндаа, боол зарц гэж байхгүй гэдгийг бас харуулж байгаа юм гэнэ.
Эндэхийн хоол хүнс нь хүний биед шингэц сайтай, эрүүл сайхан, жимс ногоо ч байна, мах шөл ч байсан. Ямар хоол идэхээ өөрсдөө сонгож авдаг юм байна. Заавал цагаан хоол ид гэхгүй.
4.Бурхан багшийн сургаалыг хүмүүст хүргэж буй нь.
Орчин үеийн техник шинжлэх ухаан хөгжсөн, материаллаг хэрэгцээ хангамж өндөр нийгэмд амьдарч байгаа хүмүүст зориулсан, тэдний оюун санааг яаж гэгээрүүлэх бэ? Гэдгийг ч их сэтгэл зүйн судалгааны үндсэн дээр суурилан, хүний амьдралд маш ойрхоноор лекцээ явуулдаг юм байна.
Энд бурханы элдвийн зураг хөрөг ч байсангүй, багш нь ч сонсогч хүмүүс нь ч өөрсдөө бурхан юм байна. Хүний дотоод сэтгэл, оюун ухаан нь тэр хүний амьдралын илэрхийлэл гэнэ.
Энэ сургаалын гол утга санаа агуулга нь хүн энэ дэлхийд хаанаас ирж төрдөг юм бэ?Амьдрах утга учир нь юу бэ? Аз жаргалыг яаж бий болгох бэ? Яагаад элдэв зовлон бэрхшээл ирдэг юм бэ? Тэр үеийг яаж туулах ёстой бэ?
Бид хаанаас ирээд хаашаа явдаг юм бэ? Бид ердөө л энэ насны амьдралаар дуусах уу? Үхэл гэж юу болох тухай.Үхэлийн дараа амьдрал үргэлжилдэг гэж үнэн үү?
Сүнс, там гэж юу болох тухай, бидний эргэн тойронд оюун ухаан сүнс байдаг тухай. Адилхан орчинд амьдарч байгаа атлаа зарим нь бүх зүйл нь аз жаргалтай байхад, нөгөө нь яагаад өвдөж зовоод бүтэлгүйдээд байдаг юм бэ? Үнэн гэж юу юм бэ? гэх мэт..
Бидний өдөр тутмын ажил амьдралд тохиолдоод байдаг асуудлуудын учир шалтгааныг ойлгуулж, түүнийг яаж давж туулах гарцыг зааж өгдөг нь маш их таалагдлаа.
Ямарч сургуульд заадаггүй, өмнө нь сонсож байгаагүй энэ сургаал нь энэ хорвоогийн түмэн нугачаат амьдралд төөрч будлихгүй өөрийгөө зөв залж явах зам мөрийг зааж өгдөг ажээ.
Ямарч шашинтай, ямарч үндэстэн ястан, ямарч мэргэжил боловсролтой хүнд энэ сургаал харшлахгүй, ямар нэг тийм ийм байх ёстой гэсэн цензур туйлшрал байхгүй гэнэ.
Энэ дэлхийн хүмүүс бүгд л адилхан нэг гарал үсэлтэй, нэг том модны салаа, мөчир, хар,шар,цагаан арьстай ч адилханн зовлон жаргалтай учир бие биенээ хүндэтгэн хайрлаж тусалж дэмжин амьдрах учиртайг заадаг байна.
5.Семинарын тухай.
Семинарт 20-иад орны янз бүрийн ажил мэргэжлийн хүмүүс, үүнд эрдэмтэн доктор хүмүүс ч байсан.Ихэнх нь сайхан залуучууд байсан.Шриланкийн хамба лам нь хамгийн настай нь байлаа.
Бидний оролцож буй энэ Семинарын нэр нь “ Амьдралдаа тусган хэрэгжүүлэх, Агуу найман зам мөр” гэсэн сэдэвтэй байлаа.
Буддизмын үндсэн сургаалийн нэг болох “Хутагтын найман үнэн зам мөр”гээд манай шашиныхан лам нар ярьдаг ч “Хутагт” гэдэг ч ямар учиртайг бид мэддэггүй.
Ер нь бид мөргөөд сүсэглээд байгаа Буддизмын буюу бурхан багшийнхаа сургаалын утга учрыг огт мэддэггүй юм байна.
Гэтэл энэ семинарт сууснаар “Агуу найман зам мөр” гэдэг нь хүн бүр амьдралдаа мөрдлөгө болгон хэрэгжүүлэх ёстой 8 зөв зарчим юм гэж ойлголоо.
Тухайлбал: Аливаа зүйлд хандахдаа дандаа зөв сайн талаас нь харах, тэгээд зөв бодох, зөв ярих, зөв үйл хийх, зөв амьдрах, зөв хүсэл тэмүүлэлтэй байх, зөв хичээл зүтгэл гаргах, зөв бодрол бясалгалтай амьдрахыг агуу найман зам мөрийн сургаал гэжээ.
Эдгээр найман зөв зам мөрийг тус тусад бодит амьдрал дээрх үйл явдалын жишээн дээр тайлбарлах аж. Юмыг дандаа эерэг сайн талаас нь зөв харж, ярьж шийдэх учиртай гэнэ. Бидний өдөр тутмын амьдралд яльтай яльгүй зүйлээс эхлээд бөөн асуудал хэрүүл маргаан байдаг шүү дээ. Энэ бүхэнд л тухайн хүн яаж хандахыг хэлж сургаж байгаа юм.
Хүн өөрийн оюун санаа, сэтгэлээ л сайжруулж гэгээрүүлснээр, зөв амьдардаг гэсэн сургаал юм байна.
Монголчууд санаа сайн бол заяа сайн гэж ярьдаг нь бурханы сургаалын утга санаа юм байна.
Бид дандаа алдаагаа бусдад тохдог, бусдыг муулдаг, энэ нь бидний өөрийнх нь оюун санаа булингартай байгаагийнх гэнэ. Булингартсан сэтгэл дандаа өөртөө болон бусдад төвөг учруулдаг ажээ.
Бурханаас заяасан хувь тавилангаар ядуу дорой байгаа гээд идэвхгүй амьдарч болохгүй, хүн өөрөө дээрх найман зөв замыг баримтлаад зүтгээд байхад бурхан гараас нь татаж тусалдаг байна. Энэ нь манай “эзэн хичээвэл, заяа хичээнэ” гэдэг сургаалтай адил утгатай ажээ.
Хүн бурханаас заяасан газар нутгаа хайрлан хамгаалж тордож, эх болсон зургаан зүйл, хамаг амьтанд энэрхүй, асрахуй, нигүүлсэнгүй сэтгэлээр хандах нь бурхны сургаалийн гол цөм нь юм байна.
Үүнчлэн хүн бүр өөрийн эх орон, гэр орон, албан газрын орчиноо цэвэр ариун байлгахыг гадаад орчин цэвэр байх гэх аж. Тэгээд оюун санаа сэтгэлээ цэвэрлэж зөв залж амьдрахыг дотоод гэгээрэл гэдэг байна. Ингээд гадаад, дотоод хоёр орчин цэвэр байхад дандаа сайн элч энерги цуглаж, улс орон хөгжиж, айл гэр өвчин зовлонгүй амар амгалан бусдад тустай аз жаргалтай сайхан амьдардаг байна.
Өвчин зовлон тусах гэдэг хүний дээрх хоёр орчин ихээхэн бохирдсонтой холбоотой ажээ.
Оюун санаа сэтгэлээ цэвэрлэж (гэгээрүүлж) чадвал хавдарч эдгэдэг байна. Бид үүнд итгэдэггүй, ийм орчин бүрдүүлж үлгэрлээдд заагаад байдаг газар ч манайд байдаггүй болохоор дандаа л сайн эмч, сайн эм сураад явдаг нь өвчин зовлонгийн орон зайг өөрөө буй болгоод “муу энерги” цуглуулдаг байна.
Энэ дэлхийг нарны гэрэл алагчлан үзэлгүй адилханаар гийгүүлдэг ч хойшоо харсан нүхэнд нарны гэрэл хэзээ ч тусдаггүйтэй адил, тухайн хүний өөрийнх нь оюун ухааны сав, өмнө, одоо, хойд насанд хийсэн үйл, буян заяанаас хамаарч энэ сургаал номыг итгэн үнэмших авшигийг нь авах учиртай ажээ.
Энэ сургаалыг гүнзгий мэдэхийг хүсэж байгаа бол номуудыг уншиж, лекцийг нь сонсож, хурал семинарт нь оролцож өөрөө үзэхэд ойлгогдоно.
6.Хүний аз жаргалын судалгааны хүрээлэн буюу
Мастер Руюхо Окава
Бурхан багшийн сургаалыг орчин үеийн хүмүүст хүргэж буй Японы Мастер Руюко Окава 1956 онд төрсөн.Токиогийн Их сургууль, Нью-Уоркийн Их сургууль төгссөн олон улсын банк санхүүгийн мэргэжилтэй хүн ажээ.1986 онд бурханы авшиг авч, бурхан багшийн сургаалын лекцээ ажлынхаа зэрэгцээгээр уншиж эхэлжээ.
Одоо Мастер Руюхо Окаваг япончууд, манайхан Далай ламтай уулзах гэдэг шиг хүндэтгэн уулзахыг хүсдэг байна.Тэрээр 700 гаруй ном бүтээл туурвиж, тэр нь дэлхийн олон оронд орчуулагдан түгэж, энэ амжилтаараа Гиннесын номонд орсон байна.
Түүний үүсгэн байгуулсан “Хүний аз жаргалын” судалгааны Хүрээлэнг Засгийн газар нь маш их дэмждэг, сүүлийн 20 жил Японы Ерөнхий сайдууд зөвлөлгөө авч байгаа гэнэ.
Семинарыг зохион байгуулж буй “ Хүний аз жаргалын судалгааны” Хүрээлэн гэдэг энэ байгууллага нь Англи, Америк, Герман, Солонгос, Канад, Мексик, Энэтхэг, Гонк-хонг, Австрали, Шинэ Зиланд, Тайланд, Африк зэрэгр 40 гаруй оронд салбартай ажээ.
Соёл иргэншил өндөр хөгжсөн, тансаг хэрэглээтэй энэ зуунд аль ч шашины хүч нөлөө буурч буй энэ үед “ Хүний аз жаргал” гэж юу болох тухай энэ сургаалын судалгаа шинжилгээний Хүрээлэн олон хүний анхаарал татаж байгаа гэнэ.
Зөвхөн Япондоо 10 гаруй сая хүн хамрагджээ.
Бурхан багшийн сургаал дээр үндэслэсэн, орчин үеийн хүмүүст зориулж, хүргэж буй арга менежмент нь шинэлэг сайхан санагдлаа.
Учрыг нь мэдэхгүй мухар сүсэг, хоосон номлол, мөргөл залбирал биш, хүмүүс энэ сургаалыг амьдралдаа мөрдөж хэрэгжүүлснээр, ямар үр дүн гарсан талаар бодит амьдрал дээрх жишээ баримттай холбож тайлбарласан нь үнэмшилтэй санагдлаа.
Тэгээд энэ сургаалыг мөрдөснөөр амьдралд нь ямар өөрчлөлт гарсныг хүмүүс уйлан хайлан ярьж байх юм.
Шашин гэхээсээ илүү хүмүүсийн амьдралдаа дагаж мөрдөх ёс зүйн зарчим юм шиг санагдаж байв.
Манайхан энэ сургаалыг мэддэг ч зүгээр л үлгэр шиг сонсоод л өнгөрдөг бол япончууд үүнийг итгэл үнэмшилтэй мөрдөж амьдрахыг хүүхдэд бүр багаас нь зааж сургаж байна.
“ Насу Шожид” Бурхан багшийн сургаалийг түгээх дээд сургуулийн цогцолбор барьж байна.Баян хүмүүс, иргэд ч их хандив өгдөг байна. Энэ хандивыг жирийн иргэдийн оюун санааг гэгээрүүлэхэд зориулж байгаа нь сайхан юмаа. Хөгжил дэвшил хүнээс, бүр хүний оюун санааны гэгээрлээс хамааралтай гэдгийг япончууд харуулж чаджээ.
Ингээд нийгмээрээ соён гэгээрсэн, том зорилго тавьсан, хүсэл тэмүүлэлтэй, зовлон жаргалыг даадаг,шинийг санаачлагч, хар амиа бус, бусдын аз жаргалын төлөө, нийгмийн сайн сайхны төлөө хувь хүн хариуцлага хүлээж, хүчин зүтгэж ажилладаг ард түмэнтэй орон, дэлхийн тэргүүлэх гүрэн байлгүй яах билээ.
Өчүүхэн газар нутагтай, байгалийн баялаггүй энэ орон, оюун ухаанаа хөгжүүлж, хог новшоо ч ашиглаад хиймэл арал байгуулж газар нутгаа өргөжүүлээд л хөгжөөд л байна.
Ийм хичээнгүй ажилласаг ард түмнийг, газар хөдлөлт, гал усны аюулаас бурхан аврах болтугай.
7. Манай бурхан шашин,төр засгийн бодлого ямар билээ?
Бидний семинарт суугаад заалгаад байгаа эдгээр сургаал нь бурхан багшийн сургаал “ Дарма” л юм байна.
Бурхан багшийн сургаал “Дарма пад”-ыг Барууныхан, хүн төрөлхтөний оюуны хөгжилд хувь нэмрээ оруулсан дэлхийн 100 шилдэг номын жагсаалтанд оруулсан байдаг ажээ.
Харин манай бурхан шашиныхан, сүм хийд лам нар хэзээ ч ингэж бурхан багшийн сургаалын учрыг нь иргэдэд тайлбарлаж ойлгуулж зааж байгаагүй.
Гандан хийдэд очоод ийм,тийм ном уншуул л гэдэг.
Манай буян номын хамгийн том төв Гандан хийдийн маань гадаах орчин ямар билээ…
Бурхан багш Шагжа Муни 2500 жилийн өмнө үүсгэсэн энэ сургаалыг тэр үед амьдарч байсан хүмүүс шиг, 21-р зууны хүмүүст “хирнээсээ салбал буян арилна” гэх мэтээр сургавал хэрэгжүүлэх үү? гэдгээс эхлэн бодож, манай бурханы шашиныхан шинэ менежментээр явуулмаар юмаа.
Бурхан багш: Энэ богинохон амьдралаа бусдад тустай, утга учиртай өнгөрөөх нь өөрөөс чинь хамаарна. Бусдын буюу гадны хүчинд хувь заяагаа даатгах бус, зөвхөн өөрийн оюун санаа, бурханлаг чанараа л хөгжүүлснээр аз жаргалд хүрдэг гэж заасан байна. Энэ амьдралаа яаж өнгөрүүлсэн нь, дараагийн үүрд мөнхийн оюун санааны амьдралын үргэлжлэл болж Диваажинд уу? эсвэл тамд очих уу?гэдгийг шийддэг байна.Тийм учраас энэ амьдралдаа зөв их хариуцлагатай байхыг сургажээ.
Далай ламын нэгэнтээ “Сэтгэлдээ өчүүхэн ч гэгээрэлгүй бол,эрхий хуруугаа цоортол маань мэгзэм уншсан ч, уншуулсан ч нэмэргүй” гэж хэлсний учрыг одоо л ойлгох шиг санагдав.
Гэтэл манай нийгмийн ихэнх нь оюуны хоосрол ядуурлаас болооод айл болгоноос нэгээс хоёр архичин гэмт хэрэгтэн төрж, нийгмээрээ хувиа бодсон зэрлэг бүдүүлэг ёс жудаггүй ард түмэн болж байна. Тэгэхээр хүний оюун санааг засаж сайжруулж гэгээрүүлэх нь шашины ч төрийн ч үүрэг юм байна.
Манай төр засгийн ихэнх удирдах хүмүүс, авах идэхийн дон шунал хүсэлд автаж, хээрийн боохойтой нийлсэн гэрийн нохой шиг, гадаадынхантай нийлж, газар нутгаа хүүлж сэглүүлж, хамаг баялагаа цөлмөн зарж хагартлаа баяжиж, бас хүн бүрд 1.5 сая төгрөг өгнө гэх мэтээр аргацаасан буруу бодлого явуулж байгаа нь тэдний булингартай бодол сэтгэлийн биелэл,үйл ажиллагаа ажээ.
Япон сэтгүүлч Аяокогийн хэлснээр энэ байдлаараа Монгол хөгжинө гэдэг “Нар баруунаасаа навтас нөмрөөд гарна” гэгчтэй адил гэж бичсэн нь гашуун ч үнэн.
Гэвч монголчууд өөрсдөө хүн бүр зөв амьдрахын төлөө зүтгэвэл, цаг нь болж нөхцөл бүрдэхэд муу бүхэн устаж, сайн цаг ирэхэд бурхан туслах бизээ.
2009.04.27 Токио-Улаанбаатар Л.Бор